Марион Котийяр болон Луи Гаррель нар “From the Land of the Moon” киногоо Канны кино наадамд танилцууллаа
Николь Гарсия найруулсан
Mal de pierres буюу "From the Land of the Moon" кино нь 69 дэх Канны кино наадмын үндсэн хэсэгт өрсөлдөж гол шагнал болох "Golden Palm"-д нэр дэвшиж байгаа билээ. Найруулагч Николь Гарсиягийн бүтээсэн энэхүү киноны үйл явдалд Францын өмнөд зүгийн жижиг тосгонд өссөн Габриель хэмээх бүсгүйн тухай өгүүлнэ. Габриель хайргүй хүнтэйгээ гэрлэсэн бөгөөд санаандгүй тохиолдлоор Францын армийн дэслэгч Андре хэмээх залуутай учирснаар хайр гэж юу болохыг мэдэрдэг. "From the Land of the Moon" кинонд гол баатруудын 20 жилийн амьдралыг харуулах бөгөөд бид энэ хооронд Габриель, түүний нөхөр болон Андре нарыг янз бүрийн нөхцөл байдлаас хүлээн авах болно. Энэхүү кино нь Италийн зохиолч Милена Агусын зохиол дээр тулгуурлан бүтээгдсэн юм.
Канны кино наадмын улаан хивсэн дээр "From the Land of the Moon" киноны жүжигчдийн багаас гадна, Петра Немцова, Айшвария Рай, Кендалл Женнер болон Ванесса Паради нар хүрэлцэн иржээ.