Хайх

96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд

96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд

Text: Buro.Mongolia


Кино урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулах хамгийн нэр хүндтэй наадам гэж хэлж болох Оскарын 96 дахь удаагийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн наадам өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад олон нийтийн дунд тун өндөр хүлээлттэй байсан төдийгүй тэр хэрээрээ сонирхолтой үйл явдал, сэтгэл хөдлөм мөчүүдээр дүүрэн байлаа. 

Ийнхүү бидний зүгээс энэ үдэш болж өнгөрсөн онцлох мөчүүдийг тоймлон хүргэж байна. 


"Oppenheimer" кино Оскарыг эзэгнэв

Энэ удаагийн наадамд "Oppenheimer" кино голлох долоон шагналыг өөрийн болгож үнэмлэхүй ялалт байгуулж чадсан билээ. Тэр дундаа найруулагч Кристофер Нолан, жүжигчин Киллиан Мерфи, Роберт Дауни Жр. нар карьерынхаа түүхэн дэх анхны Оскарын шагналаа өөрийн болгосон юм.

Найруулагч Кристофер Ноланы хувьд анх 2001 онд "Memento" киногоороо төрөлдөө нэр дэвшиж байсан бол жүжигчин Роберт Дауни Жр. 1993 онд "Chaplin" бүтээлээр "шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин" төрөлд өрсөлдөж байсан түүхтэй. Харин жүжигчин Киллиан Мерфи анх удаа Роберт Оппенаймерын дүрээр Академийн шагналд нэр дэвшиж, ялалт байгуулсан нь энэ бөгөөд тэрээр Оскарын "шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн анхны ирланд жүжигчин болж түүх бүтээлээ. 

96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд (фото 1)
"Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин" шагнал авсан Киллиан Мерфи
96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд (фото 2)
Киллиан Мерфи болон Кристофер Нолан
96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд (фото 3)
"Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагнал авсан Роберт Дауни Жр.

Эмма Стоуны гоёмсог даашинзны хөгтэй явдал

Жүжигчин Эмма Стоун "Poor Things" киногоороо хоёр дахь удаагаа "шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэж байна. Тэрээр энэ үдэш Louis Vuitton ордны дэрвэгэр хормойтой пеплум топоор дүр төрхөө бүрдүүлжээ. Тэгвэл түүний гоёмсог даашинзны цахилгаан наадмын үеэр урагдаж, Эмма Стоун шагналаа гардан авахдаа "Даашинз минь урагдчихаж. 'I'm Just Ken' дууны үзүүлбэрийн үеэр бүжиглэж байгаад урчихсан бололтой" хэмээн хошигнож, үзэгчид болон алдартнуудыг инээлгээд амжжээ. 

96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд (фото 4)

96 дахь удаагийн Оскарын онцлох од Месси

Тус үдэш уригдаж ирсэн зочдоос олны анхаарлыг хамгийн их татаж чадсан одоор "Anatomy of a Fall" киноны Месси нохой тодроод байна. Тэрээр өхөөрдөм, хөөрхөн эрвээхэй зангиагаар гоёж танхимд цугларсан зочдын хайрыг татаж чаджээ. Мөн Месси жүжигчин Райан Гослингтой 10 гаруй минут тоглож, дуучин Билли Айлиштай хамт цагийг зугаатай өнгөрүүлж, жүжигчин Брэдли Купертэй хуучны танилууд мэт л дотно байсан гэнэ. 

96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд (фото 5)

"Шилдэг хувцас дизайн" шагналыг гардуулахаар Жон Сина нүцгэн гарч ирэв

Оскарын наадмын үеэр сонирхолтой, гэнэтийн үйл явдлууд тохиолдох нь уламжлал болж тогтсон билээ. Тэгвэл энэ удаа "шилдэг хувцас дизайн" шагналыг гардуулахаар америкийн мэргэжлийн бөх, жүжигчин Жон Сина нүцгэн гарч ирж үзэгчдийг алмайрууллаа. Өмнө нь 1974 онд гэрэл зурагчин Роберт Опел Оскарын тайзнаа чармай нүцгэн гүйж байсан түүхтэй. 


“Godzilla Minus One” кино багынхны сонирхолтой гоёл

"Шилдэг дүрсний эффект" төрөлд "Godzilla Minus One" кино ялалт байгуулж бахдам амжилт гаргасан. "Godzilla" бүтээл нь 1954 онд анх үзэгчдийн хүртээл болж байсан ба ийнхүү 70 жилийн дараа франчайзынхаа түүхэн дэх анхны Оскараа хүртэж байгаа юм. Тэгвэл тус кино багынхны өмссөн мангасын сарвуу хэлбэр бүхий өсгийтэй гутал олны анхааралд өртжээ. Мөн киноныхоо өнгө аясад тохируулан хувцаслаж ирсэн тэдний дүр төрхийг олон нийт "үнэхээр шинэлэг, гоц гойд" хэмээн сайшааж, эерэг сэтгэгдлүүд үлдээсээр байна.

96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд (фото 6)

Арнольд Шварценеггер болон Дэнни ДеВито нар дахин хамтдаа

Энэ үдэш "Шилдэг дүрсний эффект" шагналыг гардуулахаар жүжигчин Арнольд Шварценеггер болон Дэнни ДеВито нар гарч ирлээ. Тэд 26 жилийн өмнө хамтдаа "Twins" кинонд тоглож байсан бөгөөд ийнхүү Оскарын тайзнаа эргэн нэгджээ. Шагнал гардуулахаасаа өмнө Дэнни ДеВито "Бүгд үзэсгэлэнтэй, сайхан харагдаж байна. Арнольд бид хоёр өнөөдөр хамтдаа байгаа нь учиртай шүү. Бид хоёр хоёулаа Бэтменийг алахыг завдаж байсан юм" хэмээн танхимд байсан зочдод инээд бэлэглэжээ. 

1992 онд жүжигчин Дэнни ДеВито "Batman Returns", 1997 онд жүжигчин Арнольд Шварценеггер "Batman & Robin" бүтээлд эсрэг дүр бүтээж байсан юм.

96 дахь удаагийн Оскарын наадмаас онцлох хамгийн сонирхолтой мөчүүд (фото 7)
Арнольд Шварценеггер болон Дэнни ДеВито

Оскарын тайзыг гоёсон үзүүлбэрүүд

Жүжигчин Райан Гослинг ягаан өнгийн хослолоор дүр төрхөө бүрдүүлэн "I'm Just Ken" дуугаараа гайхалтай үзүүлбэр үзүүлж, дараа нь дуучин Билли Айлиш өөрийн ах Финнеас О'Коннелл-тэй хамтран "What Was I Made For" дуугаа толилуулсан юм. Мөн "Killers of the Flower Moon" киноны дуу болох "Wahzhazhe (A Song for My People)" дууны үзүүлбэр наадмын хамгийн онцлох мөчүүдийн нэг байж чадлаа. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх