Үс будалтын 5 чиг хандлага: Намар-өвөл 2018
Шинэ улиралд үсээ ямар өнгөөр, яаж будах вэ?
Бүдгэрүүлсэн өнгөнүүд
Намар болоод өвлийн улирлуудад хувцас загварын салбарт бараан эсвэл зөөлөн пастель өнгөнүүд ноёрхож эхэлдэг тул үсний будалт ч бас тайван, бүүдгэр байх нь илүү гоёмсог харагддаг. "Яг одоо агч модны навчны өнгө, бага зэрэг улаан туяатай дулаан өнгөнүүд болон бараан өнгийг дор хаяж гурван тоноор бүдгэрүүлсэн өнгөнүүд тренд болж байна" хэмээн Aldo Coppola салоны үсний будгийн мэргэжилтэн онцоллоо.
Мокко
Хүн болгонд зохидог, сонгодог өнгөнүүдийн нэг бол мокко юм. Ямар ч улаан туяагүй, алтлаг гялбаа цацруулсан бор өнгийг мокко гэж нэрлэнэ. "Намар-өвөл улирлын загварын шоунууд дээр дизайнерууд мокко будалтыг олон хувилбараар танилцуулсан. Цайвар бороос эхлээд шоколадан бор хүртэл туяаны өргөн сонголт байж болох ч, хамгийн гол нь үсээ нэгэн жигд будаж, аль болох байгалийн харагдуулах хэрэгтэй. Мөн ямар ч улаан, улбар шар туяа байх учиргүй" хэмээн L'Oreal Professionnel брэндийн мэргэжилтэн хэллээ.
Үс цайруулах, сор тавих аргачлалууд
Омбре, балаяж, babylights, airtouch зэрэг үсний хэсэг газруудыг цайруулан буддаг, сор тавьдаг нарийн аргачлалууд одоо ч загварлаг сонголтуудын нэг хэвээр байна. "Гэхдээ ихэнх брэндүүд сүүлийн үед үсний байгалийн өнгийг эрхэмлэдэг болсон тул эдгээр аргачлалуудыг байгалийн төрх бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх нь элбэг болжээ" гэж Evo ба Fabuloso брэндүүдийн мэргэжилтэн тодрууллаа.
"Яг л байгалиасаа наранд цайрсан мэт балаяж будалттай үс энэ намар маш гоёмсог харагдана. Ийм төрлийн будалт бүх төрлийн үсэнд сайхан зохидог. Зөгийн балны шар, цайвар бор зэрэг байгалийн өнгөнүүд сонгоорой" хэмээн KYNSI салоны үсний стилист зөвлөж байна.
Тод өнгө
Байгалийн өнгөнүүдийн зэрэгцээ бас нэгэн тренд ажиглагдаад байгаа нь тод, зоригтой өнгөнүүд юм. "Масс дунд байгалийн өнгө давамгайлж байгаа ч, үүний эсрэг тэсрэг неон өнгө ч бас зоригтой нэгний сонголт болж байна. Бусдаас ялгарах, өвөрмөц зан чанараа илэрхийлэх шилдэг аргуудын нэг бол яахын аргагүй үсээ тод өнгөөр будах юм. Загварын тайзууд дээр ч бас энэ чиг хандлага үзэгдэж байгаа. Тэрсүүд, сонирхолтой харагддаг шүү" хэмээн Evo ба Fabuloso брэндүүдийн мэргэжилтэн хэллээ.
"Тод өнгөнүүд дундаас шар өнгө ялгаран гарч ирж байна. Өмнө нь хүн бүр л үсэн дэх шар туяанаасаа ангижрахыг хүсдэг байсан бол одоо эсрэгээрээ неон шараар будаж байна. Мөн үсээ голоор нь хувааж, хоёр өөр өнгөөр будах тренд гарсан байгаа" гэж L'Oreal Professionnel брэндийн мэргэжилтэн хуваалцлаа.
Гялалзсан туяа
Гоо сайхны салбарт гялалзсан туяатай нүүрний будаг эрэлттэй байгаатай холбогдуулан үс будалтад ч бас энэ тренд дэлгэрээд байна. "Гялалзсан туяа бий болгохын тулд өнгөний тоглолт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үсийг тодорхой нэг суурь будгаар будаж, дараа нь өөр өнгөөр уусган давхарлана. Ингэснээр үс өөр, өөр өнцгөөс өөр туяагаар гялалзаж, өнгөө сольж харагдах болно" гэж L'Oreal Professionnel брэндийн мэргэжилтэн нэмж хэлсэн юм.