Хайх

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага

Text: Buro.Mongolia


Зураг:
Зураг:

Гоо сайхны барааны үнэ өсөж, чиг хандлага нь тогтмол өөрчлөгдөж байдаг тул хямдрал хайж хямдарсан бүтээгдэхүүн худалдаж авахад буруу зүйл байхгүй. Гэвч хуурамч бараанууд зах зээлд маш их хэмжээгээр зарагддаг тул хэрэглэгч та худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй билээ. Зарим хуурамч бүтээгдэхүүнүүд эрс мэдэгдэхүйц муу хийц болон хямд үнэтэй байдаг бол зарим нь ялгахад хүнд ба үнэ өндөртэй байдаг. Иймээс зөв сонголт хийхэд тань туслан хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурахад хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

1. Үнийн ялгааг судлах

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага (фото 1)

 

Ихэнх брэндийн бүтээгдэхүүнүүд тогтсон үнэтэй байдаг ба хэрвээ бүтээгдэхүүний үнэ нь итгэмээргүй хямд санагдаж байвал хуурамч бараа байх магадлал асар өндөр билээ. Алдартай брэндүүдийн бараа ямар ч дэлгүүрт байсан ижил эсвэл ойролцоо үнэтэй байдаг учраас худалдан авалт хийхийн өмнө бүтээгдэхүүнийхээ үнийг судалж байгаарай гэж зөвлөх байна.

2. Шошго шалгах

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага (фото 2)

Хуурамч бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн тэгш бус фонт, буруу бичсэн үгс төдийгүй савлагаа нь ч хүртэл өөр байдаг тул брэндийн албан ёсны вебсайтаас жинхэнэ бүтээгдэхүүний зургаас шалгах хэрэгтэй билээ. Хэрэв тухайн бүтээгдэхүүн найрлагын бүрэн жагсаалтыг харуулах зориулалттай хуулж нээгддэг наалттай бол энэ нь жинхэнэ бүтээгдэхүүний шинж юм

3. Савлагааг сайтар шинжих

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага (фото 3)

Хэрэв та өмнө нь тухайн бүтээгдэхүүнийг худалдан авч байсан бол дууссан бүтээгдэхүүнийхээ сав баглааг дэлгүүрт авчран гадна талуудыг харьцуулж шинжээрэй. Хуурамч бүтээгдэхүүн нь чанар муутай хуванцар эсвэл металл хайрцаг савалгаатай байдаг бөгөөд гаднаа жинхэнэ харагдаж байсан ч багс болон спонжыг нь сайтар шалгаж үзэхэд жинхэнэ үгүй нь мэдэгдэнэ. Багсны хэлбэр дүрс, өнгө болон материал ялгаатай байж болох бөгөөд тэдгээрийн ерөнхий чанар нь муу харагдаж байвал мөн л хуурамч бүтээгдэхүүн гэсэн үг юм. Мөн цаашлаад жинхэнэ брэндүүд будагны өнгө нэрийг хайрцаг дээр биш тусгай наалт дээр хэвлэж бүтээгдэхүүний доор наасан байдаг учраас анхаараарай.

4. Туршиж үзэх

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага (фото 4)

Тестер буюу туршилтын бүтээгдэхүүнийг гар дээрээ түрхэж мөн үнэрлэж үзээрэй. Жишээ нь хуурамч нүдний тень амархан бутарч шохой мэт, шингэн бүтэцтэй байдаг бол, жинхэнэ нь илүү тослог мөн баялаг байдаг билээ. Түүнчлэн зарим алдартай бүтээгдэхүүнүүд өөрийн онцлог үнэртэй байдаг ба нэг жишээ нь МАС брэндийн анхилуун ванилийн үнэртэй уруулын будаг юм. Хэрэв химийн найрлагатай мэт хурц үнэртэй байвал зайлсхийх хэрэгтэй.

5. Серийн дугаарыг шалгах

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага (фото 5)

Та ямар нэгэн зүйл худалдаж авахаасаа өмнө бүтээгдэхүүний серийн дугаар нь хайрцаг дээрх тоотой таарч байгаа эсэхийг шалгаарай. Ихэнх тохиолдолд хэрэв бүтээгдэхүүн хуурамч бол серийн дугааргүй байдаг ба бар кодын эхний хоёр, гурван тоо нь баглаа боодол эсвэл бүтээгдэхүүн дээр тамгалсан тоотой зөрдөг билээ. Цаашлаад жинхэнэ бүтээгдэхүүнүүд дээр үргэлж найрлагыг нь дэлгэрэнгүй бичсэн байдаг. Жинхэнэ өндөр чанартай гоо сайхны брэндүүд хэд хэдэн хэлээр найрлагын орчуулгыг нэмсэн байдаг учраас хэрэв сав баглаа боодол нь бүтээгдэхүүний талаар маш бага мэдээлэлтэй байвал хуурамч бүтээгдэхүүн гэсэн үг юм.

6. Худалдан авалт хийх газраа зөв сонгох

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгаж сурах гарын авлага (фото 6)

Мэдээж хэрэг та бүтээгдэхүүнээ брэндийн лицензтэй худалдааны дэлгүүрүүдийн аль нэгээс худалдаж авах нь хамгийн найдвартай алхам юм. Жижиглэнгээр зардаг газрууд сонирхож байгаа бол дээрх дөрвөн шалгуурыг сайтар тооцоолж шинжээрэй. Цаашлаад гадаадаас захиж авчруулах болон онлайн худалдан авалт хийх бол албан ёсны баримт хавсаргаж авахаа мартуузай.

цааш үзэх