Хайх

Сальвадор Дали ба Пабло Пикассо үзэсгэлэнгийн тойм

Сальвадор Дали ба Пабло Пикассо үзэсгэлэнгийн тойм

Баяртай гэж хэлж чадахгүй нь

Text: Ж.Чинбат


ХХ зууны урлагийн түүхийг дангаараа өгүүлж чадах "Сальвадор Дали ба Пабло Пикассо" үзэсгэлэн нэг сарын хугацаанд үзэгчдийн хүртээл боллоо. Харин та үзэж амжаагүй бол анхаарлаа хандуулаарай

Өдөрт 24 цаг, сард 30 хоног байх нь даанч бага хугацаа юм. Хэрвээ дэлхий нарыг тойрохдоо илүү удаан явдаг байсан бол ядаж л "Сальвадор Дали ба Пабло Пикассо" нарын үзэсгэлэнг илүү олон хүн үзэж, урлагийн тухай, хүмүүсийн сэтгэлгээний тухай хоорондоо бүр сайн ярилцах байлаа. Энэхүү үзэсгэлэнг үзэх гэж хэчнээн хичээсэн ч өдөр бүрийн завгүй хэмнэлдээ автаад очиж чадаагүй олон хүн бий. Нэг сарын хугацаанд гарч өнгөрсөн энэхүү үзэсгэлэнг хүүхэд, оюутан, томчуудаас бүрдсэн нийт 5000 гаруй хүн үзэж сонирхжээ. Тэгэхээр ойролцоогоор манай улсын нийт хүн амын ердөө 0,2 хувь нь ХХ зууны сод хоёр туурвигчийн бүтээлийг эхээр нь үзэж чадлаа гэсэн үг. Тийм болохоор бид тус үзэсгэлэнд дэлгэгдсэн видео танилцуулгуудыг, цуглуулагч Александр Шадрин өөрийн хувийн цуглуулга дахь бүтээлүүдийг болон Сальвадор Дали, Пабло Пикассо нарын тухай бүтэн нэг цагийн видео тайлбар хийсэн байгааг хүргэе. Мөн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн куратор, урлаг судлаач Д.Гоомаралын сонирхолтой тайлбарыг ч бас хамтатгасан байгаа. 


Сальвадор Дали (1904-1989)

Миний нэр испаниар "Аврагч" гэсэн үг бөгөөд би технологийн дэвшил заналхийлж байгаа цаг үед урлагийг хоосролоос аврахаар ирсэн юм. Сальвадор Дали

Сальвадор Далиг 1989 онд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Дэлхийн хамгийн алдартай хүн, хамгийн сонин жигтэй, хамгийн өрөвдөлтэй хүн /эхнэрээ өнгөрснөөс хойш ганихарч хоцорсон/ өнгөрлөө" гэж бичиж байлаа. Өдгөө харин түүнийг нас барнаас хойш 27 жил болсон ч гэсэн түүний тухай урлаг судлаачид, сонирхогчид тасралтгүй ярилцсаар, уран бүтээлийх нь мөн чанарыг ойгох гэж хичээсээр байна. Тэдгээр Сальвадор Далигийн тухай болон уран бүтээлийг тойрсон яриа нь түүнийг улам бүр алдартай болгосоор орчин үеийн урлагтай танилцах гол брэнд нэр болгожээ.

Сальвадор Дали ба Пабло Пикассо үзэсгэлэнгийн тойм (фото 1)

Тэрээр амьд ахуй цагтаа хүмүүсийг төөрөгдүүлсэн сэдэв, сэдэлтэй уран бүтээл туурвиж, өөрөө түүнээсээ кайфыг мэдэрдэг байсан гэж хүмүүс ярьдаг. Харин Дали бидэнд өөрийнхөө тухай бүх мэдээллийг хэлж өгөх хоёр ном бичиж үлдээжээ. Эхнийх нь түүний урлагийн бүтээлүүдийн тухай өгүүлсэн "Далигийн ертөнц" бол удаах нь "Далийг Далигийн нүдээр" буюу өөрийн дотоод ертөнцөө илүү нээлттэй дэлгэсэн ном бий. 

