Агаарын бохирдлын талаар өгүүлэх модерн балетын тоглолт болно
"Амьдралыг тэтгэгч-O2"
Хүмүүс аливаа зүйлийг урлагаар дамжуулан ойлгосноор сэтгэлдээ илүү гүн гүнзгий шингээж авдаг. Тэр дундаа үгээр илэрхийлэшгүй зүйлсийг үйл хөдлөл хөндөж чаддаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ тулж, цэвэр агаар тансаг хэрэглээ болсон өнөө үед Монголын балетчид ч уран бүтээлээрээ дамжуулан энэхүү гамшигтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр Монгол оронд тулгамдаад байгаа байгаль орчны асуудал, тэр дундаа цэвэр усаа хамгаалах санаачлагыг хэрэгжүүлж, "Амьдралыг тэтгэгч-H2O" нэртэй анхны модерн балетын тоглолтоо "Номадик Балет" продакшнтай хамтран танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин энэ жил тэд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд "Амьдралыг тэтгэгч-O2" нэртэй хоёр дах модерн балетын тоглолтоо толилуулахаар зэхжээ. НҮБ-ын Хүүхдийн Сан нь Швейцарын Хөгжлийн Агентлаг ба Засгийн газартай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм. Тийм ч учраас төслийн хэрэгжүүлэгчид олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор, балетын урлагаар дамжуулан агаарын бохирдлын асуудлыг хөндөхийг зорьжээ.
Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрт хандивлах бөгөөд энэ мөнгө нь ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд модерн, контемпорари болон бусад олон төрлийн бүжгийн арга барилыг заах сургалтад зарцуулагдана. Дашрамд дурдахад Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулсан билээ.
"Амьдралыг тэтгэгч-O2" тоглолт 2019 оны тавдугаар сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвеншн Төвд зохион байгуулагдана. Мөн уг тоглолтын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 17-нд 976 Art Gallery-д Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан Францын гэрэл зурагчин Эммануэлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.