Хайх

Энэ намар заавал үзэх ёстой 11 кино

Энэ намар заавал үзэх ёстой 11 кино

Хамгийн чухал кинонууд

Text: Г.Тэмүүлэн


Тун удахгүй Оскарт нэр дэвших кинонууд зарлагдаж, Академийн кино шагнал гардуулах ёслолыг тойрсон их шуугиан эхэлнэ. Харин бид түүнээс урьтаж энэ намар нээлтээ хийх хамгийн чухал кинонуудаас онцолж байна

"Miss Peregrine's Home for Peculiar Children"

Хэзээ: Есдүгээр сарын 30

Рэнсом Риггзийн зохиолоос сэдэвлэж, Тим Буртон найруулсан энэхүү адал явдал, уран зөгнөлт кинонд ер бусын өнчин хүүхдүүдийн тухай гарна. Тэд Перегрин хэмээх онцгой чадвартай авхайн асрамжийн газар амьдрах бөгөөд хүүхдүүдийг устгах хүсэлтэй аймшигт мангаснуудаас өөрсдийгөө хамгаалах хэрэг гардаг. "Miss Peregrine's Home for Peculiar Children" киноны гол дүрд Ева Грин, Эйса Баттерфилд, Сэмюэл Л.Жексон болон бусад жүжигчид тогложээ.

"The Girl on the Train"

Хэзээ: Аравдугаар сарын 7

Пола Хокинсын ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэхүү кинонд Рейчел Уотсон хэмээх бүсгүйн хачирхалтай түүхийг өгүүлдэг. Рейчел нөхрөөсөө салсан бөгөөд өдөр бүр ажилдаа явахаар Лондон хүрэх галт тэргэнд суудаг. Тэрээр галт тэргээр явах замдаа хуучин амьдарч байсан байшиндаа салсан нөхрөө шинэ гэр бүлийнх нь хамт хардаг байна. Өөрийн зовлонгоо мартахын тулд өмнөх байрнаас холгүй байдаг Меган ба Скотт Хипвелл гэх хоёр хосыг галт тэрэгний цонхоор ажиглаж эхлэнэ. Төр бодолдоо төгс гэр бүлийн дүр зургийг өөрийнхөөрөө төсөөлдөг. Гэвч нэг өдөр Рэйчел Меган ор сураггүй алга болсныг олж мэдээд өөрөө хэргийг мөрдөж эхэлнэ. Хамгийн хачирхалтай нь Меган Хипвеллийг алга болдог өдөр Рэйчел өөрөө хаана байсан, юу хийснээ огт санахгүй.

"Inferno"

Хэзээ: Аравдугаар сарын 28

Дэн Брауны зохиолоос сэдэвлэсэн "The Da Vinci Code", "Angels & Demons" киноны үргэлжлэл болох энэхүү бүтээлийг Рон Ховард дахин найруулсан байна. Мөн тус киноны гол баатар болох профессор Роберт Лэнгдоны дүрийг Том Хэнкс бүтээжээ. Профессор Лэнгдон Италийн Флоренц хотын нэгэн эмнэлэгт ой санамжаа алдсан байдалтай сэрдэг. Ямар нэг шалтгаанаар түүнийг хүмүүс хөнөөх гэж оролдох бөгөөд тэр энэ нь яруу найрагч Дантегийн XIV зуунд бичсэн "Divine Comedy" туулиас гарч ирсэн учир битүүлэг зурвастай холбоотой болж таардаг. Мөн Лэнгдон энэ удаад амьдралдаа тулгарч байсан хамгийн хэцүү давааг туулах хэрэг гарна. Эс бөгөөс дэлхийн нийт тахлын вирусээр үрэгдэхэд хүрдэг.

"Bridget Jones's Baby"

Хэзээ: Есдүгээр сарын 16

Бриджит Жонс 12 жилийн дараа эргэн ирж байна. Тэр Марк Дарсигаас салсныхаа дараа өөрийн карьерт анхаарлаа хандуулахаар шийднэ. Бриджитийн энэхүү зорилго тэгэхдээ хэсэг хугацаанд төлөвлөгөөний дагуу явдаг. Гэвч тэр Жек гэдэг дур булаам америк залуутай танилцсанаар бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. Одоо Бриджит бие давхар болсон бөгөөд удахгүй төрөх хүүхдийнх нь эцэг Марк уу эсвэл Жек уу гэдэг асуудал гарч иржээ. Киноны найруулагчаар Bridget Jones's Diary киног хийж байсан Шерон Магуайр ажилласан бол дүрүүдэд Рене Зеллвегер, Колин Ферт, Патрик Демпси нар тоглосон байна.