Харин түүний бүтээлийг Зигмунд Фрейд, Юнг нар илүү гүнзгий өнцгөөс гаргаж ирж тайлбарласан. Тэд түүний бүтээлийг ухамсаргүй, зүүд совингийн талаас нь авч үзэж, тодорхой таамаглалууд дэвшүүлсэн. Тухайлбал Фрейд Сальвадор Далигийн бүтээлүүдэд тусгагдсан зүйлс бол түүний дарагдсан дур хүслээс улбаатай гэж үзсэн байдаг.

Зүүдний ертөнц мэт Далигийн зургууд нь:

Далигийн бүтээлүүд яг л зүүд шиг байдаг гэдгийг хүн бүр мэддэг. Үүнийг Фрейд тайлбарлахдаа "Дали бол нарцизм гэдэг өвчтэй ба өөрийн эгог маш их гаргаж тавьдаг" гэсэн юм. Хүн зүүдэндээ айдсыг илүү гүн, хурцаар мэдэрдэг билээ. Тэгвэл Дали тэрхүү зүүдэндээ мэдэрсэн айдсыг уран бүтээлдээ оруулж ирж, хувиргадаг байсан байна. Мөн Фрейд түүнийг шавьжнаас, тэр дундаа шоргоолзноос (үхлийн билгэдэл мэт санагддаг учир) маш их айдаг хүн байсан гэж үзсэн. Тиймээс тэрхүү айдсаа давж гарахын тулд Дали уран бүтээлдээ маш том сахлууд дүрсэлдэг" гэж Фрейд тайлбарласан. Хэдийгээр Сальвадор Дали "Миний сахал бол баяр баясгалан, өөдрөг үзлийн илэрхийлэл. Миний төсөөллийн хүч шиг сахал маань дээш чиглэж ургадаг" гэж өөрөө хэлсэн авч Фрейд түүнийг сахлаараа дамжуулж өөрийгөө шавьжны хаан мэт дүрсэлсэн гэжээ. 

"Яагаад Далигийн зураг болон баримлуудад буй эмэгтэйчүүд шургуулгатай байдаг вэ?" гэж олон хүмүүс таамаглан боддог. Үүний хариулт болгож Фрейд бас нэгэн санаа дэвшүүлсэн нь Далигийн уран бүтээл бол түүний дарагдсан дур хүслийн илэрхийлэл болдог гэсэн байна. Үүнийг "Эдипийн хам шинж" гэж томъёолдог ба Софоклын Эдипийн домог бүтээлд эцгийгээ хөнөөгөөд эхтэйгээ гэрлэдэг хүний сэтгэл зүйн замналтай жишиж үзэж буй хэрэг юм.  

Үүгээр юуг тайлбарлаж байна вэ гэвэл эрэгтэй хүүхэд гурван нас хүртлээ ээжийнхээ хайрыг маш их мэдэрдэг бол охин хүүхдэд бага насанд нь аав нь маш чухал байдаг. Тиймээс эрэгтэй хүн том болоод найз охин, дурлалт хүнээ хайхдаа яг л ээжтэйгээ адилхан хүн рүү тэмүүлээд байдаг. Харин нотариачдын гэр бүлд төрж, өссөн Далигийн ээж нь каталик шашинтан байсан бөгөөд маш хатуу, чанад дэглэмтэй хүн байжээ. Мөн Дали ээжтэйгээ маш бага цагийг өнгөрүүлж, хангалттай хайрыг авч чадаагүй нь түүний хожмын уран бүтээлүүдэд ул мөрөө үлдээх болно. 

