Хүн бүрийн ярианы сэдэв болоод буй "The Queen's Gambit" цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэй вэ?
Гоо зүйн өндөр мэдрэмж, гайхалтай уур амьсгалыг нэгтгэсэн Netflix-ийн шинэ цуврал
Шатрыг уйтгартай гэж боддог хүмүүс "The Queen's Gambit" цувралыг үзээгүй гэдэгт итгэлтэй байна. Шатар нь ерөнхийдөө тэр бүр киноны сэдэв болоод байхаар спортын төрөл биш боловч найруулагч Скотт Фрэнк үүнийг "The Queen's Gambit" цувралаараа өрөөсгөл ойлголт болгон хувиргаж чадлаа. Гол дүрийн жүжигчин Аня Тейлор-Жойгийн цавчилгүй цоо ширтэх аварга том нүд, сонирхолтой өнцгөөс авсан шатрын хөлгүүд, харц булаам костюмууд, төгс зураглал, үе, үе түгшүүр, баяр баясал эсвэл гуниг харуусалд автуулах үйл явдлууд гээд цуврал эхний ангиасаа л үзэгчдийг дэлгэцэд наалдуулах болно.
Заримдаа бүр шатрын тавцанг гаргалгүйгээр зөвхөн жүжигчдийн нүүрний хувирлаар сэтгэл зүйн триллер хийх энэхүү цувралыг Уолтер Тевисийн 1983 онд бичсэн "The Queen's Gambit" зохиолоос сэдэвлэжээ. Харин түүний бүтээлийг "Logan" киноны зохиолч Скотт Фрэнк болон "Kon-Tiki" киног бүтээлцсэн Аллан Скотт нар долоон ангитай дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд одоогоор Rotten Tomatoes вебсайтаас уг цуврал нь 100% үнэлгээ аваад байгаа юм.
Үйл явдалд юу гарах вэ?
Цувралын үйл явдал аажуухнаар 1950-аад онд эхэлж, 1968 он хүртэл үргэлжилнэ. Гол баатар болох есөн настай Бет Хармон ээжийгээ ослын улмаас алдсаны дараа охидын асрамжийн газар хүргэгдэнэ. Бусад охид айлд өргүүлэхээр сайн охин бoлохыг хичээх зуур Бет асрамжийн газрын цэвэрлэгч, шатрын хорхойтон ноён Шайбелтай танилцаж, удаан хугацааны турш араас нь хөөцөлдөж, гуйж гувшсаны үр дүнд түүнээр шатар хэрхэн тоглохыг заалгана. Төд удалгүй Бет шатрын гоц ухаантан болох нь ойлгомжтой болдог. Хэрвээ спойл хийхгүйгээр товчхон дүрсэлбэл цувралын үйл явдалд цаашид Бет АНУ-г шатрын тэмцээнүүдэд төлөөлж, шатрын их мастер болохоор хичээж, толгой эргэм карьер хийж, энэ явцдаа архи, мансууруулах бодисын донтолттой тэмцэж, эрчүүд давамгайлсан сексист шатрын ертөнцтэй нүүр тулж, өөрийгөө олж, ер нь л олон зүйлийг даван туулах хэрэг гарна.
Шатрын ертөнцийн "рок одын" дүрийг бүтээсэн Аня Тейлор-Жой гэж хэн бэ?
Цувралын хоёрдугаар анги буюу гол баатрын өсвөр наснаас эхлээд киног дуусан дуустал өөр гарагаас дэлхий дээр буугаад ирсэн мэт үзэсгэлэнтэй атлаа ер бусын төрхтэй жүжигчин Аня Тейлор-Жой Бет Хармоны дүрийг бүтээсэн байгаа. Аргентин, Англи гаралтай, 24 настай залуу жүжигчин бүсгүй "Split", "The Witch", "Glass" зэрэг аймшгийн киноноос анх жүжигчний гараагаа эхэлж, албан ёсоор шинэ үеийн "Аймшгийн киноны хатан хаан" гэгдээд байсан бол "The Queen's Gambit" цацагдсаны маргааш нь тэрээр жинхэнэ дэлхийн супер од болон сэржээ. Үүнээс гадна тэрээр саяхан Жейн Остины романаас сэдэвлэсэн "Emma", "The New Mutants", "The Northman", "Last Night in Soho" зэрэг хэд, хэдэн шинэ бүтээлүүдэд тоглоод амжсан байгаа. Ирээдүйн төслөөс дурдвал тэрээр "Mad Max" киноны шинэ ангид, өмнө нь Шарлиз Тероны бүтээж байсан Фюриосагийн дүрд тоглохоор болсон байна. Залуу жүжигчин бүсгүй хувийн амьдралынхаа талаар төдийлөн дэлгээд байдаггүй бөгөөд киноноос гадуур дуулж, өөрөө дуу зохиодог авьяаслаг нэгэн юм. Тиймээс ч тэрээр үргэлж мюзиклд тоглохыг хүсдэг талаараа NME сэтгүүлд хуваалцаж байжээ.
Шатрын их мастер Гарри Каспаров болон Брюс Пандолфини нар зөвлөхөөр ажиллажээ
Номын зохиолч Уолтер Тевис зохиолоо бичихдээ Бобби Фишер, Борис Спасский, Анатолий Карпов зэрэг дэлхийн шатрын их мастеруудаас урам зориг авч бүтээлээ туурвиснаа дурдсан байдаг. Мөн хэдийгээр "The Queen's Gambit" цувралын баатрууд болон үйл явдлууд зохиомол боловч кинонд гарч байгаа бүх шатрын тэмцээнүүд нь бодит тоглолтоос сэдэвлэгдсэн юм. Жишээ нь Кентаки мужийн аварга шалгаруулах тэмцээний финалд өрнөсөн Бет Хармон болон Харри Белтик нарын тоглолт нь 1955 онд Латвийн нийслэл Ригад болсон бол Бетийн ЗХУ-ын аварга Василий Борговын эсрэг хийсэн сүүлийн тоглолт нь Швейцарын Биль хотод болсон 1993 оны тоглолт юм. Ингээд ч зогсохгүй уран бүтээлчид цувралыг бүтээхдээ шатрын их мастер Гарри Каспаров болон Брюс Пандолфини нараас зөвлөгөө авч ажиллажээ. Анхандаа Скотт Фрэнк Гарри Каспаровт Василий Борговын дүрийг санал болгосон ч тэрээр татгалзаж үүний оронд зөвлөхөөр ажиллаж, шатрын нүүдлүүдийг хянах болсон байна.
Хоёрдугаар улирал гарах уу?
Нэг амьсгаагаар цувралыг үзэж дуусгасан шүтэн бишрэгчид сүүлчийн анги төгсөхөд цуврал цааш үргэлжлэх болов уу гэсэн бага ч болов найдвар тээн хоцорсон байх. Сайхан мэдээ дуулгахад Аня Тейлор-Жой, Харри Меллинг зэрэг цувралын жүжигчид өөрсдийн бүтээсэн дүрдээ шаардлага гарвал баяртайгаар эргэн ирнэ гэжээ. Харин муу мэдээ гэвэл цувралыг цааш үргэлжлүүлэх материал продюсеруудад байхгүй. Өөрөөр хэлбэл Уолтер Тевис ердөө нэг л ном бичсэн бөгөөд тэрээр дахин зохиолын ямар нэгэн үргэлжлэлийг гаргаагүй юм. Үүнээс гадна цувралын бүтээлчид уран бүтээлийнхээ үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ чигээр нь үлдээх хүсэлтэй байгаа гэдгээ дурдаж "Магадгүй бид цааш юу болохыг үзэгчдийн төсөөлөлд үлдээх нь зүйтэй юм болов уу" гэж Town & Country сэтгүүлд хуваалцжээ.