Хайх

Гари Олдман: “Жорж Клуни яагаад тэдгээр кофе чанагчийг сурталчлаад байна гэж бодож байна?”

Гари Олдман: “Жорж Клуни яагаад тэдгээр кофе чанагчийг сурталчлаад байна гэж бодож байна?”

Кино салбар, телевиз болон загварын талаар английн жүжигчин ярьсан нь

Text: Buro.Mongolia


Бидэнд жүжигчин Гари Олдман үргэлж таалагддаг байсан. Харин түүнийг 2012 онд Prada-гийн сурталчилгаанд тоглосноос хойш бүр их дурласан. Эцэст нь тохиромжтой нөхцөл байдал бүрдсэнээр манай англи дахь сурвалжлагч Холливудын ахмад жүжигчинтэй уулзаж амин чухал асуултууд тавихаар явлаа.

 

Гари Олдмантай уулзах шалтаг нь саяхан нээлтээ хийсэн уран зөгнөлт адал явдалт "Бичин гараг: Хувьсгал" кино болсон юм. Тэрбээр энэ кинонд аймшигт вирусын тархалтын дараа амьд үлдсэн удирдагчдын нэг нь болж тоглосон. Бид түүнтэй уулзах шалтаг нь нэг ч гэсэн шалтгаан нь олон байлаа. Яагаад Хари нэгэн үед загвар өмсөгч болохоор шийдэж байсан юм бол гээд гэх зэрэг асуултууд бэлдсэн юм.

 

Гари, таны хувьд "Бичин гараг" кино нь онцгой ач холбогдолтой байсан уу аль эсвэл ээлжит нэгэн кино юу?

Хэдийгээр бүтээлд зарцуулсан хөрөнгийг мэдэрсэн ч гэсэн миний хувьд ээлжит нэгэн кино байсан. Бидэнд ядахдаа бэлтгэл сургуулилт хийх цаг өгч байсанд баярласан. Намайг анх кино урлагт ажиллаж эхэлж байхад кино авахад гурван сар зарцуулагддаг байсан. Харин одоо бүгд мөнгө сайн тоолдог болж, том хэмжээний төслийг ердөө л зургаан долоо хоногийн, хааяа бүр гурван ч долоо хоногийн дотор хийдэг болсон. Тухайлбал, "Тагнуулч, эндээс гар!" кинонд нэг үзэгдэл болгонд хоёр кадр л өгөгдсөн. Нэг, хоёр, цаашаа хөдөлцгөөе!

Та шинжлэх ухааны уран зөгнөлт киноны дүрүүдээрээ алдартай. Зөвхөн "Тав дахь элемент" - ийн хорон санаат Зорг дүрийн үс нь гэхэд л мартагдахааргүй шүү дээ...

Өө, тэр бол аймшигтай тайралт байсан. (Яруу тодоор санаа алдав - Ред.тод.)

Үүнээс гадна та "Харанхуйн баатар"-д тоглож, энэ жил "Робот цагдаа" кинонд дүр бүтээсэн. Тэгэхээр энэ таны дуртай төрөл үү?

Үгүй ээ! Ердөөсөө ч хамгийн дуртай нь биш! Яагаад ч юм мэдэхгүй, надад яг ийм дүрүүд ихээр санал болгодог. Би кино урлагийн салбар, түүний бүтээлүүдийн гарт оршдог. Мөн найруулагчтай тогтоосон нөхөрлөл, тэдний төсөөлөх чадвар болон шалгаруулалтаа яаж явуулдагаас шалтгаалдаг. Миний юуны тухай ярьж байгааг ойлгож байна уу? Хэрвээ би Англид амьдрахаар үлдсэн бол би хэзээ ч Копполагийн Дракула дүрд тоглохгүй байсан гэж би байнга хэлдэг. Би сонин жигтэй Ремфильд байхсан. Хэдийгээр англичуудад эсрэг дүр өгөх нь элбэг байдаг ч гэсэн "Харанхуйн баатар" дээр Крис Нолан намайг хорон санаат биш харин комиссар Гордон болно гэж шийдсэн. Би уран зөгнөлт дүрд мөн нүүр будалт, хиймэл үс гэх зэрэгт дуртай мэт харагддаг болов ч яг үнэндээ тийм биш.

Гари Олдман: “Жорж Клуни яагаад тэдгээр кофе чанагчийг сурталчлаад байна гэж бодож байна?” (фото 1)

Та өөрөө кино зураг авах гэж байгаа гэсэн. Уран зөгнөлт биш байх уу?

