Хайх

Франц гоо үзэсгэлэнгийн нууц: Дизайнер Изабель Маран арьсаа хэрхэн арчилдаг вэ

Франц гоо үзэсгэлэнгийн нууц: Дизайнер Изабель Маран арьсаа хэрхэн арчилдаг вэ

Алдарт дизайнер нууцаасаа хуваалцаж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Isabel Marant брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Изабель Маран Америкийн Vogue сэтгүүлд франц бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууцаас дэлгэж, өөрийн арьс арчилгаанд ямар дүрэм баримталдгаа хэлжээ. Изабель бол ямар ч насандаа cool харагдаж болохын үлгэр жишээ төдийгүй L'Oreal Paris брэндтэй хамтран косметик бүтээгдэхүүний цуглуулга гаргаж байсан туршлагатай, гоо сайхны талаар багагүй мэдлэгтэй нэгэн юм. Түүний гоо үзэсгэлэн болоод сэтгэл санааны энх амгалан байдлын нууц өдөр тутмын бясалгал, өөрийнхөө дутагдлыг давуу тал болгодог чадвар, мөн хамгийн гол нь зөв хооллолтод оршдог гэнэ.

Франц гоо үзэсгэлэнгийн нууц: Дизайнер Изабель Маран арьсаа хэрхэн арчилдаг вэ (фото 1)

Эрүүл арьсны нууц

"Гоо үзэсгэлэн хүний дотроос цацардаг. Хэрвээ та өөртөө зүй ёсны анхаарал тавьж чаддаг бол косметик будагны шаардлага бараг л гарахгүй. Хацар өнгөлөгч, уруулын будаг байхад л хангалттай. Миний хувьд бүх зүйлийн үндэс суурь хоолонд оршдог гэж боддог. Би шинэхэн ногоогоор салат хийж, луувангийн шүүс уух их дуртай".

Франц бүсгүйчүүдийн онцлог

"Франц бүсгүйчүүд өөрсдийн дутагдлыг давуу тал болгон ашиглаж чаддаг. Төгс төрх хэтэрхий уйтгартай харагддаг" хэмээн Изабель Маран санал бодлоо хуваалцжээ. Тэрээр мөн сүүлийн жилүүдэд мэргэжлийн үсчний үйлчилгээ авахаа больж, үснийхээ үзүүрийг өөрөө тайрдаг болсон гэнэ.

Франц гоо үзэсгэлэнгийн нууц: Дизайнер Изабель Маран арьсаа хэрхэн арчилдаг вэ (фото 2)

Нүүр будалтын дүрэм

"Нүүр будалтад тэнцвэрт байдал их чухал. Би улаан уруулын будаг ба цайвар бор өнгийн нүдний теньд их дуртай. Ялангуяа нүдний тенийг хуруугаараа түрхсэн үед илүү гоёмсог, байгалийн харагддаг".

Өөртөө цаг зав гаргах тухайд

"Би хэзээ ч гоо сайханч дээр очдоггүй, мөн спа салоноор үйлчлүүлдэггүй. Миний биед хүрэхэд дургүйгээс гадна ийм зүйлд цаг заваа үрж чаддаггүй. Гэхдээ бямба гарагуудаар би өөртөө спа өдөрлөг зохион байгуулдаг шүү. Лаванда цэцгийн тостой халуун ваннд хэвтэх хамгаас сайхан. Мөн трэп дуу тавиад арьсаа гуужуулж, маникюр хийх дуртай".

Стрессээр дүүрэн амьдралд Изабель Маран өөртөө цаг гаргаж, юуны ч тухай бодолгүй бясалгал хийхийг чухалчилдаг. Бодлоо хоослон цэгцлэхийн тулд дизайнер усанд сэлдэг байна. Харин хөгшрөлтттөй холбоотой бууралтсан үс, үрчлээс зэрэгт Маран огтхон ач холбогдол өгдөггүй. "Энэ бол амьдрал шүү дээ" гэж тэрээр хэлсэн юм.

цааш үзэх