Хайх

2025 онд нээлтээ хийх Disney-н шинэ бүтээлүүд: Snow White, Freaky Friday 2 болон бусад

Text: Э.Цовоо


Өнгөрөгч амралтын өдрүүдээр Disney компанийн кино сонирхогчдод зориулан хоёр жил тутамд зохион байгуулдаг D23 хэмээх чуулган болж өнгөрсөн билээ. Тэд тус арга хэмжээнийхээ үеэр ирээдүйд шинээр гаргах кино, хийхээр төлөвлөж буй төслүүдээ танилцуулсан юм. Ингээд 2025 онд Disney компанийн ямар бүтээлүүд нээлтээ хийх болсон тухай дэлгэрэнгүй танилцацгаая.


Captain America: Brave New World 

Нээлтээ хийх огноо: 2025 оны хоёрдугаар сарын 14

Captain America франчайзын дөрөв дэх анги болох тус бүтээл дээр шинэхэн ахмад Сэм Вилсоний талаар өгүүлэх ба түүний дүрийг жүжигчин Энтони Макки бүтээжээ. Харин ахмад жүжигчин Харрисон Форд тус кинонд Avengers-ийн багийг дахин шинээр бүрдүүлэх хүсэлтэй АНУ-ын ерөнхийлөгч буюу Улаан Халкийн дүрд тоглохоор болсон байна. Тус кино нь 2024 оны долоодугаар сард нээлтээ хийхээр товлогдоод байсан ч хойшилж ирэх онд үзэгчдийн хүртээл болохоор болжээ. 


Snow White

Нээлтээ хийх огноо: 2025 оны гуравдугаар сарын 21

2022 оноос хойш нээлтээ хийх хугацаа нь хэд, хэдэн удаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан Snow White киноны тов эцэст нь албан ёсоор зарлагдлаа. Үйл явдал 1937 онд гарж байсан анимейшн хувилбартайгаа ижилхэн байх бөгөөд найруулагчаар 500 Days of Summer, Gifted зэрэг бүтээлүүдээрээ танигдсан Марк Уэбб ажилласан аж. Харин гол дүрүүдийн хувьд үзэсгэлэнт Цасан гуа охины дүрийг жүжигчин Рэйчел Зеглер, хорон санаат хойд эхийн дүрийг жүжигчин Галь Гадот бүтээж байгаа юм. 


Elio

Нээлтээ хийх огноо: 2025 оны зургаадугаар сарын 13

Элио хэмээх хүү санамсаргүй байдлаар сансарт хөөрөн, гараг хоорондын байгууллага болох Коммуниверсын уулзалтад уригдана. Ийнхүү харь гаргийн хүмүүс хүүг дэлхийг төлөөлж ирсэн элч хэмээн андуурснаар тэдний хооронд хөгжилтэй бөгөөд сонирхолтой үйл явдлууд өрнөнө. 


Lilo & Stitch

Нээлтээ хийх огноо: 2025 оны зун

Анх 2002 онд үзэгчдийн хүртээл болж байсан Lilo & Stitch анимейшн бүрэн хэмжээний кино болж ирэх онд цацагдана. Өхөөрдөм Стичийн дүрд анхны хувилбар дээр дуу оруулж байсан Крис Сандерс дахин дуу оруулахаар болсон байна. Харин Лилогийн дүрд бяцхан жүжигчин Майя Кило тоглохоор болсон бол Лилогийн эгч Нанигийн дүрд залуу жүжигчин Сидней Элизабет Агудонг сонгогджээ.


Zootopia 2

Нээлтээ хийх огноо: 2025 оны арваннэгдүгээр сарын 25

Зальтай боловч сайхан сэтгэлтэй үнэг Ник болон өхөөрдөм мөрдөгч туулай Жуди нарын адал явдал дахин үргэлжилнэ. Энэ удаа тэд хотод нь гэнэтхэн гарч ирсэн аюулт хэвлээр явагчдыг мөшгөх нууцлаг даалгаврыг биелүүлэх шаардлагатай нүүр тулна. 

2025 онд нээлтээ хийх Disney-н шинэ бүтээлүүд: Snow White, Freaky Friday 2 болон бусад (фото 1)

Avatar: Fire and Ash

Нээлтээ хийх огноо: 2025 оны арванхоёрдугаар сарын 19

D23 чуулганы үеэр найруулагч Жеймс Камерон Avatar киноны гуравдугаар ангийн албан ёсны нэр болон нээлтийн товыг зарлажээ. Тэрээр энэ талаар "Энэ удаагийн анги сонирхолтой адал явдал, нүд баясгам хэсгүүдээр дүүрэн байх болно. Мөн олон шинэ дүрүүд нэмэгдэж байгаа ба үзэгчдэд тэдгээр дүрүүд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Эсрэгээрээ үзэн ядаж ч магадгүй юм" хэмээжээ. 

2025 онд нээлтээ хийх Disney-н шинэ бүтээлүүд: Snow White, Freaky Friday 2 болон бусад (фото 2)

Freakier Friday

Нээлтээ хийх огноо: 2025 онд

Нэгэнтэйгээ үргэлж үл ойлголцох ээж охин хоёрын сүнс гэнэтийн байдлаар солигдож буй талаар өгүүлэх Freaky Friday киноны үргэлжлэл анги Freakier Friday нэртэйгээр ирэх онд үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Гол дүрүүдийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд жүжигчин Жейми Ли Кертис, Линдси Лохан нар дахин ээж, охины дүрийг бүтээх юм. Мөн Never Have I Ever цувралаараа алдартай жүжигчин Майтрэй Рамакришнан жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгджээ. 

2025 онд нээлтээ хийх Disney-н шинэ бүтээлүүд: Snow White, Freaky Friday 2 болон бусад (фото 3)

Мөн D23 арга хэмжээний үеэр Pixar компанийн бүтээлч захирал Пит Доктер Toy Story франчайзын тав дахь анги болон The Incredibles киноны гуравдугаар ангийг бүтээх ажилдаа орсон гэдгээ мэдэгджээ. Toy Story киноны дараагийн ангид ухаалаг төхөөрөмжид хэт донтож, тоглоомуудаа тоохоо больсон хүүхдүүдийн тухай харуулах төлөвлөгөөтэй байгаа ба 2026 оны зун нээлтээ хийхээр товлогдсон аж. Харин The Incredibles 3 бүтээлийн нээлтийн тов болон үйл явдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэдий ч өмнөх ангиудыг найруулсан Брэд Берд тус төсөлд дахин ажиллах болсныг дуулгасан байна. 

2025 онд нээлтээ хийх Disney-н шинэ бүтээлүүд: Snow White, Freaky Friday 2 болон бусад (фото 4)
2025 онд нээлтээ хийх Disney-н шинэ бүтээлүүд: Snow White, Freaky Friday 2 болон бусад (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх