Хайх

Энэ хавар нээлтээ хийнэ: Заавал кино театрт үзэх хэрэгтэй 10 кино

Энэ хавар нээлтээ хийнэ: Заавал кино театрт үзэх хэрэгтэй 10 кино

2017 оны

Text: Г.Тэмүүлэн


Энэ хавар маш их хүлээлттэй байгаа, асар өндөр өртгөөр бүтсэн 10 чухал киног бид та бүхэнд танилцуулж байна. Дуу, дүрсний гайхамшгийг мэдэрч, киноны үйл явдалд бүрэн автахыг хүсвэл эдгээр бүтээлүүдийг заавал кино театрт үзэхийг зөвлөе!

"Logan"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 3

"Wolverine" франчайзын сүүлчийн анги болох "Logan" кинонд Хью Жекман эцсийн удаа энэхүү комикс баатрын дүрийг бүтээсэн байгаа. Жеймс Мэнголд найруулсан энэхүү киноны үйл явдалд Логан (Жекман) өвчтэй байгаа профессор Иксийг харж хандах бөгөөд тэрээр Мексикийн хил дээр гадаад ертөнцөөс нуугдахыг хичээнэ. Гэвч түүний амьдралд өөртэй нь ижил чадвартай мутант хүүхэд гарч ирснээр Логаны тайван амьдралд төгсгөл ирнэ.

"Kong: Skull Island"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 10

Бри Ларсон, Том Хиддлстон, Сэмюэл Л. Жексон нарын голд дүрд нь тоглосон энэхүү адал явдал, уран зөгнөлт кинонд судлаачид ба цэргүүдээс бүрдсэн бүлэг хүмүүс Номхон далайн ойролцоох нэгэн учир битүүлэг арал дээр очно. Энэхүү арал дээр тэд аймшигт мангаснуудтай, тэр дундаа домог болсон Кинг Конг гэх аварга гориллатай нүүр тулна.

"Beauty and the Beast"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 17

Энэхүү үлгэрийн киноны бүх гайхамшгийг мэдрэхийн тулд нээлтээ хийсэн даруйд нь заавал кино театрт үзэх хэрэгтэй. Эмма Уотсоны тоглосон уг кино анх 1991 онд бүтээгдсэн ижил нэртэй анимэйшн киноноос сэдэвлэсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Ингээд Билл Кондон бидний хүүхэд насны дурсамжит киног хэрхэн бүрэн хэмжээний бүтээл болгосныг харахад тун бага хугацаа үлдээд байна.

"Life"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 24

Их Британи ба АНУ-ын уран бүтээлчдийн хамтарч бүтээсэн энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд Олон улсын сансрын станцын багийнхан Ангараг гараг дээр амьдрал байгааг олж илрүүлнэ. Гэвч тэдний энэ нээлт багийн гишүүдийг ямар аюулд хүргэхийг төсөөлөх ч үгүй. "Life" киноны гол дүрийг Райан Рейнольдс, Жейк Жилленхол, Ребекка Фергюсон нар бүтээсэн байна.

"Power Rangers"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 24

Бидний хүүхэд насандаа үздэг байсан супер баатруудын тухай бас нэг киног энэ жил дахин шинэчилжээ. Киноны үйл явдалд ахлах сургуулийн таван сурагч нэгэн хачирхалтай явдлын дараа ер бусын чадвартай болох бөгөөд тэд үүнийгээ дэлхийг аврахад ашиглана. Киноны гол дүрүүдэд ихэвчлэн залуу жүжигчид тоглосон ч Брайан Крэнстон, Элизабет Бэнкс зэрэг супер одууд мөн оролцжээ.

"Ghost in the Shell"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 31

Масамунэ Сирогийн домогт манганаас сэдэвлэсэн "Ghost in the Shell" кино гол дүрийн жүжигчний сонголтоос болж маш их шуугиан тариад байгаа. Учир нь найруулагч Руперт Сандерс гол дүрд Ази гаралтай жүжигчин биш америкийн жүжигчин Скарлетт Йоханссоныг тоглуулсан нь тус манганы шүтэн бишрэгчдийн урмыг хугалсан юм. Киноны үйл явдалд Мотоко Кусанаги гэх киборг цагдаа (Йоханссон) Японы дотоод хэргийн яамны тусгай "Есдүгээр тасаг"-ийг ахалдаг бөгөөд жирийн цагдаа нар дийлдэггүй, хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ.

"The Fate of the Furious"

Хэзээ: 2017 оны дөрөвдүгээр сарын 14

Хэзээ ч дуусдаггүй "Fast and the Furious" франчайзын наймдугаар ангийг энэ удаад найруулагч Ф. Гэри Грей бүтээсэн байна. Үйл явдалд гол дүрийн баатрууд "тоглоомноос гарч" энгийн амьдралаар амьдарна. Гэвч Домыг (Вин Дизель) нэгэн нууцлаг эмэгтэй гэмт хэргийн ертөнцөд уруу татан оруулах бөгөөд энэ удаад тэр ойр дотны бүх хүмүүсээс урвах аюултай үйл явдалд орооцолдоно. Гол дүрд Вин Дизель, Дуэйн Жонсон, Тайриз Гибсон, Ludacris, Мишель Родригес мөн Шарлиз Терон тоглосон байна.

"Guardians of the Galaxy Vol. 2"

Хэзээ: 2017 оны тавдугаар сарын 5

Анх 2014 онд гарсан супер баатруудтай "Guardian's of the Galaxy" киноны хоёрдугаар ангид Питер Квилл ба түүний баг гараг ертөнцөөр үргэлжлүүлэн аялна. Мөн тэд Питер Квиллийн гарал үүслийг олоход тусалж, цоо шинэ адал явдалтай учирдаг. Харь гарагийн супер баатруудын дүрд Крис Пратт, Зоуи Салдана, Брэдли Купер, Вин Дизель, Дэйв Батиста нар тогложээ.

"Alien: Covenant"

Хэзээ: 2017 оны тавдугаар сарын 19

Алдарт шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн "Alien" киноны зургаадугаар анги болох "Alien: Covenant"-ыг домогт найруулагч Ридли Скотт бүтээсэн байна. Харин гол дүрд Майкл Фассбендер, Жеймс Франко нар тогложээ. Үйл явдалд "Covenant" гэдэг сансрын хөлгийн баг нэгэн шинэ гараг олж нээх бөгөөд энд тэднийг аймшигт мангасуудын ертөнц хүлээж байгааг гадарлахгүй.

"Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales"

Хэзээ: 2017 оны тавдугаар сарын 26

Disney кино компанийн "Карибын тэнгисийн дээрэмчид"-ийн тав дах анги болох "Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales" кинонд ахмад Жек Спарроугийн хуучны дайсан болох ахмад Салазар ба хий үзэгдлээс бүрдсэн түүний далайн дээрэмчдийн баг гарч ирдэг. Ахмад Салазар ба түүний баг "Чөтгөрийн гурвалжин"-гаас зугтаж чадсан бөгөөд одоо зөвхөн Жек Спарроуг төдийгүй, далайн бүх дээрэмчдийг устгахыг зорино. Энэ удаад Карибын тэнгисийн дээрэмчдийн шинэ ангийг Норвегийн кино найруулагчид болох Хоаким Роннинг ба Эспен Сандберг нар бүтээжээ. Жонни Депп, Орландо Блум нар дүрдээ эргэн ирж байгаа бол жүжигчин Хавьер Бардем гол эсрэг дүрд тоглосон байна.

цааш үзэх