“Skin barrier” буюу арьсны өнгөн давхаргын талаар бидний мэдэх ёстой зүйлс
“Skin barrier” буюу арьсны өнгөн давхарга, арьсыг хамгаалагч хана, чийгшлийн хана зэрэг хэллэгдэхүүн арьс арчилгаанд нэлээдгүй дурдагддаг. Гэвч бид арьсны яг ямар хэсгийг хэлж буй талаар төдийлөн оновчтой ойлголтгүй байдаг билээ. Арьсны өнгөн давхарга гэмтсэнээр өөгүй толигор арьстай байсан ч гэнэт арьс хуурайшиж, эсвэл хэт их тос ялгаруулж, нөсөө толбо тодорч, батга гарах нь ихсэж, өмнө нь таардаг байсан бүтээгдэхүүнүүд үр дүнгээ өгөхөө больж, арьсны тэнцвэртэй байдал алдагдаж эхэлдэг. Тиймээс арьсны өнгөн давхарга гэж яг юу болох, үүнд хэрхэн зөв зохистой арчилгаа хийх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна.
Арьсны өнгөн давхарга гэж юу вэ?
Хүний арьс эпидермис, дермис, гиподерма хэмээх үндсэн гурван давхаргаас бүрддэг. Энгийнээр хэлбэл эпидермис нь арьсны хамгийн нимгэн хэсэг болох өнгөн давхарга, дермис нь жинхэнэ арьс, гиподерма нь үүний доор байрлах өөхөн давхаргыг нэрлэж буй юм. Энэ дундаас бидний гол анхаарлаа хандуулах шаардлагатай хэсэг болох арьсны өнгөн давхарга нь арьсыг гаднын биет, нар салхи, хүйтэн халуунаас хамгаалж байдаг хамгийн чухал хэсэг билээ. Мөн энэхүү хэсэг нь тодорхой хугацаанд гуужин шинэчлэгдэж байдаг ба нимгэн хэдий ч арьсны хамгийн бат бөх, тэсвэртэй давхаргад тооцогддог. Цаашлаад уг давхарга гэмтэх үед арьсны тэнцвэртэй байдал алдагдаж, нэмэлтээр тэжээл болгон хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдийг шингээх чадваргүй болдог байна.
Арьсны өнгөн давхарга юунаас болж гэмтдэг вэ?
Нарны тос түрхэхгүй байх: Мэргэжилтнүүд нарны тосыг ямар ч үед өдөр бүр хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэр ч бүү хэл гэрээсээ гарахгүй байсан ч нарны тосыг заавал түрхэх ёстой. Учир нь бороотой, цастай, хүйтэн, наргүй өдрүүдэд ч нарны хэт ягаан туяа бидний арьсанд нөлөөлсөөр байдаг. Нарны хэт ягаан туяаг дотор нь UVA, UVB гэж ангилдаг ба UVA туяа нь коллагены утсыг гэмтээж, хөгшрөлтийн шинж тэмдгийг хурдасгадаг бол UVB туяа нь арьсыг түлж, арьсны хорт хавдар үүсэх эхлэлийг тавьж өгдөг байна.
Халуун шүршүүрт орох: Халуун шүршүүрт орох нь тааламжтай, сайхан мэдрэмж төрүүлэх ч таны арьсыг чийгшүүлж байдаг байгалийн тосыг устгадаг. Мөн арьсны уян хатан байдал, чийгийг тэнцвэржүүлдэг кератины эсийг гэмтээдэг байна. Түүнчлэн арьснаас гадна үсний торгомсог, намирсан байдлыг алдагдуулж, хуурай хугарамтгай болоход нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм.
Агаарын бохирдол: Агаарын бохирдол, замын бөглөрөл, хүчтэй бодис ялгаруулдаг үйлдвэр, хүн амын төвлөрөл ихтэй улсад амьдардаг хүмүүсийн арьсыг дээрх шинжүүд багатай оронд аж төрдөг хүмүүсийнхтэй харьцуулахад арьсных нь коллагены хэмжээ бага, өнгөн давхарга илүү гэмтэлтэй байдаг аж. Манай орны хувьд 2024 оны байдлаар “дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс”-ын жагсаалтад гуравдугаар байранд бичигдэж байгаа бөгөөд агаарын бохирдол нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг гэдгийг судалгаагаар нотолжээ.
Хэт хуурай агаар: Хэт хуурай агаартай орчин арьсны өнгөн давхаргыг хүчтэй гэмтээж байдаг. Түүнчлэн халуун сэнсээр үсээ хатаах, зуны цагт хүйтэн агааржуулагч ашиглах зэрэг нь мөн адил ижил нөлөө үзүүлдэг бөгөөд үүнээс улбаалан арьсны чийг алдагдаж, хуурайшиж эхэлдэг. Тиймээс орчин тойрондоо агаар чийгшүүлэгч ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Буруу хооллолт: Эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маяг нь арьс болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч завгүй амьдралын хэв маяг, стресс, зарим дадал зуршлуудаас болоод хүн буруу хооллож эхэлдэг. Тиймээс аль болох эрүүл хүнс идэж, ид нойрны цагтаа сайн унтаж, дасгал хөдөлгөөн хийж, алкохол, тамхи, чихрийн хэрэглээгээ хасахыг хичээгээрэй.