Надад өөрийн бичсэн эмгэнэлт уянгын жүжиг байгаа. Түүнийгээ одоо бүтээх гээд оролдож байна. Уг нь би хөрөнгө оруулагчаа олчихсон. Гэхдээ түүнийг олоход хоёр жил зарцууллаа.

Таны нэр доорх төсөлд хүртэл хөрөнгө оруулах хүсэлгүй байна гэж уу?

Томоохон кино студиуд хүмүүс эмгэнэлт уянгын жүжигт дургүй гэж итгэдэг. Тэгсэн хэдий ч би эргэн тойронд уянгын жүжигт дуртай үзэгчид харах юм. Жишээ нь "Газар доорх эзэнт гүрэн", "Галзуучууд", "Жинхэнэ мөрдөгч", "Фарго"... Энэ кионууд чинь үнэхээр алдартай шүү дээ!

Таны кино дээр дурдсан бүтээлүүдтэй төстэй болох уу?

Тийм, гэхдээ миний зохиолын цаг хугацаа XIX зуунд өрнөх тул зураг авалт нь арай ярвигтай байх болно. Өнөөдрийн кино урлагийн салбарт маш олон жүжигчид бий хэдий ч найруулагч, хөрөнгө оруулагч нар дутагдалтай байна. Эмэгтэй жүжигчдэд бүр ч хэцүү байгаа. Та нарт жишээ болгон ярихад, түрүү жил би олон сараар ажилгүй явж, зээлээр байшингийн мөн хүүхдүүдийнхээ хувийн сургуулийн төлбөрийг төлж, ямар ч орлоггүй байсан. Хожим нь надтай төлөөлөгч холбогдож Мэтт Ривз надад "Бичин гараг"-т дүр санал болгож буйг мэдэгдсэн юм. Бурханы авралаар нэг хийх юмтай боллоо гэж бодсон. Энэ жил ч мөн адил ажил одоогоор гарч ирсэнгүй. Он дуустал гарч ирэх болов уу? Бурхан л мэдэх байх. Тийм болохоор миний ширээн дээр хоёр зуун янзын кино зохиол байдаггүй. Бас би "Энэ жил нэг уран зөгнөлт кинонд дүр бүтээчихээд зун нь хурдхан бие даасан жижиг бүтээлд оролцдог юм билүү" гэж боддоггүй.

"Миний ширээн дээр хоёр зуун янзын кино зохиол байдаггүй. Бас би "Энэ жил нэг уран зөгнөлт кинонд дүр бүтээчихээд зун нь хурдхан бие даасан жижиг бүтээлд оролцдог юм билүү" гэж боддоггүй."

Алдартай жүжигчдэд овоолсон их кино зохиол ирж, харин тэд нэг нэгээр нь задгай зууханд хаядаг гэсэн төсөөллийг минь та сая баллачихлаа...

Тэгж бодох нь утгагүй шүү дээ. Магадгүй гарын арван хуруунд багтахаар цөөн хэдэн хүн, бас Леонардо тэгэж амьдардаг байх (ДиКаприо. - Ред.тод.). Жорж Клуни яагаад тэдгээр кофе чанагч нарыг сурталчлаад байна гэж бодож байна?

Итали кофенд дуртай болохоор юм болов уу?

Шударгаар хэлбэл өөрийнхөө италийн нуурын дэргэдэх байшиндаа хайртай учраас түүнийгээ амжилттайгаар тэтгэж явахын тулд байх. (Инээв.)

Та өөрийн удаан хугацаанд хэрэгжүүлж чадахгүй байгаа эмгэнэлт уянгын жүжгээ арай өөр, мөнгө их эргэлддэг форматад өөрчилж бичмээргүй байна уу?

Би зохиолоо дөрвөн хэсгээс бүрдсэн жижиг хэмжээний олон ангит кино болгох талаар бодож байсан. Гэхдээ одоо хөрөнгө оруулагч олсон тул төсөвтөө багтааж нэг ангитай, бүрэн хэмжээний кино болгох гэж хичээж байна. Өнөө үед бүгд киноны зураг авалтаа арай илүү татварын хөнгөлөлт олгодог газруудад хийхийг зорьдог болсон. Миний түүх 1870-аад оны Калифорнид, Сан-Францискогийн болон Напа хөндийн дэргэд өрнөдөг юм. Тэгэхээр би Унгар, Чех эсвэл Канадад зураг авалтаа хийж таарах байх.

Гари Олдман: “Жорж Клуни яагаад тэдгээр кофе чанагчийг сурталчлаад байна гэж бодож байна?” (фото 2)

Өнөө үед бүгд тэгдэг болсон...

