Эмми 2022: Ялагчид тодорлоо!
Телевизийн салбарын энэ оны шилдгүүдийг хүлээн авна уу
Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулах 74 дэх удаагийн оргил цагийн Эммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Өмнө оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 31-ны өдрийн хооронд телевизийн оргил буюу оройн цагаар цацагдсан бүтээлүүдээс шилдгийн шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна.
Хамгийн голлох шагналууд болох Шилдэг инээдмийн цувралаар Apple TV+-ийн бүтээл “Ted Lasso” хоёр дахь жилдээ дараалан нэрлэгдсэн бол Шилдэг драмын цувралын шагналыг олон шүүмжлэгчдийн таамаглаж байсанчлан “Succession” хүртлээ.
Шилдэг эрэгтэй драмын гол дүрийн шагналыг “Squid Game”-ийн Ли Жон Хэ хүртсэнээр уг төрөлд Эмми хүртсэн анхны ази гаралтай жүжигчин болсон бол Шилдэг эмэгтэй драмын гол дүрийн шагналын эзнээр Зендея тодорч мөн тус төрөлд Эммийн эзэн болсон анхны өнгөт арьстай жүжигчин болж хоёул түүхэнд нэрээ мөнхөллөө. Туслах дүрүүдэд харин “Succession”-ны Мэттью Макфэдиен анх удаагаа, “Ozark”-ийн Жулиа Гарнер гурав дахь удаагаа шилдгээр нэрлэгдэв.
Инээдмийн цувралууд дунд Шилдэг эрэгтэй болон эмэгтэй гол дүрүүдийн шагналыг Жейсон Садейкис, Жин Смарт нар хүртсэн бол туслах дүрийн шагнал Бретт Голдстайн, Шерил Ли Ральф нарын гарт очлоо.
Богино хэмжээний цувралын тухайд шилдгийн шилдгээр “The White Lotus”, туслах дүрүүдэд мөн тус цувралын жүжигчид, гол дүрүүдийн шилдгээр “The Dropout”-ийн Аманда Сейфрид, “Dopesick”-ийн Майкл Китон нар тодров.
Шилдэг драмын найруулгаар “Squid Game”-ийн эхний анги “Red Light, Green Light” шалгарсан нь англиас өөр хэл дээр шагнал хүртсэн анхны тохиолдол ба найруулагч Хан Дон Хюк мөн тус төрөлд шагнал хүртэж буй анхны ази найруулагч боллоо.