Хайх

Кутюр загварын долоо хоног: Christian Dior, хавар-зун 2017

Кутюр загварын долоо хоног: Christian Dior, хавар-зун 2017

Өмсөж болохуйц мөрөөдөл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dior ордонд зориулсан анхны кутюр цуглуулгадаа Мария Грация Кьюри тус брэндийн үүсгэн байгуулагч Кристиан Диорын цэцгийн хүрээлэнд дуртай сэтгэлийг шингээж, этгээд маягийн үлгэр хүүрнэлээ

Шинэ бүтээлч захирал Мария Грация Кьюри Dior ордон дахь өөрийнхөө чиглэлийг хараахан тогтоож амжаагүй бололтой. Энэхүү түүхэн брэндийг удирдах чухал үүрэг хүлээж авсан тэрбээр дизайнерын хувьд хариуцлагын дарамт мэдэрч, албан тушаалыг дагалдан ирсэн олон хүндрэлтэй учирч байна. Тэр дундаа кутюр загварын анхны цуглуулга дээр ажиллахдаа тэрбээр ордны урьд өмнөх домогт удирдагчдын өв залгамжлалыг үргэлжлүүлэхийн хажуугаар мөн тэднээс ялгарах хүндхэн даалгаврыг биелүүлэхийг оролджээ. "Ноён Кристиан Диор, Ив Сен Лоран, Марк Боан ба Жанфранко Ферре нарын кутюр загварыг хүлээж авах хандлага илүү сонгодог чиглэлтэй байсан. Цаашилбал Гальяно театрын гэмээр үнэхээр гайхамшигтай кутюр харуулж, харин Раф маш орчин үеийн кутюр урладаг байсан. Энэ их баялаг түүхэн уламжлалаас би гарч, өөрийн кутюр хандлагыг тодорхойлох гэж хичээлээ. Миний бодлоор ямар ч нөхцөлд бид хэрэглэгчиддээ зориулж хувцас бүтээдэг тул өмсөж болохуйц загвар гаргах нь их чухал. Гэхдээ үүний зэрэгцээ би мөн мөрөөдөхөө зогсоомооргүй байна" хэмээн Кьюри өчигдөр зохиогдсон загварын шоуныхаа үеэр WWD сэтгүүлд ярьжээ.

Кутюр загварын долоо хоног: Christian Dior, хавар-зун 2017 (фото 1)Кутюр загварын долоо хоног: Christian Dior, хавар-зун 2017 (фото 2)

Кьюригийн удирдсан загварын шоуг үлгэртэй зүйрлэж болно. Тэр үүсгэн байгуулагч Кристиан Диорын цэцгийн хүрээлэнд хайртай сэтгэлийг шоундаа шингээх үүднээс Парис хотын Роден музейг ногоон зүлгээр бүрхэж, ид шидийн уур амьсгал бүрдүүлсэн байлаа. Хиймэл хүрээлэнгийн төвд шүр, тууз ба тарот хөзрүүдээр чимэглэгдсэн аварга том мод байршсан нь орон зайг бүр ч илүү ер бусын болгож байв. Харин муруй хэлбэрээр суусан зочид амьсгаагаа түгжин, дизайнерын хүүрнэх үлгэрийг чимээгүйхэн ширтэн суулаа.

Кьюригийн төсөөлөлд загвар өмсөгчид эрт цагийн богем уур амьсгалтай маскарад үдэшлэгт оролцсон юм. Дизайнер эрчүүдийн өмсдөг таксидо хослолыг эмэгтэй хувилбарт оруулан, загварын шоуг хар өнгийн хувцаснуудаар эхлүүллээ. Алдарт "Бар" хүрмийг санагдуулам загварууд өргөн эсгүүртэй юбка ба өмдтэй хосолж, Йожи Ямамотогийн ноён Диорт үзүүлж байсан хүндэтгэлийг дахин нэг дурссан байлаа.

Харин ой модонд төөрсөн бүсгүйн бодлогоширсон, дүнсгэр, хэврэг, нандин даашинзууд дизайнерын гол чадварыг илтгэж байлаа. Энэ аргачлал нь шинэлэг биш байж болох ч Кьюригийн торон материал ба хээ хатгамлууд биднийг одоо хүртэл догдлуулж, өөр ертөнцөд аваачиж байгаа биш гэж үү?

Мэдээж хэрэг Мария Грация Кьюри болон Пьерпаоло Пиччоли нар романтик өнгө аястай хагас гэрэлтсэн торон даашинзыг хамгийн анх сэдсэн хүмүүс биш ээ. Гэхдээ тэд энэ дизайныг хамгийн чадварлагаар хэрэгжүүлж, Valentino ордны бэлгэ тэмдэг болгож чадсан дизайнерууд гарцаагүй мөн юм. Кьюрийг Valentino-гоос гарснаас хойш Пиччоли энэ аргачлалыг ивээлдээ авсан байгаа. Энэ нь шударга хэрэг мөн эсэхийг хэлж мэдэхгүй ч Кьюри Dior ордны гоо зүйн дүрслэлийг Valentino-гоос аль болох их тусгаарлах хэрэгтэй мэт санагдана.

цааш үзэх