Хайх

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ”

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ”

Бюро 24/7 ярилцлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Леонардо ДиКаприогийн шинэ кино болох “The Revenant”-ын дэлхийн нээлт болж буйтай холбогдуулан бид түүнээс ярилцлага авлаа. Тэрбээр өөрийн дэлхийд туслах хүсэл, гэр бүлийн харилцаа болон кино зураг авалтын талаар хуваалцлаа. ДиКаприогийн хэлснээр “The Revenant” дэлхийн кино урлагийн түүхийг өөрчилж мэдэх бүтээл аж

 

Алехандро Гонсалес Иньярритугийн найруулсан "The Revenant" уран бүтээлийг үзээд амжсан кино шүүмжлэгчид ДиКаприод түүний хүсэмжит "Оскар"-ыг зөгнөж байна. Харин жүжигчин энэ талаар огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой. Түүний анхаарлыг илүү татаж байгаа зүйл бол бид бүгдэд нөлөөлж буй дэлхийн дулаарал аж. Бид Леонардо Дикаприотой уулзаж, "харгислал"-ын тухай сэдэвтэй "The Revenant" кино болон түүний зураг авалт дээрх хөлдсөн гар, жүжигчний амьдралыг өөрчилсөн дүрүүд, мөн манай гариг дээрх амьдралыг сайжруулахыг хүссэн оролдлогуудын талаар ярьлаа.

Таны шинэ кино "The Revenant" үнэхээр бусдаас ялгарсан бүтээл болсон байна лээ. Танд чин сэтгэлээсээ баяр хүргье...

Баярлалаа.

Жүжигчид урьд нь тавигдсан даалгавруудыг хэрхэн даван туулж байгааг ажиглах үргэлж маш сонирхолтой байдаг. Заримдаа морь унах аль эсвэл буугаар буyдах зэрэг ур чадвар хэрэг болдог. (Таныг энэ зэргийн зүйлсэд жинхэнэ авьяастай гэдгийг бид бүгд сайн мэднэ). Гэхдээ зарим тохиолдолд хачирхалтай, айдас төрүүлэм эсвэл бүр илт жигшүүртэй чадвар хэрэг болдог. Шинэ киноны нэгэн хэсэгт та түүхий загас болон зэрлэг үхрийн түүхий элэг идэж буйгаар гардаг. Эдгээр нь жинхэнэ загас, элэг байсан эсэх нь их сонирхолтой байна. Дашрамд дурдахад, экстрим нөхцөлд амьд үлдэх yр чадвараа та хэрхэн үнэлдэг вэ?

Юуны түрүүнд хариулж хэлэхэд, тийм ээ загас бас элэг жинхэнэ байсан. Харин миний амьдрал дахь экстрим нөхцөл байдлын тухай гэвэл үнэндээ тиймэрхүү нөхцөл байдал хангалттай олон удаа үүсэж байсан. Усанд шумбах, скайдайвинг хийх гээд надад олон экстримал сонирхол бий. Гэхдээ "The Revenant" киноны зураг авалтын үеэр цуглуулсан туршлага маань юутай ч харьцуулагдахгүй. Аливаа зураг авалттай өдрийн дараа зочид буудлын өрөөндөө буцаж очоод би хэзээ ч киноны дүр шиг ээ ийм тэсвэр тэвчээртэй байж чадахгүй байхсан хэмээн бодож суудаг байдаа. Тийм ээ, би үхэл амьдралын зааг дээр байж үзсэн, гэхдээ энэхүү кино дээр гардаг шиг нөхцөл байдалд хэзээ ч орж үзээгүй.

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 1)

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 2)

Та энэ дүрд ямар нэгэн байдлаар бэлдсэн үү? Магадгүй ямар нэгэн материал судалсан байх?

Тийм ээ, надад олон материалууд байсан. Тодруулж хэлбэл, "The Journal of a Fur Trapper" ("Трапперын тэмдэглэл". Траппер- Хойд Америкийн ангийн үс олборлогч) номоос би Америкийн түүхэнд үслэг эдлэлийн худалдаа гэх маш хэрцгий эрин үе байсныг олж мэдсэн. Тэр үе баримтжаагүй үлдсэн тул бид тэр талаар ийм бага мэдлэгтэй байдаг юм байна лээ. Тэгсэн хэрнээ яг л тэр үеийн аймшигт үйл явдлууд өнөөдрийн Америк улс бий болоход хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг.

Таны дүр бодит хүний түүх үү?

Кино дээр би Хью Гласс гэх колончлогчийн бодит амьдралын түүхийг гаргасан. Гэхдээ бид түүний дүр төрхөд бага зэрэг баатарлаг шинж чанар нэмж, Поль Баньяны (Поль Баньян - америк аман зохиолын хүчирхэг бас аврага том мод огтлогч) нэгэн хувилбар мэт болгосон. Үнэнээ хэлэхэд би өөрийгөө киноныхоо дүртэй харьцуулж чадахгүй. Надад жишээ нь үхсэн мал, амьтдын хажууд хоносон туршлага байхгүй. Тиймээс би өөрийн мэдрэмж эсвэл дурсамж дээрээ суурилж жүжиглэж чадахгүй. Гэхдээ би дүрдээ бүрэн автаж, дүрийнхээ төрөлх зан араншинг бодитоор гаргахыг хичээж чадна.