Далигийн хувьд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэж 

Сальвадор Дали ба Пабло Пикассо үзэсгэлэнгийн тойм (фото 2)

Та өөрийгөө дундад зууны үеийн бэлхүүс барьсан чанга корсет, төмөр бүрхүүл дээр давхарласан олон давхар даашинз, хиймэл үс гээд авхай нарын хувцсыг өөртөө овоолчихоод явж байна гээд төсөөлдөө. ХХ зуунаас өмнөх цаг үеийн гоо зүйн ойлголт эмэгтэй хүнийг ийм хүнд, нүсэр зүйлээр дарж байсныг Дали хуу татаж хаясан. Коко Шанельтэй сайн найз байсан Дали сайхан эмэгтэй гэх хэмжүүрийг өөрчилж чадсан юм. Дали үүнийг ганцхан зураг, барималдаа тусгаад зогсохгүй амьдралаараа мөн харуулсан. Түүний эхнэр болоод насан туршид нь урлагийн тэнгэр болж явсан, өөрөөс нь эгчмэд Гала нь яг л тэрхүү нийгмийн сайхан эмэгтэй гэж үнэлдэг хэмжүүрээс тэс ондоо хүн байсан аж. Дали түүнийг  ямар ч хачир, чимэггүйгээр хайрлаж, өдөр бүр түүнд зориулж хөргийг нь зурдаг байжээ. Дашрамд дурдахад Гала, Дали хоёрын хайрын түүх бол тусдаа бүхэл бүтэн роман болохуйц маш сонирхолтой амьдрал юм. 

Далигийн бүтээлүүд дэх цаг хугацаа

Гала анх Далигийн найз, сюрреалист яруу найрагч Поль Элюарын эхнэр байсан ч түүнд урсаж буй цаг зургийг зурах хамгийн том сэдлийг анх бэлэглэсэн ачтан юм. Далигийн урлан нарлаг сайхан Испаний далайн эрэг дээр байдаг бөгөөд нэгэн өдөр Гала жин үдийн үед Далид бяслагтай хоол хийж өгөөд, гараад явчихаж гэнэ. Тэр үед хайлан урсаж буй бяслагийг Дали хараад, өөрийн хамгийн алдартай цаг хугацааны дүрслэлээ бүтээх сэдлээ олжээ. Тэрээр энэхүү урсаж буй цагаар гурван гол зүйлийг илэрхийлдэг гэж судлаачид үздэг. Эхнийх нь цаг хугацаа гэдэг бол хоосон, абсурд зүйл юм гэх санаа. Хоёр дах нь цаг хугацаа ямар ч өршөөлгүй. Ялангуяа "Цаг хугацаанд эмээллүүлсэн морь" зэрэг бүтээлүүдээс нь үүнийг тод харж болно. Цаг хугацаа бүхнийг эмчилнэ, уучилна гэж хүмүүс ярьдаг ч үнэндээ энэ нь тийм биш, хамгийн шударга, хамгийн харгис зүйл юм гэсэн санаа түүний бүтээлүүдэд байх аж. Хамгийн сүүлийнх нь хүний амьдрал дээрх физик цаг, зүүдний цаг, оюун санааны цаг гурав хэзээ ч нэг цэг дээр огтлолцдоггүй гэх Далигийн тунхаг түүний цагтай бүтээлүүдээр илрэн гардаг. 

Далигийн бүтээл дэх хязгааргүй орон зай

Дали цоо шинийг бүтээгч байсан ч тэр өмнөх үеэсээ байнга суралцсаар иржээ. Жишээ нь тэр Мадридын музейд найман сарын турш тасралтгүй очсон бөгөөд нэг өдөр "Велаксес ордныхон" гэх зургийг хараад "Ямар их орон зай вэ" гэж уулга алдсан гэдэг. Жижигхэн хавтгайд уудам орон зай үзүүлсэн байгаа тэр аргачлалыг Дали соргогоор хүлээн авч, өөрийн бүтээлүүдээ хязгаар, хярхаггүй мэт дүрслэх болсон. Дали бас өөрийнхөө цаг үеэс, тэр дундаа Пикассогоос ч суралцаж байсан бөгөөд "Пикассо байгаагүй бол миний сюрреалитс хэв маяг гарч ирэхгүй байсан" гэж үздэг байжээ. 

