Канны кино наадмын үнэт эдлэл
Chopard Red Carpet 2016
Chopard брэнд эртнээс л кино урлагтай холбогдож иржээ. Тухайлбал сүүлийн 18 жилийн турш Канны кино наадмын албан ёсны түншээр ажиллаж байгаа. Тэд кино наадмын "Golden Palm" шагналыг урлаад зогсохгүй, улаан хивсний ёслолд зориулж "Red Carpet" нэртэй тусгай үнэт эдлэлийн цуглуулга бүтээжээ. Хамгийн анх 2007 онд брэндийн бүтээлч захирал Каролин Шойфеле Канны кино наадмын 60 жилийн ойд зориулж тус цуглуулгыг гаргаж байсан юм. Мөн жилээс жилд Chopard ордны мэргэжилтнүүд ур чадвар болон үнэт эдлэл урлах арга барилаа боловсронгуй болгосоор байгаа юм.
Харин Chopard брэнд 69 дэх Канны кино наадамд зориулж эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг магтан дуулсан 69 ширхэг үнэт эдлэлээс бүрдэх цуглуулга урлажээ. Эмэгтэй хүний гоолиг хүзүү болон цээж хэсгийг тодотгож өгөх торон нэхээсийг санагдуулам хүзүүний зүүлтүүд нь цуглуулгын гол онцлог болжээ. "Red Carpet" цуглуулгад орсон үнэт эдлэлүүд нарийн хийц бүхий гоёл чимэглэл сонирхдог хүмүүст таалагдах нь гарцаагүй. Үнэт эдлэлүүдийг төгс зүсэлттэй очир эрдэнэ, бадмаараг, маргад болон индранил чулуунуудаас гадна, нефрит, улбар шар анар болон хар, улаан өнгийн гэрэлт чимэд чулуугаар хийжээ. Мөн гоёл чимэглэлүүдэд титан суулгаж өгсөнөөр чулуунууд өнгөө хувиргах мэт солонгорч харагдана. Үүний тод жишээг "Дорнын өргөст хэмх"-тэй ээмэгнээс харж болно.
Мөн "Red Carpet" цуглуулгад "Green Carpet" нэртэй байгаль орчинд ээлтэй үнэт эдлэлийн капсулан цуглуулга багтаж байгаа юм. Тодруулбал, "Green Carpet" цуглуулгад орсон алт, очир эрдэнэ болон маргадыг байгаль орчинд хор нөлөөгүй тусгай аргаар олборлосон гэдгийг батлах гэрчилгээ дагалдаж ирнэ.