Айдас төрүүлэм харгислал үзүүлдэг хэсгүүд кино дээр бий. Та тэдгээр хэсгүүдийн талаар юу гэж бодож байна вэ?

Ингээд бодоход миний сонирхлыг их хэмжээний харгислал, хүчирхийлэл харуулсан, "хүнд" кинонууд татдаг бололтой. Магадгүй би тэдгээр харгис хэсгүүдэд дасчихсан болоод ч тэр үү, надад ямар нэгэн онцгой мэдрэмж төрдөггүй. Миний бодлоор "The Revenant" бол тэр үеийн бодит түүхийг үнэн зөвөөр харуулсан кино юм. Энэ л хамгийн чухал зүйл. Бид энэхүү хүчирхэг түүхийг ямар нэгэн харгислал харуулалгүйгээр олонд хүргэж чадахгүй байх байсан. Тухайн үед нөхцөл байдал ийм л байсан учраас бид аль болох үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй. Миний харснаар гоо үзэсгэлэн болон харгислал хоорондоо хосолсноор их хүчтэй илэрхийлэл бий болгосон. Энэ чинь л амьдрал шүү дээ.

"Аливаа зураг авалттай өдрийн дараа зочид буудлын өрөөндөө буцаж очоод би хэзээ ч киноны дүр шиг ээ ийм тэсвэр тэвчээртэй байж чадахгүй байх байсан хэмээн бодож суудаг байлаа"


Зураг авалтын үед тохиолдсон хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? Сэтгэл зүй болон бие махбодын хувьд?

Миний киноны дүрийн даван туулсан тэр их саад тотгороос гадна, хүйтэн цаг агаарыг тэвчих их хэцүү байсан. Зарим тохиолдолд бүр -40 градус хүрж байсан гээч! Тийм хүйтэнд камерууд ажиллахаа больж, бидний гар, царай мэдээгээ алдаж байсан. Миний бодлоор зураг авалтад оролцсон жүжигчин бүр гараа хөлдөөсөн аймшигт үеийг үүрд дурсах байх. Бидний гар байнга өвддөг байсан. Эрдэмтэд зураг авалтад зориулж биеийн дулаан алдагдуулдаггүй аппарат зохиох хэрэгтэй гэж би бодож байна. Би мэдээж хэрэг хаaшаа явж байгаагаа сайн ойлгож, зураг авалтын салшгүй нэгэн хэсэг нь хүйтэн цаг агаар байх болно гэдгийг хүлээн зөвшөөрч байсан хэдий ч үнэхээр хэцүү байсан шүү. Бидний уран бүтээл маш бодит, үнэн зөв болж чадсанд хүйтэн цаг агаар багагүй хувь нэмэр оруулсан байх. Бид жинхэнэ трапперуудын мэдрэмжийг зураг авалт дээр бүрэн мэдэрсэн.

Одоо тэгвэл эсрэг талаас нь ярья. Зураг авалтын хамгийн сайхан хэсэг нь юу байсан бэ?

Урьд өмнө нь би хэзээ ч энэ зэргийн төсөлд оролцож байсангүй. Алехандро бид бүгдийг тус бүрд нь маш чадварлагаар зураг авалтын үйл ажиллагаанд болон түүний хэлэлцүүлэгт оролцуулж байсан. Бид хэдэн сарын турш зураг авалтын нэгхэн хэсгийг давтаж, дараа нь түүнийгээ цаг хагасын дотор бичдэг байсан. Учир нь бид ховор олдох байгалийн нөхцөл байдалд төгс тааруулах ёстой байсан. Өдөр бүрийн төгсгөлд "алтан цаг" гэх нар жаргахын өмнөх үе байдаг юм. Тэр үед маш зөөлөн гэрэл тусаж, аливаа зураг авалтад сайхан тохирдог. Бид бараг өдөр бүрийн тэр үед л бичлэгээ хийдэг байсан. Харин бусад үед нь ухаангүй их бэлтгэл хийдэг байлаа. Зураг авалт нэг ёсондоо театрын жүжиг шиг байсан ч гэж хэлж болно. Бид удаан хугацаанд давтаж, дараа нь хэдхэн цагийн дотор төгс үзүүлбэр гаргах ёстой байсан. Хамгийн сайхан хэсэг нь гэвэл камер унтраатай үед өрнөдөг багийн хамтын ажиллагаа байсан юм. Хичнээн олон хүн, нэг хүн шиг сэтгэж, хамтарч ажилласны эцэст энэ гайхамшигт кино бүтсэнийг та төсөөлөхгүй байх. Бид бичлэгдээ онцгой мэдрэмж шингээхийг хүссэн. Уужим тал, том орон зай харуулах хэрнээ кино баатрын мэдрэмжийг үзэгчид маш ойр санагдуулахыг хүссэн. Эцэст нь бид зорьсондоо хүрсэн гэж бодож байна. Үзэгчид баатар бүрийн амьсгал, түүний хөлс, түүний цусыг мэдрэх болно. Надад итгээрэй энэ бол үнэхээр давтагдашгүй төсөл.

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 3)

Ойролцоогоор 200 жилийн өмнө өрнөсөн үйл явдал өнөөдрийн бодит байдалтай хэр нийцэж, үзэгчдийн сонирхлыг татах вэ?

Сайхан асуулт байна. Миний хэлж байсанчлан өнөөдрийн бидний мэдэх Америк улс кино дээр гардаг тэрхүү аймшигт эрин үегүйгээр бий болохгүй байх байсан. Тэгэхээр нэг ёсондоо бид АНУ-ын нутаг дэвсгэр дээр төр гэж байгаагүй, харин тус, тусын Англи, Францын колони гэж байсан, хүмүүс байгалийн баялаг ба эрх мэдлийн төлөө тэмцдэг байсан тэр үеийг харуулсан шинжлэх ухааны кино хийсэн гэсэн үг. Бид тэр үеийн дэлхий ертөнц ямархуу байсан, дэлхий дээрх хүмүүс яаж амьдардаг байсан, мөн хоорондоо хэрхэн харилцдаг байсан талаар ярьж өгсөн. Ерөнхийдөө энэхүү киноны үндсэн санаа нь хүн төрөлхтөн ба байгаль орчны хоорондын харилцааг харуулахад оршиж байсан юм. Миний бодлоор энэхүү асуудал нь орчин үетэй маш их хамааралтай. Би "The Revenant" киноны зураг авалтад оролцох үедээ мөн давхар цаг уурын өөрчлөлтийн тухай баримтат кинонд оролцож байсан юм. Энэхүү төслийн хүрээнд би дэлхийн өөр өөр өнцөг руу аялaxдaa, "The Revenant" дээр гардаг нутаг дэвсгэр, эд баялгийн төлөөх тэмцэл манай эрин үед ч хамааралтай хэвээр байгааг харсан. Америк улсад энэ нь 200 жилийн өмнө болж өнгөрсөн, харин дэлхийн зарим орнуудад энэ үйл явдал өнөөдөр өрнөж байна. Хүмүүс эд баялгаа алдсаны төлөө бие биенээ алж, баяжихын тулд байгаль дэлхийгээ сүйрүүлж, уугуул иргэдээс нутаг дэвсгэрийг нь булааж, тэдгээр иргэдийг боол болгож байна. Энэ бүх аймшигт зүйлс зөвхөн эрх мэдлийн төлөө юм. Дашрамд дурдахад киноны зураг авалтын үеийн хамгийн сайхан хэсгээс дахин хуваалцвал уугуул Америкчуудыг харуулсан Алехандрогийн нарийн хандлагыг онцолж хэлэх гэсэн юм. Тэр хэвшил болсон уламжлалт төрхүүд ашиглаагүй, харин тэдгээр хүмүүсийн дотоод сэтгэл, үзэл бодол, мөн өөр овгуудын ялгаатай шинж чанаруудыг тусгаж өгсөн. Хамгийн чухал нь тэр тэдгээр хүмүүсийн сэтгэлийн тэнхээг харуулж чадсан. Давтаж хэлэхэд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өнөөдөр ч явагдаж байгаа.

"Бид бичлэгтээ онцгой мэдрэмж шингээхийг хүссэн. Уужим тал, том орон зай харуулах хэрнээ кино баатрын мэдрэмжийг үзэгчид маш ойр санагдуулахыг хүссэн"


Кино маш бодитоос гадна, мөн их оюун санааны болсон мэт харагдсан. Гол дүрийн баатар бурхан, байгаль орчин, мөн хүмүүстэй харилцах өөрийн харилцааг их дүгнэн бодож суудаг. Энэ түүхийн оюун ухааны хэсгийг та юу гэж бодож байна вэ?

Зэрлэг байгаль дунд ийм удаан хугацааны турш оршин тогтноно гэдэг мэдээж хэрэг маш хэцүү. Амьд үлдэхийн төлөө тэмцэх шаардлага үүсгэдэг. Тиймээс таны хэлсэнтэй санал нэгдэх байна. Маш сэтгэл зүрхний, оюун ухааны түүх. Зарим хэсгүүд хэтэрхий харгис, хэцүү байсан тул гол дүрийн баатар зөвхөн сэтгэлийн тэнхээгээрээ нөхцөл байдлыг даван туулдаг байсан. Тэрхүү тэнхээг баатар маань дотроосоо сайн ухаж гаргаж ирдэг байсан. Энэ нь зөвхөн киноны баатарт биш, мөн надад ч хамааралтай зүйл юм. Бид нэлээд хэвшил болсон түүх ярьж өгсөн. Хүүгээ алдсан хүн өшөөгөө авахыг хүсдэг. Гэхдээ Алехандро бид хоёр энэхүү түүхэнд яруу найраг нэмэхийг хүссэн. Баатар маань анх ямар хүн байсан, тэр үүссэн нөхцөл байдалд хэрхэн өөрчлөгдсөн, эцэст нь ямар хүн болж, ямар шийдвэр гаргасан гээд түүнийг өнцөг бүрээс харуулсан. Гол дүрийн дотоод хөгжлийг сайтар судалж, түүний сэтгэлийн өвдөлтийг мэдрэхийг хичээж үзэх хэрэгтэй.

