Хамгийн үзэсгэлэнтэй нь: 2017 оны хуримын үс засалтууд
Сүйт бүсгүйн анхааралд
Энэ онд олон сайхан хосууд хуримаа хийхээр төлөвлөж байна. Хуримын улирал эхэлсэн тул бид удахгүй гэргий болох гэж буй уншигчиддаа зориулан 2017 оны шилдэг үс засалтуудыг онцоллоо. Аливаа сүйт бүсгүй хуримынхаа өдөр хамгийн үзэсгэлэнтэй нь байж, хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн, хайр мэдрүүлсэн мөн хамгийн гол нь удаан хугацаанд хэлбэрээ барих чадвартай гоёмсог үс засалт сонгохыг хүсдэг. Харин ийм төрлийн шилдэг засалтуудыг дэлхийн томоохон дизайнеруудын загварын шоунаас олж харах боломжтой байдаг. Бид хавар-зун 2017 болон намар-өвөл 2017 улирлын загварын шоунууд дээр тодорсон загварлаг шийдлүүдийг түүвэрлэж, та бүхэнд бүтээлч санаа болгон хүргэж байна.
Гөлгөр самнан боосон сонгодог үснээс эхлээд нарийн ажиллагаа орсон романтик маягийн сүлжсэн үс хүртэлх өргөн сонголт танд бий. Гэхдээ ямар ч төрлийн засалт сонгосон бай үсний эрүүл мэнд тань нэн чухал гэдгийг бүү мартаарай. Эрүүл, гялалзсан үс таны хамгийн чухал чимэг байх тул хуримын өдөр ойртохоос өмнө үсээ эмчилж, онцгой анхаарал хандуулаарай.