Хайх

Sentiment: Модерн балетын тоглолт болно

Sentiment: Модерн балетын тоглолт болно

Ганцхан удаа

Text: Ж.Чинбат


Мэргэжлийн балетын жүжигчдээс бүрдсэн Nomadic Ballet продакшны Sentiment гэх нэртэй шоу тоглолт дөрөвдүгээр сарын 29-нд болох гэж байна. Неоклассик, сонгодог ба модерн бүжиг хосолсон үзүүлбэрүүдтэй, Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн энэ тоглолтын бэлтгэл дээр очиж сурвалжиллаа

Ази тивд анхны балетыг тавьж байсан Монголын ДБЭТ-ын 12 уран бүтээлч сонгодог уран бүтээлээсээ давж, илүү орчин үеийн шинэлэг зүйлсэд өөрсдийгөө сорьж эхлэхээр шийджээ. Дан мэргэжлийн бүжигчдээс бүрдсэн энэ хамт олон Nomadic Ballet нэрийн дор продакшн болон нэгдэж, цаашид олон уран бүтээл хийхээр төлөвлөсөн байна. Тэд анхны гараагаа дөрөвдүгээр сарын 29-нд тоглогдох Sentiment буюу Мэдрэхүй гэх тоглолтоор эхлүүлэх нь ээ.   

"Бид сонгодог балет бүжиглэхээс гадна өөр юу хийж чаддагаа харуулъя гэж зорьсон. Манай тоглолт тус бүрдээ хоёр хэсэгтэй, хоёр үзэгдлээс бүрдэх болно. Эхнийх нь дан модерн байх бол хоёр дах нь Майкл Жексоны дуунууд дээр бүжиглэх үзүүлбэрүүдтэй" хэмээн балетчин А.Өлзий-Орших хэллээ. 

Sentiment: Модерн балетын тоглолт болно (фото 1)

Тоглолтын бэлтгэлийн хэсгээс сонирхож үзэхэд өмнө нь олон удаа сонгодог бүжгэн жүжиг дээр хардаг байсан Б.Саруул, Г.Батчимэг, А.Өлзий-Орших, У.Анужин, М.Мөнхтуяа, Э.Эрдэнэжаргал зэрэг авьяаслаг бүжигчид маань маш чөлөөтэй, бас их эрч хүчтэй байлаа. Тэд дуртай зүйлээ хийж, өөрсдийнхөөрөө байгааг нь харахад маш аз жаргалтай байх шиг харагдсан. Ялангуяа Б.Саруулын гоцлож буй хэсэг болон балетын жүжигчид нийтээрээ Майкл Жексоны дуун дээр бүжиглэж буй үзэгдэл их сонирхолтой.

Магадгүй та монголын сор болсон эдгээр залуу уран бүтээлчид цэвэр сонгодог балетын дэглэлт болон өөрсдийн хүсэл, эрмэлзлэлээр хийж буй орчин үеийн тоглолт хоёрыг харьцуулж харахыг хүсч мэдэх юм. Тэгвэл үүнийг энэ ням гарагт болох Хунт нуур балет ба дөрөвдүгээр сарын 29-нд болох тэдний Sentiment тоглолт хоёроос харьцуулж хараарай. 

Sentiment: Модерн балетын тоглолт болно (фото 2)Sentiment: Модерн балетын тоглолт болно (фото 3)Sentiment: Модерн балетын тоглолт болно (фото 4)


цааш үзэх