Хайх

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном

Бюро 24/7 зөвлөж байна

Text: Ж.Чинбат


Ертөнцийн өнгө бүхэн чуулдаг намар цаг айсуй. Тиймээс ирэх өдрүүдэд уран яруу бичлэгтэй шинэ номууд уншиж, өөрсдийн дотоод сэтгэлээ намрын байгаль шиг үзэсгэлэнтэй болгоцгооё

"Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадарна" гэх нэгэн сайхан үг байдаг. Эсрэгээр нь бас "Уншихгүй бол сэтгэхгүй" ч гэх үг бий. Тэгэхдээ хүмүүс бид үргэлж шинийг сэдэж, урд нь үзэж хараагүй сайхан зүйлийг сэрж мэдрэх дуртай. Тэрхүү сайханд тэмүүлэх хүсэл эрмэлзэлд цаг хугацааны хязгаар гэж үгүй. Ирээдүйд болох сайн сайхан зүйл, өнгөрсөнд үлдсэн сургамж, одоо цагт өрнөж байгаа сэтгэлгээний ололт гээд олон зүйлийг бид номоос олж үздэг билээ. Тийм ч учраас аль болох ихийг уншиж, урд нь үзээгүй газар оронтой танилцаж, олон төрлийн хүмүүсийн тухай мэдэх хэрэгтэй. Ингэснээр амьдралд хандах хүний хандлага улам бүр шинэчлэгддэг. Тийм эерэг хандлага танд төрүүлж, өөртөө итгэлтэй, өрөөлд энэрэлтэй явах сайхан мэдрэмжийг эдгээр номууд танд бэлэглэх болно.

Вольтер - Кандид буюу өөдрөг үзэл

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 1)

Хөгжилтэй, адал явдалтай Кандидын аялал биднийг эрт цагийн Европ, Африк, Америк тивээр аялуулж, тэр үеийн хүмүүс юунд итгэж, хэрхэн амьдарч байсныг харуулна. Зохиолын гол баатар Кандид бол философич багшийнхаа ачаар метафизик буюу амьдралын туйлын утга учир юунд оршдогийг шүүн тунгаах дуртай болсон дэвэргэн залуу юм. Түүний замд аз завшаан, уй харуусал хоёр ээлж дарааллан гарч ирнэ. Тэр хэнд ч гэм хор санаж яваагүй, язгууртан охинд дурласан ядуу залуу авч санамсаргүй тохиолдлоор католик шашны хамбыг хөнөөж, хайртай бүсгүйнхээ төрсөн ахыг илдээр хатгаж орхино. Түүнийг барих гэсэн шашны шүүхийнхнээс зугатаж явахдаа Кандид Эль Дарадо буюу эд баялгийг үл ойшоож, зөвхөн аз жаргалаар дүүрэн амьдардаг улсад очих болно. Гэвч Кандид хайртай эмэгтэйнхээ төлөө тэрхүү амьдын диваажинг орхихоор шийдэж, зуун хонь дүүрэн алт эрдэнэс аваад Европын зүг хөдлөнө. Алт, эрдэнэс байгаа газарт үргэлж худал хуурмаг, зуйрган бялдуучлал дагалдаж явдаг тул Кандидын аялал урагшлах тусам улам ээдрээтэй болох аж. Вольтер энэхүү зохиолоороо хүмүүс бидний өнөө хэр бүрэн гүйцэд таньж амжаагүй амьдралын утга учирын тухай өгүүлжээ. Эрх мэдэл, урлагийн сод бүтээлүүдийн мөн чанар, хүн бүхний сэтгэлийг татсан Парис хотын тухай огт өөр өнцөгөөс өгүүлсэн нь сонирхолтой. Номонд сэргэн мандалтын үеийн үйл явдлууд, философи ертөнцийн тухай маш их егөөдөл, өвөрмөц зүйрлэл оруулсан нь бүр ч илүү уншууртай ажээ. Тиймээс та энэ номыг уншаагүй бол өөрийнхөө мэдлэгийн ертөнцийг нэг сориод үзээрэй.

