Гүнгийн авхай Элизабет Греффюлийн гоёл Galliera музейд тавигдана
Франц амралтыг эртнээс төлөвлөх
Олон нэртэй, цуутай уран бүтээлчдийн охин тэнгэр, Франц, Бельги гаралтай язгууртан, гүнгийн авхай Элизабет Греффюль тэртээх сайхан бүсгүйчүүдийн эрин үе оргилсон 1920-оод онд амьдарч байлаа. Түүний ер бусын мэдрэмж, гоо үзэсгэлэн, хурц ухаанаас хувцас загварын дизайнерууд урам авч, Марсель Пруст гэхэд "In Search of Lost Time" романдаа гүнгийн авхайгаас сэдэвлэн дүр оруулсан юм. Элизабет гүн Анри Греффтэй гэрлэснээр улам нөлөө бүхий болж, улс төрийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан, дуурийн урлагийг хөгжүүлэх ажилд идэвхитэй оролцож эхэлсэн байна.
Galliera музейд францын нэрт кутюр бүтээгчид болох Worth, Fortuny, Babani болон Lanvin нарын 50 төрлийн гоёл тавигдана. Үүнд ХХ зууны эхээр Чарльз Фредерик Уорт гүнгийн авхайд зориулж урлаж байсан цэнхэр хамба хилэн хээтэй ногоон торгон даашинз орсон. Арай хожуу буюу 1920-оод онд бүтээсэн Babani-гийн мөнгөлөг хүрэм бас нэгэн чимэг нь болно. Цааш нь гоо сайхан оршихуйн чимэг болсон үдшийн гоёл, аксессуарууд, өдөр тутмын хувцас, гэрэл зургууд, кинонууд гээд олон гайхалтай зүйлс нийт таван сар гаруйн хугацаанд үзэсгэлэн болон гарах юм. Тус музейн удирдагч, үзэсгэлэнгийн зохион байгуулагч Оливье Сайяр үзвэрийн гол үзмэрээр өдөн чимэглэл, кимоно болон хамба хилэн даашинзуудыг нэрлэсэн байгаа. Гүнгийн авхай ерөнхийдөө дорнын хээ угалз, алтлаг, мөнгөлөг, ягаан мөн ногоон өнгөнд дурладаг байсан гэлтэй. Хамгийн гол нь тэдгээр гоёл бүр нь гүнгийн авхайн нарийн бэлхүүс, гоолиг биеийг тодотгож өгөх ёстой байлаа. Эдгээр түүхэн эд зүйлс өнөөдөр ч гэсэн гоо сайхны нандин торгон мэдрэмжийг орчин үеийн хүмүүст хүртээхэд бэлэн болжээ.
Хэрэв та өвлийн амралтаа Парист өнгөрүүлэх боломжгүй бол Нью-Йоркийн Metropolitan музейд арваннэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 21-н хүртэл үргэлжлэх "Jacqueline de Ribes: The Art of Style" үзэсгэлэнг сонирхож бас болно шүү.