Солонгосын гоо сайхны салбарт яг одоо ямар трендүүд ноёрхож байна вэ
2017 оны чиг хандлага
Цаасан маск, BB крем, кушион гэх зэрэг гайхамшигт нээлтүүдийг бидэнд таниулсан Солонгосын гоо сайхны салбар эрчимтэй хөгжиж, шинэлэг зүйлс олж сэдсэн хэвээр байна. Дэлхийн ихэнх орнуудтай харьцуулбал үргэлж хэд, хэдэн алхмаар түрүүлж явдаг K-бьюти 2017 онд фильтер тос, саваа хэлбэрийн нүүр цэвэрлэгч, усан пилинг болон бусад сонирхолтой трендүүд дэлгэрүүллээ.
Фильтер тос
Энэ трендийг та яг л Snapchat олон нийтийн сүлжээний бодит фильтер гэж ойлгож болно. Итгэхгүй байна уу? Солонгос мэргэжилтнүүдийн онцолж буйгаар энэхүү шинэ төрлийн фильтер тос нь энгийн чийгшүүлэгч тосны үүргийг гүйцэтгэхийн хажуугаар мөн нүүрний арьсан дээрх аливаа өө сэвийг бүдгэрүүлж, арьсыг гэрэлтсэн, цэвэрхэн харагдуулдаг гэнэ. Уг бүтээгдэхүүний найрлагад ордог сувдны нунтаг ба сувдны ханд нь ийм зэргийн өөгүй бүрхүүл үүсгэхэд нөлөөлдөг байна.
Саваа хэлбэрийн нүүр цэвэрлэгч
Хэрвээ бидний хэрэглэж заншсан нүүр цэвэрлэгч ихэвчлэн шингэн, гель эсвэл тосон бүтэцтэй байдаг бол, солонгосчууд саяхнаас саваа хэлбэрийн савалгаатай, шахмал нүүр цэвэрлэгч нэвтрүүлж эхэллээ. Аялалд авч явахад тохиромжтой уг цэвэрлэгчийг нүүрээ норгосны дараагаар түрхэж, тойрог хөдөлгөөнөөр арьсандаа шингээн цэвэрлэх учиртай юм. Энэхүү шинэ төрлийн нүүр цэвэрлэгч нь арьсан дахь байгалийн тосыг хуулалгүй, арьсанд зөөлөн үйлчилдгээрээ онцлог болжээ.
Усан пилинг
Усан пилинг нь арьсыг гуужуулахын зэрэгцээ маш их хэмжээгээр чийгшил өгдөг том давуу талтай. Yoon Dermaline гэх зэрэг гоо сайхны брэндүүд гэрийн нөхцөлд ашиглаж болох хувилбар гаргасан бөгөөд энэ тренд нь солонгосчууд дунд хүчтэй дэлгэрч байна. Нүүрээ цэвэрлэж, тоник түрхсэний дараагаар хэрэглэх зориулалттай уг пилинг арьсыг гэрэлтсэн, зөөлөн болгодог аж.
10 шат бүхий хуйхны арчилгаа
Арван шат бүхий арьсны арчилгаагаараа дэлхийд алдаршсан солонгосчууд одооноос эхлэн хуйхныхаа арьсанд онцгой анхаарал хандуулж байна. Эрүүл бөгөөд торгомсог үстэй байхын тулд тэд хуйхандаа төрөл бүрийн серум ба цэвэрлэгч хэрэглэж, арван шат бүхий арчилгаа санаачилжээ.
Эрүү хэсгийн контуринг
Хэрвээ барууны бүсгүйчүүд шанааны ясаа контурингийн ачаар тодотгох дуртай бол, солонгосчууд эрүүнийхээ хэсгийг V хэлбэрт оруулах зорилгоор гэрэл, сүүдрээр буддаг болжээ. Эрүүний хэсгийг сүүдэрлэж өгснөөр тэд жижиг нүүртэй харагддаг байна.