Никкола Макиавелли - Хунтайж

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 2)

"Аюул осолгүйгээр ямар ч зүйл агуу болдоггүй" гэдгийг Хунтайж бүтээлээрээ өгүүлсэн Никкола Макиавеллийг таван зуун жилийн туршид дэлхийн удирдагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчид уншсаар иржээ. Үүний учир маш энгийн. Тэр нийгмийн сэтгэл зүй тархай бутархай байх үед, өөр хоорондоо тэмцэлдсэн улс төрийн хямрал дээд цэгтээ хүрсэн цаг үед хүн өөрийгөө хэрхэн удирдан залж, хэнээс үлгэр дуурайл авч, хэрхэн хөдлөх хэрэгтэйг өгүүлсэн юм. Никкола Макиавелли өөрөө улс төрч, түүхч хүн байсны хувьд, амьдралын зовлон зүдгүүрийг туулж ялалтанд хүрч чадсан бие хүний хувьд өөрийн туршлага, үзэл бодлоо буулгасан нь энэхүү хэзээ ч үнэ цэнээ алдахгүй бүтээл болжээ. Тэрхүү үнэ цэнийг нь ойлгож уншиж чадсан хүн бусдад "Хунтайж" гэж хүндлэгдэж чадах суу билгийг эзэмшиж болох юм. Тэгэхдээ үүний тулд оюун санааны дасгал тогтмол хийж, бодол санаагаа шинэ сэргэг зүйлээр цэнэглэж, бас цэгцэлж байх хэрэгтэй гэдгийг энэ ном өгүүлнэ. Ерөнхийдөө хүнд шашин шүтлэг, мухар сүсгээс өөр өмнөө тавьсан бодот зорилго, хийе, бүтээе гэсэн хий хоосон санаанаас илүү хичээж зүтгэсэн үйлдэл, онол таамаглалаас илүү жинхэнэ туршлага чухал гэдгийг энэ бүтээл онцолсон байгаа. Ирээдүйгээ илүү сайхнаар бүтээх эрмэлзэлтэй орчин цагийн монгол хүний заавал унших хэрэгтэй номонд "Хунтайж" бүтээл орох болно.

Г.Аюурзана - Сахиуст хангайн нууц

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 3)

"Та ямар бүтээлдээ хамгийн хайртай вэ" гэсэн бидний асуултанд зохиолч Г.Аюурзана хариулахдаа, "Яг бичигдсэн даруйдаа ямар ч шүлэг хамгийн сайхан нь болчих шиг санагддаг даа, тиймээс шинэхэн болоод ч тэр үү, "Сахиуст Хангайн нууц" одоохондоо сэтгэлээс холдоогүй, хүүхдээр бол нялхын үнэртэйгээ байна. Энэ үнэрийг сарниахын тулд өөр ном л эхлэх хэрэгтэй" гэж хэлсэн юм. Харин та түүний хамгийн сүүлд бичсэн романыг уншиж амжаагүй бол энэ намрын өдрүүдэд заавал уншихыг хичээгээрэй. Үр дүнд нь Монголын уран зохиолын ертөнцөд сүүлийн үед гарсан шилдэг бүтээлтэй танилцаж, эх хэлний яруу сайхныг мэдрээд зогсохгүй нүүдэлч монголчууд юугаараа тийм гоц гойд, өвөрмөц мундаг юм бэ гэдгийг мэдэх болно. Насан туршийн хайр сэтгэл гэж байдгийг, дурлал хүнийг жаргаадаг ч бас зовоодог гэдгийг "Сахиуст хангайн нууц" бүтээлийн гол дүрүүдийн түүх өгүүлнэ.

Крис Родригес - Модернизм зурагт хөтөч

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 4)

Залуу үеийн орчуулагчид ямар түвшинд ажиллаж байгааг "Тагтаа" хэвлэлийн газрын чадварлаг уран бүтээлчдээр баримжаалж болно. Тэд дуун хөрвүүлэх урлагт шамдаж, "Тагтаа" хэвлэлийн газрыг нээснээс хойшхи таван жилийн хугацаанд Кафкагийн "Хувирлууд", Орхан Памукийн "Цас", Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" зэрэг монголд орчуулагдаж байгаагүй зохиолууд болоод Федерико Феллинигийн тухай "Зүүд бол цорын ганц бодит зүйл" зэрэг уншилгүй орхиж боломгүй олон бүтээлийг эх хэлнээ буулгасан юм. Утга зохиол, яруу найраг, урлагийн салбарт чиглэсэн тэдний бүтээлүүдэд мөн "Модернизм зурагт хөтөч" гэх нэгэн сонирхолтой ном бий. Та энэ бүтээлээс Модернизм гэж чухам юу болохыг товч бөгөөд тодорхой ойлгож, урлагийн ертөнцийн талаарх өөрийн мэдлэгээ улам бүр зузаатгах болно.