Хүмүүс өдрийн хоолны үеэр шинэ кино бүтээлүүдийг хэлэлцэж суудаг байсан үеийг би сайн санадаг. Харин өнөөдөр үзэгчид цахимаар гарсан олон ангит киноны сүүлд гарсан ангийн талаар ярилцдаг болсон. 1970-аад онд кино урлагт тохиолдож байсан оргил өнөөдрийн телевизийн салбарт болж байна.

Яагаад ингэж хэлэх болов?

Телевизийн салбар илүү зоригтой, мөн шинэлэг болсон. Тэнд зөндөө олон шинэ сонирхолтой санаанууд байгаа. Харин та кино урлагийн салбарын талаар ямар бодолтой байна?

Бага зэргийн зогсолттой байгаа. Хэтэрхий олон комикс болон кинонуудын үргэлжлэл гаргадаг болсон...

Хуучин бүтээлийг дахин хийсэн кинонууд бас хаа сайгүй байна.

Өөрөөр хэлбэл телевизийн салбар хоёуланг нь дэмждэг болсон гэсэн үг үү?

"Муу болсон нь"- ийг л аваад үзье. Хар тамхины наймаачинг Холливүүдийн том хэмжээний бүтээлийн од болгож болно гэж үү? Олон ангит кино дээр харин хялбархан шүү дээ. Тэр кино маш алдартай байсан.

Дээр үед кино салбарт арай өөр сэтгэлгээ байсан. 1980-аад онд кино жүжигчид өөрсдийгөө олон ангит киноны жүжигчдээс дээгүүр боддог байлаа. Харин одоо бүгдэд нь ажил хэрэгтэй учраас аюулгүй байдлаа бодож голж шилэхээ больсон.

"1980-аад онд кино жүжигчид өөрсдийгөө олон ангит киноны жүжигчдээс дээгүүр боддог байлаа. Харин одоо бүгдэд нь ажил хэрэгтэй учраас аюулгүй байдлаа бодож голж шилэхээ больсон."

Хэрвээ таныг олон ангит кинонд тоглуулахаар уривал та зөвшөөрөх байсан уу?

Яагаад үгүй гэж?

Таны яриаг сонсоод нэг зүйлийг мэдмээр санагдлаа. Prada-гийн сурталчилгаанд тоглосон тань орлогын төлөө байсан уу аль эсвэл танд үнэхээр гоё хувцаслах таалагддаг уу?

Би өөрийгөө загварын мэдрэмжтэй гэж бодох дуртай. Миний бодлоор би хамтрах санал хүлээж авах гавьяатай байсан. Нэг удаа би Prada -гийн загварын үзүүлбэрийн тайзан дээр хүртэл гарч байсан. Милан руу бүр зорьж очсон гээч.

Таныг ийм зүйлд оролцохыг ятгах хялбар байсан уу?

Миуча Прада өөрийн биеэр намайг үзүүлбэрт оролцохыг урьсан. Миний тайзан дээрх алхалт ойролцоогоор 48 секунд үргэлжилсэн.

Тэнд бас өөр жүжигчид байсан уу?

Тийм, Тим Рот болон Уиллэм Дефо нар ирсэн. Би өөрөө оролцох үйл ажиллагаа хайж явдаггүй, заримдаа харин ч татгалздаг хэдий ч надад санал ирдгийн нэг жишээ нь энэ юм. Нэг үед би харьцангуй завтай байсан болохоор хөгжилдөхийн тулд ч болтугай тэдний тавьсан саналд зөвшөөрсөн.

Сталингийн үеийн ОХУ-д өрнөх адал явдалт "44-дүгээр хүүхэд" кинонд та тоглох гэж байгаа. Зохиол нь таны сонирхлыг татсан уу?

Тэр бүтээлийн түүхэн үнэ цэнэ нь надад таалагдсан. Баруунд тийм ч их хараад байдаггүй ОХУ-ын түүхийн нэг хэсэг юм. Үйл явдал 1950-аад оны эхэн үед болдог, Зөвлөлт оросын нийгэмд бүрхэг байдал үүсч, харин төр нь гэмт хэрэг огт гарахгүй байгаа мэт дүр эсгэнэ. Тэд сайхан оронд амьдардаг бөгөөд бүх муу муухай зүйлсээ сайтар нуун далдалсан. Энэ хуурамч гадна төрх болон бодит амьдралын тэмцэлдээн миний сонирхлыг маш их татсан.

цааш үзэх