"The Revenant" нэгэн гайхамшигтай онцлог нь таны гол дүрийн баатар киноны турш бараг үг дугардаггүй. Тэр орилдог, өвдсөнөөсөө болж чанга дуу гаргадаг ч гэлээ ихэнх тохиолдолд тэр чимээгүй байдаг. Гол дүрийн баатрын сэтгэлийн хөдөлгөөнийг үгээр илэрхийлж болохгүй байсан нь уран бүтээлд хэр нөлөөлсөн бэ?

Энэ үнэхээр л киноны хамгийн гайхамшигтай онцлогуудын нэг. Жүжигчин миний хувьд энэ бол маш том аз завшаан бөгөөд өөрийгөө хөгжүүлэх том боломж юм. Үнэнээ хэлэхэд би кино зохиолыг уншаад, Алехандрог дахиад хэдэн ярианы хэсгийг зохиолоос хасахыг хүссэн. Би илүү их чимээгүй байж, үзэгчид миний дүрийг яриагүйгээр бүрэн ойлгоосой гэж хүссэн. Хью Гласс ерөнхийдөө тийм ч яриасаг хүн байгаагүй. Тэр үзэл бодлоо илэрхийлэхдээ маш товчхон бөгөөд тодорхой байдаг. Миний бодлоор түүнд хүмүүстэй олон зүйл яриад суух тийм ч чухал биш байсан байх. (Инээв). Гэсэн хэдий ч түүн шиг дотроо хүнд хүртэл ийм урт хугацааны турш хүмүүстэй харьцахгүй байж, нийгмээс тусгаарлах нь хэцүү байх болно. Миний хувьд ч мөн адил энэ нь маш том мэргэжлийн туршлага, даваа байлаа. Би түүхийг ганц нүдээрээ дамжуулах үүрэгтэй болсон гээд хэлэхэд хилсдэхгүй. Энэ маш хэцүү хэрнээ маш сонирхолтой туршлага байсан. Би мэргэжлийнхээ турш хангалттай олон яриасаг дүрд тоглосон тул энэ кино намайг шинэ өнцгөөс харуулсан.

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 4)

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 5)

Дуу авиа болон нам гүмийн талаар ерөнхийд нь ярилцах гэсэн юм. Та дуунд хэр мэдрэмтгий вэ? Та нам гүмд байх дуртай юу? Мөн танд ямар дуу авиа илүү таалагддаг вэ?

Би саяхан Дастин Хоффманы "The Graduate" киног давтан үзсэн юм. Тэрхүү кинонд Simon and Garfunkel-ын алдарт дуу "The Sounds of Silence" сонсогдож байсныг сая гэнэт саналаа. Миний амьдралд нам гүм их чухал ач холбогдолтой байдаг. Чухал бодол, шинэ санаанууд яг л нам гүмд толгойд орж ирдэг юм шиг санагддаг. Би бясалгал аль эсвэл янз бүрийн оюун санааны дасгал хийж мэддэггүй ч гэлээ, төвлөрөхийн тулд нам гүмд байх ёстойгоо сайн мэддэг. Харин миний дуртай дуу авиа гэвэл... Сонирхолтой асуулт байна шүү. Ойн модны чимээ болов уу гэж бодож байна.

Миний дуулснаар Канадад цас хайлсан тул, "The Revenant" киноны зарим хэсгийн зураг авалт Аргентин улсад явагдсан гэж байсан. Яг ямар хэсгүүд байсан талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч? Таны оролцоотой хэсгүүд байсан уу?

Би зураг авалтын эхнээс дуустал нь, бүх үе шатанд нь оролцсон. Харин цасны хувьд гэвэл тийм ээ бид үнэхээр үргэлж ямар нэгэн хэцүү нөхцөл байдалд зураг авалтаа хийж байсан. Канадын Калгаригийн ойролцоо биднийг гэнэтийн цаг агаарын үзэгдэл хүлээж байсан. Бид цас орно гэж зөгнөж байсан хэдий ч, салхи, шуурга дэгдэж, мөсөн бүрхүүл үүсч, дараа нь бүр гэнэтийн дулаарал эхэлсэн. Бид цаг агаарын үзэгдлээс болж хоёр ч удаа зураг авалтаа зогсооход хүрсэн. Канадад дахин нэг удаа амласан цас ороогүй үед бид Аргентин явахаар шийдсэн юм. Тэнд цас орсон байсан хэдий ч намхан байсан тул бид өөрсдөө овоолж байж зураг авалтаа хийх болсон. Энэ нь манай дэлхий дээр өрнөж буй дулаарлын баримт юм. Цаг агаар дулаарч, байгалийн бүх зүйл өөрчлөгдөж, урьдчилан тааварлахад улам л хэцүү болоод байна.

"Үнэнээ хэлэхэд би кино зохиолыг уншаад, Алехандрог дахиад хэдэн ярианы хэсгийг зохиолоос хасахыг хүссэн. Би илүү их чимээгүй байж, үзэгчид миний дүрийг яриагүйгээр бүрэн ойлгоосой гэж хүссэн"


Холливүүдын алдартай бас нөлөө бүхий жүжигчин, найруулагч хүний хувьд та өнөөдрийн кино урлагийг яаж өөрчлөхийг хүсэж байна вэ?


Ганц зүйлийг л баттай хэлмээр байна. "The Revenant" бол зөв чиглэл руу хийсэн том алхам юм. Би мэргэжлийнхээ турш Скорсезе ба Иньярриту гэх шинийг сэтгэгч, агуу найруулагчидтай хамтарч ажиллаж үзсэн азтай хүн. Тэдгээр хоёр найруулагчид хоёулаа "Холливүүдын" бүтээлчид биш гэдэг нь хамгийн сонирхолтой. Скорсезе бол Нью-Йоркийн, харин Алехандро Мексикийн найруулагчид юм. Гэхдээ тэд хоёулаа миний бодлоор "ирээдүйн кино урлаг"-ийг бий болгож байгаа хүмүүс. Өнөөдрийн телевизийн салбар үзэгчдэд үнэхээр гайхамшигтай том төсөл, үйлдвэрлэл үзүүлэх болсон. Ирээдүй аль чиглэл руу явж байгаа нь надад ч их сонирхолтой байна. "The Revenant" кино урлаг дахь цоо шинэ үг гэдгийг итгэлтэй хэлэх байна. Энэ зэргийн бүтээл ирээдүйд ч тэр их цөөн хийгдэх болно. Тиймээс бидний төслийг ийм олон хүн дэмжсэнд би маш баяртай байгаа. Тэр дундаас Арнон Милченийг ("The Revenant"-ын продюсер) онцолж нэрлэмээр байна. Түүний тусламжгүйгээр бид тэр их саад тотгорыг хэзээ ч даван туулахгүй байсан. Гэхдээ телевизийн эрчимтэй хөгжиж буй энэ эринд энэ зэргийн төслүүд тийм ч их дэмжлэг авахгүй болов уу гэж айж байна. Хэрвээ ийм чанарын кино жил бүр гардаг байсан бол, би кино урлагийг зөв чиглэл руу явж байгаа гэж итгэлтэй хэлж чадах байсан.

Ажил мэргэжил болон хувийн амьдрал дээрээ та өөртөө юу хүсч байна вэ?

Надад юу дутагдаж байна вэ гэсэн утгатай асуулт байна тийм үү? Миний амьдралд бүх зүйл сайхан байна. Би ажил мэргэжил бас хувийн амьдрал дээрээ их аз жаргалтай хүн. Одоо бодоход надад юу дутагдаж байгааг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дэлхий ертөнцөд юу дутагдаж байгааг би сайн хэлж мэднэ. Мөн манай гаригт зориулж би юу хийхийг хүсч байгаагаа тодорхой мэдэж байна. Тухайлбал саяхан Франц улсад болж өнгөрсөн дэлхийн дулаарлын хурлын үеэр бид бүгд ямар нэгэн тодорхой шийдэлд хүрээсэй гэж их хүссэн. Гэхдээ ганцхан миний хүсэл энд хангалтгүй байна. Энэ жил манай дэлхий дээр хэвийн бус дулаахан, долоо болон аравдугаар сар болж, ерөнхийдөө түүхэн дэх хамгийн дулаан жилээр тодроод байна. Дэлхийн дулаарал бол шинжлэх ухааны уран зөгнөл биш юм. Энэ бол бодит байдал, хүн бүрт нөлөөлж буй бодит байдал. Дэлхий даяар гэнэтийн байгалийн гамшиг, түүний аймшигт үр нөлөө үзэгдэж байна. Одоо ингэж байгаа юм чинь, ойрын ирээдүйд юу болох бол? Энэ маш чухал асуудал. Дэлхийн бүх хүмүүс үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна.

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 6)

Таны ажил мэргэжлийн эхэн үед ямар кино таны сэтгэлд хамгийн ихээр хоногшсон бэ? Та санаж байгаа юу?

Энэ асуултад маш хялбархан хариулж чадна. Энэ бол Мартин Скорсезегийн найруулсан, Роберт Де Ниро гол дүрийг нь бүтээсэн "Taxi Driver" кино юм. Би тэр үед өөрийгөө гол дүрийн баатартай харьцуулж, түүний ганцаардлыг мэдэрч байтал эцэст нь тэр намайг хуурч, түүнийг гэсэн бүх сайхан мэдрэмж алга болж байсныг би одоо хүртэл санадаг. Миний бодлоор энэ үнэхээр шилдэг бие даасан бүтээлүүдийн нэг.