Арьсаа хэт их цэвэрлэж, гуужуулах: Арьсны өнгөн давхарга тодорхой хугацаанд гуужиж байдгийг бид дурдсан. Тэгвэл арьсаа хэт олон давтамжтайгаар цэвэрлэгч хөөсөөр угааж, дараа нь гуужуулах нь арьсны ханыг гэмтээх эх үүсвэр юм. Хэрэв та хуурай арьстай бол өглөө бүлээн усаар нүүрээ угааж, оройн арьс арчилгаандаа тосон болон хөөсөн цэвэрлэгчийг ашиглах нь зохистой. Гуужуулагчийн хувьд тослог арьстай хүн долоо хоногт 1-2 удаа, хуурай арьстай бол 14 хоногтоо 1-2 удаа гуужуулахыг зөвлөдөг байна. Мөн скраб хэлбэрийн буюу физик гуужуулагчаас илүүтэйгээр хүчил агуулсан химийн гуужуулагч нь арьсны үрэвслийг намдааж, арай зөөлөн аргаар гуужуулж өгдөг билээ.
Хэрхэн арчлах вэ?
Амьдралын дадал зуршил, орчин тойрны асуудлаас гадна бидний хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд арьсны өнгөн давхаргыг сэргээж, уян хатан байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс доорх орц найрлага голчлон орсон бүтээгдэхүүнүүдийг сонгохыг зөвлөж байна.
SPF: Нарны тосыг сонгохдоо хамгийн багадаа SPF 30 хамгаалалттайг сонгох хэрэгтэй. SPF 30-тай тос хэт ягаан туяанаас 97% хүртэл хамгаалдаг бол SPF 50 арьсыг 98% хүртэл хамгаалдаг аж. Түүнчлэн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг крем, хацар өнгөлөгч, нүүр будалтын суурь, чийгшүүлэгч тос зэрэг бүтээгдэхүүнүүд өөртөө SPF агуулдаг болсон.
Антиоксидант: Антиоксидант нь маш олон төрөл байдгийн сацуу ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Бидний арьсны эсийн бүтцийг эвддэг, хөгшрөлтийн шинж тэмдэг үүсэхэд нөлөөлдөг чөлөөт радикалуудыг антиоксидант устгаж өгдөг бөгөөд давхар хэт ягаан туяаны нөлөөллийг багасгаж өгдөг байна. Витамин А, С, Е болон селен, цайр нь хамгийн түгээмэл антиоксидантууд нэг юм.
Ретинол: Витамин А агуулдаг ретинол нь хөгшрөлтийг удаашруулж, коллагены нийлэгжилт, уян хатан чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэвч ретинол нь анх удаа хэрэглэх үед арьсанд цочрол үзүүлж улайлгах, толгойгүй батга гаргах зэргээр сөрөг урвал үзүүлэх нөлөөтэй байдаг. Тиймээс хэрэглэхдээ, эхний удаа долоо хоногт нэг, дараагаас нь долоо хоногт хоёр гэхчлэн арьсандаа бага багаар дасгаж өгөөрэй.
Керамид: Керамид нь хүний арьсны давхаргад агуулагддаг байгалийн молекулуудын нэг. Арьсны тосон давхаргын 50% гаруйг бүрдүүлэгч уг керамид нь арьсны үхэжсэн эсүүдийг сэргээх, уян хатан байдлыг нэмэгдүүлэх, үрчлээс багасгах ач холбогдолтой.
Гиалуроны хүчил: Чийгшүүлэх чадвараараа гиалуроны хүчлийг гүйцэх орц ховор гэлцдэг. Арьсыг чийгээр тэтгэж, хөгшрөлтийг удаашруулахын сацуу арьсны өнгөн давхаргын доор байрлах жинхэнэ арьсанд хүрч үйлчилдэг. Харин манай орны хуурай, сэрүүн нөхцөлд гиалуроны хүчлийг ашиглахад төдийлөн сайн нөлөө өгч чаддаггүй учир тус орцыг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ усанд орсныхоо дараа аль эсвэл чийгтэй орчинд буюу угаалгын өрөөнд хэрэглэж заншаарай.
Ниацинамид: Ниацинамид нь нэгэн төрлийн В3 амин дэм ба арьсыг цайруулах, чийгшүүлэх, өнгөн давхаргыг хамгаалах үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлдэг гэдгээрээ онцлог. Түүнчлэн ретинол, AHA, BHA, PHA болон С аминдэмтэй хослуулан хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг байна.