Хайх

Жинхэнэ хайрын төлөө: Усгал бүжгэн жүжгээс мэдэрч, олж харах зүйлс

Жинхэнэ хайрын төлөө: Усгал бүжгэн жүжгээс мэдэрч, олж харах зүйлс

Орчин үеийн

Text: Ж.Чинбат


Хосууд заримдаа ус, гал хоёр шиг эрс, тэрс хүмүүс болж хувирах үе бий. Тэгэхдээ дурлалаас илүү хайрын төлөө тэмүүлдэг хүмүүс бие, биенээ хүлээн зөвшөөрч, харилцаандаа тэнцвэр олох хэрэгтэй гэдгийг илүү сайн мэддэг. Удахгүй тоглогдох гэж буй "Усгал" орчин үеийн бүжгэн жүжиг энэ сэдвийг танд бүжгийн хэлээр өгүүлэх болно

Өнгөрсөн арванхоёрдугаар сард анх тайзнаа тоглогдсон "Усгал" бүжгэн жүжиг тавдугаар сарын 25-нд дахин тоглогдох гэж байгаад олон хүмүүс баяртай байна. Нэгдүгээрт мэдээж контемпорари бүжиг үзэж, онцгой мэдрэмж авахыг хүссэн хүмүүсээс зочид бүрдэнэ. Хоёрдугаарт бүжгэн жүжиг орчин үеийн хэв маягтайгаас гадна маш гоё утга агуулгатай, "хайр"-ынхаа төлөө цохилдог зүрх бүхэнд нэн чухал санаа хэлэхийг зорьжээ.

Үүнийг яриулахаар бид Монголын урлагийн зөвлөлийн Урлаг, хөгжил хариуцсан дэд захирал Б.Номинтуяатай уулзлаа. Тэрээр монголын сор болсон балетчин МУГЖ Ч.Ганчимэг, АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компаний бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх нарын хамтаар бүтээсэн "Усгал" бүжгэн жүжгээ дахин нэг удаа үзэгчдийн хүртээл болгохоор зорьжээ. 

Жинхэнэ хайрын төлөө: Усгал бүжгэн жүжгээс мэдэрч, олж харах зүйлс (фото 1)

Бүжгэн жүжгийн гол агуулга нь:

"Гал усыг мөрөөдөв", "Ус галд дурлав", "Усгал" гэх гурван хэсгээс бүрдэнэ. Эдгээр нь хоёр хүн хоорондоо учирч, бие биенээ мэдэрч, бас сүүлд нь ямар нэг шалтгааны улмаас зөрчилдөх сэтгэлийн асуудлыг илтгэх юм. Нөгөө талаар зөвхөн хосуудын хайр сэтгэлээс гадна өнөөгийн монголчууд гурван өөр цаг үеийн төлөөллөөс бүрдэж байгаа гэдгийг ч бас бүжиг үзүүлэх болно. 

"Эрт үед монгол эмэгтэйчүүд эцгийн эрхт гэр бүлд төрж, тэр л ёсоор хадамд гардаг байсан бол социализмын үед эрчүүдтэй харьцангүй эн, тэнцүү харилцдаг болсон билээ. Тэгвэл өнөөгийн технологижсон эринд эмэгтэй хүн өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж, өөрийнхөө гаргасан шийдвэрт эзэн болж чаддаг болсон" гэж Б.Номинтуяа хэллээ. 

Жинхэнэ хайрын төлөө: Усгал бүжгэн жүжгээс мэдэрч, олж харах зүйлс (фото 2)

"Бүжгийн гурав дах хэсэг дээр эмэгтэй хүн өөрийнх нь дотроо мөрөөдөж байснаас өөр хүн амьдрал дээр гарч ирэхээр хайртай хүнтэйгээ тэрсэлдэж эхэлнэ. Ингэхээр өмнө нь "миний" нүдэнд харагдаж байсан хайртай хүнээ дотроо ургуулан бодож, бодит хүнтэйгээ харьцуулна. Тэгтэл яг бодит амьдрал дээр ингэж мөрөөдлөөрөө хандаж болохгүй, хайртай хүнтэйгээ эвлэрч, дасан зохицох хэрэгтэй юм гэдгийг би илэрхийлэн бүжиглэж байгаа" гэж МУГЖ Ч.Ганчимэг ярьлаа.   

Монголын урлагийн зөвлөл энэхүү бүжгэн жүжигтэй салшгүй холбоотой ажиллаж байгаа учраас энд ямар нэгэн санамсаргүй үйлдэл, жирийн хувцас, байдаг л нэг хөг аялгуу байхгүй. Бүх зүйл ямар нэгэн утга санааг агуулсан бэлгэдэлтэй аж. Тэгэхдээ хэрэв та бүхнийг хэт гүн, гүнзгий тайлж, унших сонирхолгүй байвал зүгээр бүжигчдийг харахад л хангалттай. 

"Контемпорари урлаг учраас үзэгчид бидний илэрхийлснээс өөр өнцгөөс харж, мэдэрч болно. Ч.Ганчимэг

Гол дүрийн бүжигчид ба балетмэйстер

Ази тивд хамгийн анх балет тоглосон монголчууд өнөөдөр идэвхтэй бүжиглэдэг 100 орчим мэргэжлийн балетын жүжигчинтэй. Тэднээс тавь орчим бүжигчин УДБЭТ-т харьяалагддаг ба тэд бүгд өөр, өөрсдийн өвөрмөц онцлогтой. Тэгвэл эдгээр бүжигчдээс тун цөөхөн нь контемпорари, модерн чиглэлээр бүжиглэж, өөрийн болгож чадсан байдаг. "Усгал" бүжгэн жүжгийн бэлтгэл дээр сонирхож үзэхэд Ч.Ганчимэг, Б.Одбаяр нарын биеийн хөдөлгөөн нь сонгодог болон неоклассик балетаас огт өөр болох нь шууд харагдсан.Жинхэнэ хайрын төлөө: Усгал бүжгэн жүжгээс мэдэрч, олж харах зүйлс (фото 3)

Тэд хэдийгээр сонгодог суурьтай бүжигчид боловч илэрхийлж буй сэдвээ дагаад хөдөлгөөн нь өөр, шинэлэг аж. Мөн гурав дах бүжигчин Д.Батсайхан бол балетчин биш, "Түмэн эх" чуулгын ардын бүжигчин учраас өнөөх уламжлалт, монгол ахуйтай илэрхийллийг гаргаж өгч байгаа юм. 

Бүжиг дэглээч Б.Одбаярын хувьд тэрээр Урлагийн зөвлөлийн зүгээс контемпорари бүжиг дэглээч гаргах зорилготой сургалтанд 2004, 2011 онд хамрагдан АНУ-д бэлтгэгдсэн залуу уран бүтээлч.  Бүжигчин Д.Батсайхан түүний талаар хэлэхдээ "Усгал бүжгэн жүжгийн гол онцлог бол модерн урсгалын дэглэлт юм. Надад дэглэлт хамгийн их таалагдсан бөгөөд хүмүүст ч мөн өмнө нь мэдрээгүй зүйлийг өгч чадна" гэлээ. 

Бүжгэн жүжигт үүнийг мөн видео урлаг, сонгодог хөгжим, хувцас загвар, үс засалт гээд олон элементээр илэрхийлжээ. Түүнчлэн жүжигт электроник, сонгодог, ардын гэсэн гурван өөр төрлийн хөгжим орж байгаа нь сонирхолтой болж, хэт уянгын, хэт романтик, хэт орчин үеийн биш, яг л тэнцвэрийг нь олсон санагдлаа. 

Жинхэнэ хайрын төлөө: Усгал бүжгэн жүжгээс мэдэрч, олж харах зүйлс (фото 4)

цааш үзэх