Кармин Галло - TED аргаар илтгэх нь

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 5)

Үгээр хүний сэтгэлийг байлдан дагуулж, өөрийн зорьсон зорилгодоо дөт замаар хурдан хүрэх боломжтой байдаг. Үүний тулд сайн илтгэгч байх хэрэгтэй. Харин яаж вэ гэдэг нь чухал. Хэрэв та өмнө нь илтгэл тавьж үзээгүй бол, олны өмнө гарч бусдад бодол санаагаа хуваалцаж үзээгүй бол энэ номыг уншсанаар өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй болно. Дэлхийн хамгийн шилдэг есөн TED илтгэгчидтэй хийсэн ярилцлага болон тэдний зөвлөмжүүдээр баяжуулсан Кармин Галлогийн бүтээлээс орчин үед хүмүүс өөрийн бодлоо хэрхэн цэгцэлж, хүмүүст хүргэх ямар арга хэрэглэж байгааг мэдэж аваарай. Бусдаас түрүүлж алхдаг хүмүүсийн бодол санаа таныг ч гэсэн олны өмнө амжилттай манлайлах арга замд хөтлөнө.

Сабахаттин Али - Арьсан хүрэмтэй Мадонна

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 6)

Сэтгэл хөдлөм хайрын түүх уншихыг хүсч байгаа хүмүүст хамгийн түрүүнд "Арьсан хүрэмтэй Мадонна" номыг санал болгох хэрэгтэй. Уран зураг үздэг, урлагийн бүтээл хэрхэн төрдөгийг сонирхдог хүмүүст ч энэ ном гайхалтай сайхан онгод хөглөгч байх болно. Туркийн хамгийн алдартай зохиолчдын нэгт зүй ёсоор тооцогддог Сабахаттин Алигийн бичсэн энэхүү зохиолд Туркээс гаралтай Райф гэх нэгэн эрийн жаргалтай хэрнээ эмгэнэлт түүх гардаг. Гаднаас нь харахад Райф хэнтэй ч дуугардаггүй, зожиг ганцаардмал хүн бөгөөд хэнд ч итгэхгүй гэсэн шиг ямар ч хүнтэй ярилцдаггүй. Тэгтэл тэр хүнд өвдөж, өөд болоход өөрийн амьдралын дуртатгалаа бичсэн өврийн дэвтрийг хамт ажилладаг залуу нь унших завшаан гарна. Тэнд дэлхийн I дайны дараа Берлин рүү сурахаар явсан залуухан Райфын амьдрал бодол санаа бүрэн байх аж. Уран зурагт дуртай Райф нэгэн өдөр "Арьсан хүрэмтэй Мадонна" гэх өөрийн хөргөө зурсан бүсүйн зурганд ухаангүй дурлана. Уран зохиолын олон суут дүрүүдээс цуглуулж бий болгосон мөрөөдлийн бүсгүй нь тэр байлаа. Зураач хэрнээ каберед дуулдаг тэр залуу бүсгүй хэнээс ч хараат амьдрахыг хүсдэггүй оргилуун сэтгэлтэй нэгэн бөгөөд Райфын амьдралыг бүрэн өөрчилнө. Райф ба Мадонна хоёр хэрхэн дурлаж, амьдарч бас тэдний хувь тавилан хаана дууссаныг та энэхүү бүтээлээс уншиж амтлаарай.

Т.Мандир - Саран зэв

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 7)

"Саран зэв" түүхэн зохиолыг уншиж байгаа хүн Холливүүдын адал явдалт кино үзэж байгаа мэт зугаатай мэдрэмжийг авах болно. Дэлхийн хамгийн суут жанжин хэмээн олон улсын түүхчид нэгэн зэрэг хүлээн зөвшөөрдөг Сүбээдэй баатар чухам юугаараа тийм гайхамшигтай байсан бэ гэдгийг энэхүү зохиолд өгүүлдэг юм. Чингис хаан Сүбээдэй баатарт төмөр тэрэгтэй цэрэг гарган өгч, Мэргидийн үлдэгдлийг нэхэн довтлохыг даалгана. Харин Сүбээдэй баатар энэхүү тушаалыг биелүүлэхдээ дайснаа сөнөөх тухай биш яаж аврах тухай илүү их бодно. Үүний тулд тагнуулын маш уран нарийн арга сийлэх бөгөөд олон давхар бодож тунгаасан тэрхүү төлөвлөгөө нь ямар эрсдэл дагуулж, хэрхэн төгсөхийг та энэхүү зохиолоос олж мэдээрэй. Дашрамд дурдахад Монголын эзэнт гүрнийг байгуулсан эрт цагийн хаад, баатруудын баримталдаг гол зүйл бол дэлхийн улс төрийн өрөг дээр нөхцөл байдал ямар байгааг урьдчилан мэдэж, өөрсдийнхөө төлөвлөгөөнд уялдуулж аливаа үйл явдлыг эртнээс хөдөлгөж, өдөөх байдаг гэдгийг энэ бүтээл танд үзүүлнэ.

Тони Бузан - Ой тогтоолтын нууцууд

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 8)

Орчин үед хүмүүс бид мэдээллийн асар том давалгаанд амьдарч байна. Өдөр тутам харж байгаа сэтгэл хөдөлгөсөн, гоё сайхан зүйлсийг бид ихэвчлэн харсан даруйдаа мартдаг. Улмаар хэт их мэдээллэжсэн нийгэмд хүмүүсийн ой тогтоолт муудах, хэрэгтэй зүйлээ хэрэгтэй цагтаа санаж чадахгүй байх зэрэг олон асуудал үүсэх болсон билээ. Үүнийг шийдэхэд Тони Бузаны "Ой тогтоолтын нууцууд" ном бидэнд туслана. Тони Бузан "Оюуны зураглал" нэртэй цуврал зургуудаараа дэлхийд алдартай хүн билээ. Та "Mind Map" гэх үгээр интернэтэд хайлт хийж үзвэл тэрээр хүний амьдрал ямар баялаг бүтэцтэй болохыг энгийнээр тайлбарласан зургуудыг нь олж үзэх болно. Хүн аз жаргалтай байхад ганцхан том зүйл хэрэгтэй биш төдийгүй бие, биеэсээ харилцан хамааралгүй асар олон зүйлс нэгдэж байж бидний амьдрал утга төгөлдөр байдаг гэдгийг тэрээр үзүүлсэн байдаг. Тони Бузан нийт 80 орчим номыг бие даан болон хамтран бичсэн арвин их туршлагатай хүн тул түүний зөвлөмж таны амьдралд хэрэг болох нь гарцаагүй.

Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 9)

Дэлхий тасралтгүй өөрчлөгдсөөр, хүмүүс бидэнд улам таатай болсоор байгаагийн гол шалтгаан бол ердөө л энэ 88 эрдэмтний амьдрал, нээлтээс улбаатай гэж хэлэхэд буруудахгүй. Шинжлэх ухааны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсан Гиппократаас Стифен Хокинг хүртэлх 88 эрдэмтний нээлт, бүтээлийнх нь ач холбогдол нь юу вэ гэдэг нэг номоос уншиж мэднэ гэдэг бол маш олзуурхууштай хэрэг юм. Учир нь дэлхий цаашдаа ч гэсэн хөгжин хувьсаж, шинжлэх ухааны хүрч, нээж чадаагүй олон зүйл биднийг хүлээж байгаа. Магадгүй тэрхүү ирээдүйн ололт амжилтыг монголчууд, тэр дундаа та болоод таны үр хүүхэд, найз нөхөд гаргах ч юм билүү. Тэр гэгээн замын эхлэлд энэхүү номыг уншвал ихийг хийж бүтээх урам зоригоор таныг мялаах болно.

Б.Галсансүх - Бурханд хэлэх зөвлөгөө

Энэ намар ямар ном унших вэ: Урлаг, уран зохиолын болон оюун ухаан хөгжүүлэх 10 ном (фото 10)

Яруу найраг гэдэг бол орчлон ертөнцийн харагдаж байгаа гоо сайхныг байгаагаар нь хэлэхийн нэр биш юм. Хэрэв тийм байсан бол яруу найраг энэ дэлхийн хамгийн уйтгартай зүйл байхсан. Гэвч амьдрал дээр Б.Галсансүх шиг модернистууд үе үе цөөн тоогоор төрж, гоо сайхны ерөнхий ойлголтонд автаж, хайрцаглагдсан хүмүүст сэтгэлгээний эрх чөлөөг олгодог нь сайн хэрэг. Тэрээр анх "Яруу найргийн төлөөх 100 жилийн дайн" нэртэй номоо гаргасан цагаас эхлэн ихэнх монголчуудын хувьд огт үзэж, танилцаагүй цоо шинэ ертөнцийг нээсээр ирсэн юм. "Сэтгэл гэдэг эрхтэн" шүлгийн товхимол нь хэвлэгдэн гарахдаа аливаа урлаг реалист, модернист, абстракт гээд ямар ч төрөлд хуваагдлаа гэсэн үүнийг сэрж мэдэрдэг сэтгэл бол амьд зүйл юм шүү гэдгийг хүмүүст тунхагласан билээ. Харин бидний санал болгож буй энэхүү "Бурханд хэлэх зөвлөгөө" яруу найргийн түүвэр бүтээлд түүний идэр залуугаасаа хойш бичсэн ихэнх шүлгүүд цөм багтсан байгаа. Ганцхан энэ ном таныг хорвоо ертөнцийн талаар олон зуун өөр өнцгөөр харах боломж олгож, сэтгэл оюуныг тань цэнгүүлнэ. Тэгэхдээ магадгүй өвтгөж ч мэдэх юм. Хэрэв та энэ номыг урд өмнө нь сөхөж байгаагүй бол монголын яруу найргийн хамгийн том ертөнцөд хөл тавьж үзээгүй байна гэсэн үг юм шүү.

цааш үзэх