Танд юу дутагдаж байна вэ гэсэн миний асуултанд та өөрийгөө аз жаргалтай хүн хэмээн онцолж, дараагаар нь байгаль орчны асуудал руу яриагаа шилжүүлсэн. Гэхдээ надад Леонардо ДиКаприо эр хүний хувьд мөн дэлхийд нөлөө бүхий хүний хувьд ямар оргилд хүрэхийг хүсдэг нь их сонирхолтой байна?

Миний үхлийн дараа намайг чадах бүхнээ хийсэн, сайн хүн байсан гэж дурсаасай гэж би хүсдэг. Миний эцгийн хэлдэг байсан шиг хамгийн гол нь сонирхолтой амьдарч, өглөө бүр босоод өмдөө татах чадвартай байгаадаа баярлаж явах хэрэгтэй гэж би боддог. Үнэнээ хэлэхэд би амьдралдаа аав шиг ээ хандлага, түүний философиор хандаж хараахан эхлээгүй байна. Гэхдээ би хичээж байгаа. Миний амьдралд намайг эргэн тойрдог хүмүүсээр би маш их бахархдаг. Тэд бол миний гол амжилт.

Та эцэгтэйгээ ямар харилцаатай байдаг талаар ярьж өгнө үү?

Миний эцэг бол миний үлгэр дууриалал юм. Би Лос-Анжелес хотын хамгийн энгийн сургуульд сурдаг байсан тул амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй мэдлэгийг ааваасаа авсан гэж бардам хэлж чадна. Тэр бол миний амьдралдаа учирч байсан хамгийн ухаалаг, боловсролтой хүмүүсийн нэг юм. Миний ажил мэргэжилд намайг үргэлж зөв чиглэл руу оруулж, миний тоглосон кино бүр ямар нэгэн байдлаар агуу байх ёстой хэмээн сануулж хэлдэг байсан. Зөвхөн түүний ачаар би нэлээд олон эрсдэлтэй дүрүүдэд тоглосон. Өнөөдөр тэр миний байгаль орчны төслүүд дээрх хамгийн үнэнч, найдвартай хамтрагч минь юм.

Та хоёрт аав хүүгийн ямар нэгэн онцгой ёс заншил бий юу?

Бидэнд тийм ёс заншил маш их байгаа шүү! Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн нь зун бүр бид хятад хороолол орж хүслээ шивнэдэг байсан. Учир нь би зуны амралтын дараа үргэлж сургууль руугаа буцахыг хүсдэггүй байсан. Бид бүх юм сайхан болоосой гэж хүсдэг байж билээ.

"Би ажил мэргэжил бас хувийн амьдрал дээрээ их аз жаргалтай хүн. Одоо бодоход надад юу дутагдаж байгааг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дэлхий ертөнцөд юу дутагдаж байгааг би сайн хэлж мэднэ"


Таны эцэг таны амьдралд том нөлөө үзүүлдэг нь одоо ч хэвээр гэж хэлж байсан. Харин таны эхийн тухайд тэр ч бас таны үлгэр дууриалал үү?

Миний ээж жил ирэх бүр улам илэн далангүй болоод байгаа. Тэр үнэнийг шууд л хэлчихдэг. Үнэнээ хэлэхэд миний эмээ ч мөн адил тийм хүн байсан юм. Тэд хоорондоо их адилхан. Гэхдээ ээж маань үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэрбээр хүн болгоны нүүр лүү харж байгаад юу ч бодолгүйгээр үнэнийг хэлчихдэг болсон. (Инээв). Харин би түүнийг хүссэнээ ярьсны дараа хүмүүсээс уучлалт гүйж, түүний санааг зөөлнөөр тайлбарлах болдог нөхцөл байдалд олон удаа орж байсан шүү. Гэхдээ би ээжийгээ биширдэг, түүний хэтэрхий үнэнч зангаар бахархдаг.

Ээжийнхээ үнэнч занг та өөрөө яаж хүлээж авдаг вэ?

Ихэвчлэн энэ нь намайг хөгжөөдөг. Нэгэн өдөр би яг түүн шиг болно гэдэгтээ итгэлтэй байна. Энэ чинь ДНХ шүү дээ.

Би танд нэг зүйл хэлэх гэсэн юм. Би үнэндээ таныг хэзээ нэгэн цагт гэрлэвэл зөвхөн байгаль орчны төлөө тэмцэгч бүсгүйтэй өөрийгөө холбоно гэж найзтайгаа мөрийцсөн юм.

Энэ асуултад ингэж хариулах байна. Би байгаль орчны асуудлыг ойлгодоггүй мөн энэ чиглэлээр хийдэг миний үйл ажиллагааг чухлаар хүлээж авдаггүй нэгэнтэй хамт байж чадахгүй.

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 7)

Дэлхий дээрх хамгийн дуртай газраа нэрлээч? Та хаана өөрөөрөө байж, тайвширч чаддаг юэ?