Жиш: Сюрреализм гэж юу болохыг бид францын философич, яруу найрагч Анри Бретоны тунхагаас мэдэж болно. Тэрээр "Сюрреализм нь илэрхийллийн цоо шинэ буюу хөнгөн хялбар хэрэгсэл ч биш, яруу найргийн метафизик ч биш, энэ нь оюун санааг энгийн бодит дүрслэлээс чөлөөлөх хэрэгсэл.., Бид хувьсал (шинэчлэлт) хийхээр хатуу шийдсэн.., (уран сайхны) үймээн шуугиан дэгдээхэд бид мэргэжсэн хүмүүс. Энэ урсгал чиглэлийг хувьсгалжсан эрин зууны үр хүүхэд гэж зүгээр ч нэг нэрлээгүй" гэж бичсэн байдаг. Тэгэхээр тэд хүний оюун санааг дүрсээс чөлөөлөхөхийн тулд туурвидаг байна. Бид зааныг харагдаж байгаа заанаас өөрөөр харж, сэтгэхэд л сюрреализмын мөн чанар орших аж. 

 

 

Пабло Пикассо (1881-1973)

Хүний дүр төрхийг хэн хамгийн зөв хардаг вэ? Тэр гэрэл зурагчин уу, толь уу, эсвэл зураач уу? Пабло Пикассо

1973 онд Пикассо ойд байдаг урландаа найзуудаа оройн зоогонд уриад хамгийн сүүлчийнхээ хундаганы үгийг хэлсэн байдаг. Тэр үгэндээ юу гэж хэлсэн бэ гэхээр "Ууцгаая найзууд аа! Дахиад би та нартай ууж чадахгүй шүү дээ!" гэжээ. Энэ үгээ хэлсэн орой буюу дөрөвдүгээр сарын 8-нд тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Хожим нь яг жилийн дараа түүний энэ тоастаар The Beatles хамтлагийн Пол МакКартни "Picasso`s last word" гэх дуу хийсэн байдаг. Пикассог 93 насандаа хорвоог орхиход түүний урланд хэн нэгэнд өгч, бэлэглээгүй 5000 гаруй бүтээл үлджээ. 

Сальвадор Дали ба Пабло Пикассо үзэсгэлэнгийн тойм (фото 3)

Пикассогийн 93 жилийн домогт амьдрал

Пикассогийн амьдралыг товчхондоо "1900-ээд оноос өмнөх үе", "Цэнхэр үе", "Ягаан үе", "Модерн үе" гэх зэргээр тоймлож болдог. Модерн үе дотор Африкийн урлагийн нөлөөнд автаж, кубизмыг үндэслэж, сюрреализм, классизм зэрэг маш олон бүтээлч чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан урт цаг хугацааг авч үздэг. Тэрээр анх Францад ирэхдээ маш ядуу, хамгийн хямдхан цэнхэр өнгийн пастель будгаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн бол "Ягаан үе" нь эхлэхэд түүний нэрийг бүгд мэддэг болсон байлаа. Ингэж нэр алдарт хүргэсэн хамгийн анхдагч алдартай бүтээлүүдийн нэг нь 24 насандаа туурвисан "Авиньоны хүүхнүүд" гэх нүцгэн эмэгтэйчүүдийг дүрсэлсэн, кубист зураг юм.

Муу уран бүтээлч бол дуурайдаг. Сайн уран бүтээлч бол өөрөө хийдэг. Пабло Пикассо

Анх 1907 онд зурсан энэ зургийг 20 жилийн дараа л сэтгүүл дээр өнгөтөөр хэвлэх эрхийг нь өгч байсан, тухайн үедээ хамгийн орчин үеийн бөгөөд үнэ цэнэтэй зураг байжээ. А.Гитлер хүртэл тэрхүү "Авиньоны хүүхнүүд" зургийг устгах тушаал өгч, Пикасог дахиж зуруулахгүй байдалд хүргэхийг оролдож байсан гэдэг. Гэсэн хэдий ч Пикассо испани хүн болж төрснөөрөө бахархдагийн адилаар Испаний ард түмэн өөрсдийн соёлд маш хайртай хандаж чадсан байна. 

