Хайх

Бид Netflix-ийн “Sex Education” цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэй вэ?

Бид Netflix-ийн “Sex Education” цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэй вэ?

Бэлгийн боловсрол олгох ухаалаг бөгөөд сонирхолтой арга

Text: Г.Тэмүүлэн


Хэдхэн хоногийн өмнөөс Netflix тавцан дээр "Sex Education" буюу "Бэлгийн боловсрол" нэртэй Их Британийн инээдмийн драм жанрын цуврал гарч эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар энэхүү цувралыг 40 гаруй сая хүн үзээд амжсан бөгөөд уг бүтээл нь Rotten Tomatoes вебсайтаас 91% үнэлгээ аваад байгаа юм. Ингээд өсвөр насныханд тулгардаг адармаатай асуудлуудыг хөгжилтэй, сургамжтай байдлаар харуулдаг Лори Нанны бүтээсэн "Sex Education" цувралын талаар танилцуулж байна. 

Юуны тухай өгүүлдэг вэ?

Отис хэмээх ичимхий өсвөр насны хүү Жин нэртэй сексологич ээжийнхээ хамтаар Их Британийн нэгэн жижиг хотод амьдарна. Ямар ч сексийн туршлагагүй Отис ээжийнхээ гоц авьяасыг өвлөж авсныг түүний ахлах сургуулийн ангийн охин Мэйв анзаарч хардаг бөгөөд улмаар тэд ахлах сургуулийнхаа сурагчдад бэлгийн харилцааны талаар зөвлөгөө өгөхөөр шийддэг. Гэхдээ мэдээж хэрэг мөнгөөр! Хачирхалтай нь тун удалгүй тэдний бизнес "цэцэглэж", Отис ухаалаг, бусдыг ойлгодог, тэвчээртэй мөн хамгийн гол нь үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг ахлах сургуулийн сексологич болон хувирна.

Бид Netflix-ийн “Sex Education” цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 1)

Яагаад үзэх хэрэгтэй вэ?

"Sex Education" цувралд хүмүүсийн төдийлөн яриад байдаггүй, тэр дундаа эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцахаас эмээдэг ч заавал хөндөх хэрэгтэй сэдвийг хөгжилтэй, илэн далангүй, сургамжтай байдлаар харуулснаараа онцлог болсон. Үүнээс гадна цувралын уран бүтээлчид үйл явдалд секс болон сэтгэл зүйг чадварлагаар хослуулж чадсан юм. Тухайлбал кинонд анхны секс, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадвар, эцэг эх болон хүүхдүүдийн хоорондын адармаатай харилцаа, өсвөр насны жирэмслэлт мөн мэдээж хэрэг хайр дурлал гээд зөвхөн өсвөр насныхны төдийгүй насанд хүрэгчдийн зайлшгүй мэдэх шаардлагатай маш чухал сэдвүүдийг хөнддөг. Ерөнхийдөө энэхүү цуврал нь хэрэгтэй мэдээлэл өгөхөөс гадна, эерэг уур амьсгалтай, хөгжилтэй, романтик, адал явдлаар дүүрэн бүтээл болсон байгаа.

Хэн тоглосон бэ?

Бага зэрэг эв хавгүй, гэнэн Отисын дүрд Английн залуу жүжигчин Эйса Баттерфилд (The Boy in the Striped Pyjamas) тоглосон бол түүний ээж, мэргэжлийн болоод хувийн баялаг туршлагатай сексологич Жиний дүрийг Эммигийн шагналт жүжигчин Жилиан Андерсон (X-Files) бүтээсэн байна. Түүнчлэн Отисын ахлах сургуулийн найз Мэйв ба Эрик нарын дүрд жүжигчин Эмма Маккей, Нкути Гатва зэрэг залуу жүжигчид тогложээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх