Хэллоуинаар уншихад тохиромжтой жихүүдэс хүргэм 6 ном
Орон, орны номууд
Аймшгийн зохиолын марафон эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг бол мэдээж намрын дүнсгэр өдрүүд гэдэгтэй та санал нийлж байгаа биз дээ? Тэр тусмаа Хэллоуины баяр хаяанд ирсэн байгаа энэ үед нурууны үс босгом ном, зохиол уншиж "мэдрэлээ гижигдэхийг" хүсэж байгаа бол үүнээс илүү сайхан шалтаг гэж үгүй. Хэрэв та Хэллоуины баяраар костюм өмсөж, гадуур гарах дургүй бол гэртээ хөнжлөө нөмрөөд, гар чийдэнгээ асаан эдгээр орон, орны жихүүдэс хүргэм зохиолуудыг уншаарай.
"Valley of Terror", Жоу Хаохуй (Хятад)
Гэмт хэргийн сэдэвтэй зохиолуудаараа алдартай Хятадын зохиолч Жоу Хаохуйн "Valley of Terror" номонд нэгэн хотын иргэд "айдаст автах өвчинд" нэрвэгдэж байгаа тухай өгүүлдэг. Лунжоу мужийн иргэд хэт их айснаасаа болж учир битүүлгээр нас барж эхлэхэд цагдаагийн мөрдөгч, түүхч, сэтгэл зүйч нар хамтран хэргийн учрыг олохоор шийднэ. Мөн хот даяар тархаж байгаа энэхүү хачирхалтай өвчний учир шалтгааныг олохоор тэд Юннан мужийн уул руу аялах болно. Харин тэднийг ууланд юу хүлээж байгаа бол?
"The Vegetarian", Хан Канг (Өмнөд Солонгос)
Өмнөд Солонгосын нэрт зохиолч Хан Кангийн уг ном нь 2016 онд Букерын шагнал хүртэж мөн New York Times сонины шилдэг номуудын нэгээр шалгарсан юм. Зохиолын үйл явдалд Юн Хэ гэх залуу бүсгүй нэгэн шөнө аймшигт зүүд зүүдэлснээр мах идэхээ больж, гэр бүлээсээ өөрийгөө тусгаарлан, аажмаар галзуурч эхэлнэ.
"Such Small Hands", Андрес Барба (Испани)
Испанийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох "Premio Herralde"-гийн эзэн Андрес Барба "Such Small Hands" зохиолдоо долоон настай Марина охины тухай өгүүлдэг. Түүний эцэг эх ослын улмаас нас бардаг тул тэрээр нэгэн охидын асрамжийн газарт амьдрах хэрэг гарна. Гэхдээ Марина охин ганцаараа биш харин өөртэйгөө ижил нэртэй, том нүдтэй хачирхалтай хүүхэлдэйн хамтаар асрамжийн газар ирснээр хачирхалтай үйл явдлууд ар, араасаа цувран гарах болно.
"Now You're One of Us", Аса Нонами (Япон)
Богино хэмжээний өгүүллэгүүдээс бүрдсэн алдарт "Bødy" номын зохиолч Аса Нонамигийн энэхүү зохиол нь 1993 онд хэвлэгдэн гарч байсан юм. Номонд гэрлээд удаагүй байгаа Норико гэх бүсгүйн тухай өгүүлнэ. Эхэндээ бүсгүйн амьдрал төгс мэт санагдах боловч төд удалгүй нөхрийнхөө гэр бүлийн хар бараан нууцуудыг олж мэдсэнээр аймшигт үйл явдалд орооцолдох болно.
"Sawkill Girls", Клэр Легранд (АНУ)
New York Times-ын бестселлер "Furyborn" номын зохиолч Клэр Леграндын энэхүү шинэхэн бүтээл нь аравдугаар сарын эхээр хэвлэгдэн гарсан байгаа. Номонд учир битүүлэг үйл явдал төдийгүй эмэгтэйчүүдийн хүч чадал, эр зоригийг давхар харуулдгаараа онцлогтой. Сокилл арал дээр олон жилийн турш залуу охид алга болсоор иржээ. Харин Зоуи, Марион, Вэл гэх өсвөр насны гурван охин үүнийг зогсоохоор аймшигт "мангасын" эсрэг тэмцэхээр шийддэг.
"Шулмын Инээд", Ц.Ууганбаяр (Монгол)
Аймшгийн, триллер жанрын зохиолч Ц.Ууганбаярын цуврал зохиолуудаас бүрдсэн "Шулмын Инээд" номонд "Зоорь", "Хөргөгч", "Шуургатай шөнө" зэрэг нийт 10 өгүүллэг багтсан байгаа. Мөн түүний "Зоорь" өгүүллэгээс сэдэвлэсэн ижил нэртэй бүрэн хэмжээний аймшгийн кино 2014 онд гарч байсныг та санаж байгаа биз ээ. Ямартаа ч түүний өгүүллэгүүд танд айдас гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.