Германчууд 1937 онд Испаний баруун зүгт байрлах Герника хотыг бөмбөгдөхөд Пикассо өөрийн эх орныг нь бөмбөгдсөнд маш их харуусч, Герника гэх дэлхийн II дайны эсрэг урлагийн гол симбол болсон алдарт бүтээлээ туурвижээ. Тэр энэ бүтээлээрээ ХХ зууны долоон гайхамшгийн нэг гэгдэж, хүн өөрөө үнэт капитал болж болдгийн амьд жишээ болсон юм.

Амьдралын утга учрыг тайлсан Пикассо 

Сальвадор Дали ба Пабло Пикассо үзэсгэлэнгийн тойм (фото 4)

"Ээлжит дурлалт эмэгтэйгээсээ салахдаа би түүний хамгийн сүүлчийн зургийг шатаадаг. Ингэж би тэднээс ангижирдаг. Магадгүй ингэснээр залуу нас минь эргээд ирэх шиг болдог" гэж Пикассо бичиж үлдээж байжээ. Тэр залуудаа үнэхээр хүүхэмсэг, олон эмэгтэй сольсон хүн байгаад зогсохгүй, урлагийн талбар дахь өрсөлдөөнд олон зураачийн зүрхийг мохоож явсан хүчирхэг амбицтай хүн байсан аж. Тэгэхдээ тэр алдрын оргилд өнө удсаныхаа дараа, 65 наснаасаа хойш амьдралд огт өөрөөр ханддаг болсон байна. Пикассо 65 насандаа Францын Волерия гэх галерейд керамик хийж сурсан бөгөөд зургаа зурахдаа улам бүр хүүхэд шиг зурахыг хүсдэг байсан. Түүний эргэн тойронд нэг бол тэнгэрт тулсан магтаал дэгдэж, эсвэл газар дор ортол муулсан яриа хөвөрч байхад тэр алийг нь ч тоохоо болин, аль болох байгальтай ойрхон байж, амьтдыг гэр бүлийн гишүүн шиг харж, харилцахыг хичээх болжээ. Тэр 93 нас хүртлээ амьдрахдаа цуцашгүй хөдөлмөрч хэвээр байсан бөгөөд уран бүтээл туурвихаасаа гадна оюун санаагаараа маш олон суутнуудад нөлөөлж, уран бүтээлийн сэдлийг нь өгсөн байдаг. 

Пикассогийн цэвэр урлаг  

Та Сальвадор Дали, Пабло Пикассо нарын тухай илүү ихийг Вуди Аллений "Шөнө дундын Парис" болон алдарт зураач Модиглианигийн тухай хөрөг киноноос үзэж болно. Парисын бүх л сэхээтнүүд, урлагийн одууд цугларч, хоорондоо хэрхэн өрсөлдөж, бие биенээ хэрхэн хурцалж байсныг нь харахад үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг юм. Пикассо "Муу уран бүтээлч бол дуурайдаг. Сайн уран бүтээлч бол өөрөө хийдэг" гэж өрсөлдөөний талаар боддог байжээ. Тиймээс л тэр хожим нь улам бүр хүүхэд шиг зурахыг хичээж, давтагдашгүй байдлаа хадгалахыг эрмэлздэг байсан болов уу. 

-

Ингээд уншигч та бүхэнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олны урилгаар Монгол улсад өөрийн цуглуулга дахь Сальвадор Дали ба Пабло Пикассо нарын бүтээлээс дэлгэсэн Александр Шадрин эдгээр хоёр суут эрхмийн бүтээлүүдийг өөрийнхөөрөө тайлбарласан видео бичлэгийг хүргэе. Эндээс та тус үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн нарийн утга агуулга болон уран бүтээлчдийн тухай илүү ихийг сонсох болно. Мөн энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж, олон мянган монголчуудад гоо зүйн таашаал өгч, урлагийн боловсрол олгосон Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

цааш үзэх