Миний амьдралдаа хийж байсан хамгийн сонирхолтой адал явдал бол Амазон мөрний дагуу, аливаа иргэншлээс хол аялал юм. Хүн төрөлхтний гар хүрээгүй, онгон байгаль, түүний гоо үзэсгэлэн намайг бага насны маань зүүд рүү аваачих шиг л болсон. Ийм зэргийн аяллыг аль болох олон хийж, байгаль орчноос энерги авч байх хэрэгтэй. Бас нэгэн гайхамшигтай газар бол Анкгор-Ван сүм юм. Камбожи бол ид шидийн улс. Тэнд хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс амьдардаг. Тийшээ би хэд л бол хэлэн удаа эргэн очиход бэлэн байна.

Хэрвээ Леонардо ДиКаприо Холливүүдэд төрөөгүй, жүжигчин болоогүй байсан бол, тэр ямар мэргэжилтэй байх байсан бэ?

Би түүнийг биологич юм уу амьтадтай холбоотой ямар нэгэн мэргэжилтэй байх байсанд итгэлтэй байна. Би багаасаа байгаль орчныг судлах дуртай нэгэн байсан. Миний үргэлж хэлдэг байсан ганц үг бол "Бидний бүхэл амьдрал бол бүхнийг өөрчлөх, ямар нэгэн онцгой үйл явдалд бэлтгэх мөч" юм. Миний хувьд "This Boy's Life" кино тэр мөч байсан. Би хэрвээ Лос-Анжелест амьдардаггүй, миний ээж тэр бүх шалгаруулалт руу намайг аваачдаггүй байсан бол тэр боломж надад хэзээ ч нээгдэхгүй байх байсан. Тиймээс зөв газраа, зөв цагтаа байх маш чухал. Надад аз таарсан учир өнөөдөр бид кино урлагийн тухай яриа өрнүүлж сууна. Гэхдээ тэр завшаан надад олдоогүй байсан бол би аз жаргалтай биологич юм уу экологич байх байсан. Миний амьдрал одооныхоос дутахааргүй үзэсгэлэнтэй бас сонирхолтой байх байсан гэтдэгт итгэлтэй байна.

"Дэлхийн дулаарал бол шинжлэх ухааны уран зөгнөл биш юм. энэ бол бодит байдал, хүн бүрд нөлөөлж буй бодит байдал"


Би хэдхэн хоногийн өмнө та бид хоёрын 1993 онд хийж байсан, эртний ярилцлагын бичлэгийг олсон юм. Тэр үед яг "This Boy's Life" киноны нээлт болох гэж байсан. Та "Би үргэлж жүжиглэхийг хүсдэг байснаа сайн мэддэг байсан. Миний хойд ах жүжигчин байсан, түүний ачаар би жүжиглэлт гэдэг зүйлийг мэдсэн" хэмээн ярьж байсан. 22 жилийн өмнө хэлж байсан эдгээр үгнүүдийн талаар та юу гэж бодож байна?

(Инээж байна) Үнэнээ хэлэхэд тэр үеэс хойш юу ч өөрчлөгдөөгүй юм шиг ээ. Миний ажил мэргэжилдээ хандах хандлага мөн дуртай кинонууд өөрчлөгдөөгүй, хэвээр үлдсэн. Би залуу насаа дурсахад тэр үед хийж байсан шийдвэр бүрээрээ их бахархдаг. Ялангуяа дүр бүтээсэн кинонуудаараа бахархдаг. Гэхдээ аливаа жүжигчний адил би үргэлж хөгжиж дэвшихийг эрмэлздэг, илүү чөлөөтэй илүү чадварлаг болохыг зорьдог. Би тэр үед хүссэн зорилго бүрдээ хүрч чадсан. Надад тэгэхэд их цаг зав, хүч чадал зарцуулах байсан нь огтхон ч хамаагүй байсан. Одоо ч гэсэн би зогсох талаар төлөвлөөгүй бөгөөд аль хэдийнэ дараагийнхаа төслийг хайж эхэлсэн. Гэхдээ би одоо цаг хугацааг арай өөрөөр хүлээж авах болсон. Би түүнийг илүү их үнэлдэг. Үүгээрээ би өөрийгөө илүү гүн ойлгож, амьдралд киноноос өөр илүү чухал зүйлс олон байгааг олж харсан. Тиймээс хэрвээ 22 жилийн өмнө би бүх амьдралаа кино урлагт зориулахад бэлэн байсан бол, одоо би түүнээс ч их зүйлийг хүсэж байна.

Та хувийн амьдралаа ярих дургүйг би мэднэ. Магадгүй та хайр дурлал ба харилцааны талаар ерөнхий зөвлөгөө өгөх болов уу?

Нэгэн удаа Клинт Иствуд надад маш үнэ цэнэтэй зөвлөгөө өгч байсан. Тэр "Чи олон эмэгтэйг хайрлана. Гэхдээ тэдгээр эмэгтэйчүүд чамд мөн таалагддаг байх нь чухал шүү" хэмээн хэлж байсан юм.

