Хайх

Ойроос харж, санаа авцгаая: Кутюр шоунуудын гоо сайхны төрхүүд

Ойроос харж, санаа авцгаая: Кутюр шоунуудын гоо сайхны төрхүүд

Christian Dior, Chanel ба Giambattista Valli

Text: Buro.Mongolia


Christian Dior Couture

Мария Грация Кьюрийгийн анхны кутюр загварын шоу үлгэрийн ой модонд зохион байгуулагдсан тул гол дүрийн бүсгүйчүүд ойн дагина болон хувирчээ. Загвар өмсөгчдийн долгиолсон урт үс аварга том цэцгэн хэлхээгээр чимэглэгдэж, бүсгүйчүүд гэнэн цайлган, ид шидийн дүр төрх бүрдүүлсэн байлаа. Ийм төрлийн үсний засалт хийхийн тулд үсээ индүүгээр ороож, дараа нь зөөлөн самнах хэрэгтэй. Ингэснээр үс тань яг л үүл шиг хөвсгөр бас багахан долгионтой болж харагдана.

Брэндийн нүүр будалтын бүтээлч захирал Питер Филипс моделиудын арьсан дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж, байгалиасаа гэрэлтсэн, жигд будалт хийсэн байлаа. Тэр мөн улирлын хамгийн том тренд болох нүдний гялалзсан будалтыг хэрэгжүүлэхээр зорьж, нүдний дотор булан, доод зовхины гол хэсэг ба шанааны дээд хэсгийг од хэлбэртэй гялалзсан наалтаар чимжээ.



Chanel Couture

Карл Лагерфельдын эмэгтэйлэг өнгө аястай кутюр загваруудыг даруухан нүүр будалт ба үс засалт дагалдлаа.

Мэргэжилтнүүд загвар өмсөгчдийн үсийг далий хувааж, их хэмжээний гель ашиглан гөлгөр байдлаар самнан боосон байлаа. Энэхүү төрхийг гэрийн нөхцөлд давтахыг хүсвэл бага зэрэг нойтон үсэн дээр хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн түрхэж, хатаах явцдаа самнаж, хүссэн хэлбэртээ оруулаарай.

Харин моделиудын нүүр будалт загварын шоуны толиор хүрээлэгдсэн орчинтой төгс нийцсэн юм. Нүүр будалтын хамгийн гол элементээр төрөл бүрийн хэмжээтэй гялалзсан саа тодорч, бүсгүйчүүдийн дээд зовхи ба шанаа мөнгөлөг өнгөөр гялалзаж байлаа.



Giambattista Valli Couture

Загварын ордны цуглуулга олон давхар материал ашигласан, нарийн ажиллагаа бүхий оёдол ба хатгамалтай, анхаарал татам загваруудаас бүрдсэн тул мэргэжилтнүүд моделиудыг аль болох энгийн нүүр будалт ба үс засалттай тайзан дээр гаргахыг хүсжээ.

Саармаг өнгийн нүүр будалт, сүүл болгон боосон эмх цэгцтэй үс, зөөлөн ягаан өнгийн уруулын будаг ба хацар өнгөлөгч нь хаврын сэтгэл сэргэм мэдрэмж төрүүлж байлаа. Загвар өмсөгчдийн үсийг сайтар анзаарвал бага зэрэг долгиолсон, beach wave эффекттэй байгаа. Энэ үс засалтыг хийхийн тулд чийгтэй үсэнд хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн түрхэж, үсээ бага зэрэг хатааж, дараагаар нь сүлжиж, хамгийн эцэст нь сүлжсэн үсээ индүүгээр зөөлөн "индүүдэх" хэрэгтэй.

цааш үзэх