American Psycho киноны шинэчилсэн хувилбарт Остин Батлер гол дүр бүтээнэ
Өнгөрсөн сард алдарт American Psycho киноны шинэчилсэн хувилбар хийгдэхээр болсон тухай Lionsgate кино компани мэдэгдсэн. Ийнхүү тус мэдээлэл цацагдсанаас хойш "Гол дүрд хэн тоглох бол?" гэсэн асуулт кино сонирхогчдын дунд дэгдэж, Жейкоб Элорди, Жейк Жилленхол, Арми Хаммер зэрэг чадварлаг жүжигчдийн нэг нь тоглож магадгүй хэмээн яригдаж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Lionsgate кино компанийн зүгээс тус бүтээлд Elvis, The Dune: Part Two зэрэг кинонуудаараа алдартай жүжигчин Остин Батлер тоглох болсон тухай албан ёсоор мэдэгдлээ. Харин киноны найруулагчийн үүргийг Call Me by Your Name, Challengers зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан Лука Гуаданьино гүйцэтгэхээр болсон байна. Тэрээр киноны анхны хувилбарын хэв маягийг дагахаас илүүтэй American Psycho киноны эх зохиол буюу Брет Истон Эллисын 1991 онд гаргаж байсан ижил нэрт ном дээр тулгуурлан шинэчилсэн хувилбарыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэхдээ үйл явдлыг орчин үеийн хэв маягтай уялдуулж, илүү өвөрмөц, шинэлэг өнцгөөс харуулахаар зорьж байгаа гэдгээ мөн хуваалцжээ.
Эргэн сануулахад, American Psycho кинонд гаднаасаа баян, эрх мэдэлтэй, боловсон залуу мэт харагддаг боловч үнэндээ нарциссист зан чанартай, цуврал алуурчин Патрик Бейтманы тухай өгүүлдэг. Мөн тус кинонд 1980-аад оны үеийн АНУ-ын нийгмийн харанхуй, бүрхэг талуудыг сонирхолтойгоор тусгаж өгсөн байдаг билээ.
Одоогоор шинэчилсэн хувилбарт тоглох бусад жүжигчид, нээлтээ хийх огноо зэрэг чухал мэдээллүүд цацагдаагүй байгаа юм.