"Trolls"

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 4

"Shrek"-ийн уран бүтээлчдийн хийсэн энэхүү анимэйшн кинонд дуучин Жастин Тимберлэйк, Анна Кендрик, Зоуи Дешанель, Рассел Брэнд, Гвен Стефани, Жеймс Корден нар тоглосон байна. Брэнч (Тимберлэйк) гэх ууртай тролл Поппи гэдэг троллуудын гүнжтэй хамт аймшигт мангасаас бусдыгаа аврахын төлөө тэмцэнэ. Сонирхуулахад, Жастин Тимберлэйк энэхүү киноны "Can't Stop the Feeling" дууг дуулсан байгаа.

"The Light Between Oceans"

Хэзээ: Есдүгээр сарын 2

Зохиолч М.Л.Стедманы бестселлер номоос сэдэвлэн бүтээсэн "The Light Between Oceans" утга уянгын кино нь гэрэлт цамхагийн харуул хийдэг хосын талаар өгүүлдэг. Нэгэн удаа тэд эрэг дагуу хөвөх завьнаас нялх хүүхэд олж, түүнийг өсгөхөөр шийддэг ч олон хэцүү сонголтуудтай тулгарах болно. Киноны гол дүрд Алисия Викандер, Майкл Фассбендер нар тоглосон юм. Харин найруулагчаар Дерек Сиенфрэнс ажиллажээ.

"The Accountant"

Хэзээ: Аравдугаар сарын 14

Гэвин О'Коннорын найруулсан тус адал явдалт триллер киноны гол дүрийг жүжигчин Бен Аффлек бүтээжээ. Жижиг хотод нягтлан хийдэг Кристиан гэх залуу үнэн хэрэгтээ дэлхийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлгүүдийн тайлан тооцоог хийж өгдөг. "The Accountant" киноны гол дүрд Бен Аффлекаас гадна, Анна Кендрик ба Оскарын шагналт жүжигчин Жей.Кей. Симмонс нар тоглосон байна.

"The Blair Witch"

Хэзээ: Есдүгээр сарын 16

Анх 1999 онд гарч байсан "The Blair Witch Project" аймшгийн киноны үргэлжлэл болох энэхүү киног Адам Вингард найруулсан байна. Өмнөх анги дээр ор сураггүй алга болсон Хитер Донахьюгийн дүү найзуудынхаа хамтаар Мэрилэнд дэх аймшигт "Black Hills Forest" руу очно. Харин тэднийг өмнө нь ямар их аймшигтай үйл явдал хүлээж байгааг тэд төсөөлөх ч үгүй.

"The Magnificent Seven"

Хэзээ: Есдүгээр сарын 23

Антуан Фукуагийн найруулсан энэхүү кинонд дээрэмчдийн буудалцаан, зоригт баатрууд гээд барууны стилийн кинонд байдаг бүхий л элементүүд оржээ. Гол дүрд Дензел Вашингтон, Крис Пратт, Итан Хоук зэрэг алдартай жүжигчид тоглосон байна. Энэхүү кино нь 1960 онд нээлтээ хийж байсан ижил нэртэй дэлгэцийн бүтээлийн шинэчилсэн хувилбар юм. Тэгэхдээ бүр анхны хувилбар нь бол домогт Акира Курасавагийн "Seven Samurai" кино билээ.

"Sully"

Хэзээ: Есдүгээр сарын 9

Том Хэнксийн тоглосон, удахгүй нээлтээ хийх гэж буй бас нэг кино бол "Sully" юм. Энэхүү бүтээл нь намтарчилсан утга уянгын төрөлд багтах кино бөгөөд найруулагчаар нь Клинт Иствуд ажиллажээ. Анх 2009 оны нэгдүгээр сард дэлхий нийт "Хадсон гол дээрхи гайхамшиг" нэртэй үйл явдлын гэрч болсон юм. Тодруулбал, Салленбергер гэх А320 агаарын хөлгийн ахмад Хадсон гол дээр ослын буулт хийж 155 хүний амийг аварсан. Гэвч түүний карьер, нэр хүндийг үгүй хийж мэдэх мөрдлөг эхэлж, ээдрээтэй үйл явдал өрнөсөн гэдгийг  хүмүүс тэр бүр мэддэггүй аж. 

"Snowden"

Хэзээ: Есдүгээр сарын 16

Энэхүү улс төрийн агуулгатай намтарчилсан кино нь Люк Хардингийн "The Snowden Files" ба Анатолий Кучеренагийн "Time of the Octopus" гэдэг хоёр номноос сэдэвлэн хийгдсэн байна. Киноны найруулагчаар Оливер Стоун ажиллаж, Эдвард Сноудений дүрд Жозеф Гордон-Левитт тогложээ. Анх 2013 онд АНУ-ын Тагнуулын Төв Газарт технигч хийдэг байсан Эдвард Сноуден Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн нууц мэдээллийг "The Guardian" сонинд цацаж шуугиан тарьж байсан юм. Тэрээр АНУ-ын Засгийн газар иргэдээ тандаж байсныг олон нийтэд ил болгосон билээ. Харин тэрхүү саяхны дуулиант түүхийн дотор ямар хэрэг явдал өрнөсөн байж болохыг бид удахгүй үзэж, нягтлах нь ээ.

цааш үзэх