Харин та өөрийн зүгээс ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Хэцүү асуулт байна. Миний бодлоор хүмүүсийн хоорондох харилцаанд өөрийгөө өөрчлөх гэж оролдохгүй, хэн нэгэн шиг байхыг хичээхгүй, хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахгүй байх нь чухал. Хоёр хүн бие биедээ үнэн сэтгэлээсээ таалагдаж байгаа бол, энэ нь үргэлж байгалийн зүйл байдаг. Үүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй гэдэгт би итгэдэг. Тиймээс хамгийн гол нь өөрөөрөө байгаарай.

Леонардо ДиКаприо: “Би дэлхийд юу дутагдаж буйг сайн мэднэ” (фото 8)

Та зочломтгой хүн үү? Тань дээр найзууд тань ирэхэд та хэрхэн угтаж авдаг вэ? Агуу Гэтсби шиг үү, эсвэл арай даруухан байдлаар уу?

Би Гэтсбитэй огтхон ч адилгүй. Би зочид хүлээж авах, найзууд манайхаар зочлоход их дуртай. Гэхдээ би гэртээ суурьшаагүй бараг жил хагас болж байна. Тийм болохоор миний зочломтгой зангийн тухай ярих тохиромжгүй юм. Энэ зул сарыг тэсэн ядан хүлээж байна. Бүх найзуудаараа, гэр бүлээрээ цугларч алдсан цаг хугацаагаа нөхнө гэж төлөвлөж байна.

Та зул сарыг ихэвчлэн яаж тэмдэглэдэг вэ?

Үргэлж гэр бүлтэйгээ. Ихэвчлэн би арванхоёрдугаар сарын 24-ны өдрийг ээжтэйгээ, харин 25-ныг аавтайгаа өнгөрүүлдэг. Би аавынхаа талын хамаатнуудтай хөгжилдөх их дуртай. Тэд аварга том гацуур мод чимэглэж, зөндөө олон хоол бэлтгэж, бие биедээ заавал ч үгүй гоёмсог савалгаатай бэлэг бэлтгэдэг.

Сүүлийн жил, хоёр жилийн хугацаанд таны сэтгэлийг хөдөлгөж, баяр баясгалан авчирсан ямар нэгэн үйл явдлыг санаж байвал хуваалцана уу?

Өнгөрсөн жил бид Christie's-д зориулж гайхамшигтай дуудлага худалдаа зохион байгуулсан. Бид янз бүрийн студи бас галерейнуудаар зочилж, төслийнхөө тухай тайлбарлах үед ихэнх алдарт зураачид зургаа үнэгүй олгож байсан. Дуудлага худалдааны үр дүнд 38 сая доллар цугларч, байгаль орчны асуудал шийдэхэд хандивлагдсан. Энэ арга хэмжээ үнэхээр намайг баярлуулсан. Нэгэн зэрэг, нэг доор байгаль орчны төлөө тэмцдэг, санаа нь зовнидог хүмүүс цугларсан байсан. Түүнээс гадна би сүүлийн хоёр жилд маш их аялал хийлээ. Миний очсон газар бүр гайхамшигтай, мартагдашгүй байсан. Ерөнхийд нь хэлбэл аялал бөгөөд урлагийн ертөнц сүүлийн жилүүдэд миний хувьд чухал ач холбогдолтой байлаа.

Та эрүүл байж, галбираа хадгалахын тулд юу хийдэг вэ?

Би эрүүл мэндээ хадгалахын тулд аливаа экстрим спортоор бага хичээллэх болсон. Урьд нь би уг сонирхолдоо нэлээд автаж, хэд хэдэн удаа үхэл амьдралын ирмэг дээр байж үзсэн. Харин өнөөдөр би хэвийн дасгал хөдөлгөөн хийж, галбираа хадгалж байна. Түүнчлэн би дайвингд их дуртай. Орчноос тасарч, зүүдний ертөнцөд очих шиг сайхан зүйл үгүй. Спортын талаар гэвэл би мөн сагс, тулааны урлагийн дэлхийн аваргыг үзэх дуртай.

Таны худалдаж авч байсан хамгийн үнэтэй зүйл юу вэ?

Хамгийн үнэтэй гэвэл ээждээ зориулж худалдаж авч байсан байшин юм даа. Магадгүй Уорхолын зураг бас байж болох юм. Гэхдээ л ээждээ авсан байшин илүү үнэ цэнэтэй.

Танд их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн байдаг ямар нэгэн сонирхол бий юу? Мэдээж хэрэг дэлхийг аврахаас бусад сонирхол.

Пиджак. Би маш олон пиджактай хэдий ч дахин худалдан авсаар л байдаг. Би авто машин аль эсвэл хувийн онгоцны том шүтэн бишрэгч биш. Надад тэр бүх зүйл байхгүй. Харин пиджакууд бол өөр хэрэг шүү. Хүүхнүүд туфли хараад ухаан алддаг шиг, пиджак миний ганц сонирхол юм. Xэрвээ миний шүүгээнд хэдийнэ байгаа пиджакийг би дэлгүүрт олж хараад, эмжээр нь бага зэрэг өөр оёдолтой байвал авч л орхино.

цааш үзэх