Оскар 2017: Үр дүн ба онцлох агшнууд
Түүхэн дэх хамгийн улс төржсөн ёслол
Лос-Анжелес хотноо 89 дэх удаагийн Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам болж өнгөрлөө. Бюро 24/7 энэхүү наадмын тухай өөрсдийн дүгнэлтийг гаргаж байна. Ямартаа ч энэ жилийн Оскарын наадам түүхэн дэх хамгийн их улс төржсөн шагнал гардуулах ёслол боллоо.
Трампын тухай хошигнол
Ёслолын хөтлөгч Жимми Киммел энэ үдэш "Saturday Night Live" нэвтрүүлгийн бүх ангийг давж гарах зорилго тавьсан бололтой. Киммелийн бараг л бүх хошигнол Дональд Трамп руу чиглэсэн байлаа. Тиймээс Оскарын наадам тэр чигтээ шинэ ерөнхийлөгчийн албан тушаалын тойм болон хувирсан юм. Энэ үдэш бид хуурамч мэдээлэл, цагаачдын эсрэг тавьсан хориг, "Twitter", Мерил Стрипийг доромжилсон явдал гээд Трампын тухай бүхий л зүйлийг сонсов.
Гэвч Жимми Киммел улс төрийн сэдвээс хазайх бүрт түүний хошигнол хамаг хурц байдлаа алдаж байсан юм. Яг энэ мөчид шагнал гардуулах ёслол яг л "Jimmy Kimmel Live" шоу (тийм ч сайн дугаарууд нь биш) болон хувирч байлаа. Ёслолын танхимд юу ч гадарлаагүй жуулчдыг авчирч, одууд "муухай жиргээ"-нүүдийг уншиж, Жимми Киммел Мэтт Дэймоноор тохуурхах гээд зохион байгуулагчид тогтсон форматандаа л төвлөрөхөөр шийдсэн бололтой. Хамгийн гунигтай нь үдшийн хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь гэнэт чихрээр бороо орсон явдал байлаа. Энэ хошигнол хүн бүрт таалагдсан учраас бүр дахин нэг удаа давтсан юм.
Энэ бүхний дараагаар Сэт Макфарлайны "хулиган" үйлдлүүдээр дүүрэн Оскарын наадмыг үнэхээр санах шиг. Энэ жилийн Оскарын наадам сүүлийн хэдэн жилд зохиогдсон хамгийн "цэвэрхэн" ёслол болж өнгөрлөө. Жишээ нь Шон Пенний Алехандро Гонсалес Инньяриттуд зориулж хэлсэн ёжлол шиг хошигнол огт сонсогдсонгүй. Харин ямар ч өдөөн хатгалгагүй, хурц зүйлгүй хошигнол болон нэр дэвшигчдийн хөтөлбөрийн үг л сонсогдож байсан юм.
Улс төр урлагийг яллаа
Трампын ялалт академчдын шийдвэрт ч нөлөөлжээ. "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд ираны найруулагч Асгар Фархадигийн тийм ч сайн биш "The Salesman" кино ялалт байгуулсан юм. Хэдийгээр Трампын хоригоос болоод найруулагч өөрийн биеэр шагналаа авч чадаагүй ч олон нийтэд бүхэл бүтэн тунхаглал бэлджээ. Шүүгчдэд уран сайхны давуу талтай киног сонгох биш харин ямар нэг улс төрийн үйлдэл хийх нь чухал байсан бололтой. Хэрэв эс бөгөөс тэд олон кино наадмаас шагнал хүртсэн "Toni Erdmann" киног сонгох байсан биз.
"Moonlight" киноны хачирхалтай ялалт ч үүнд хамаарна. Шүүгчид "Шилдэг кино" төрөлд "La La Land" урлагийн бүтээлийг сонгоогүйгээрээ "Сонгодог Холливүүд өнгөрсөнд үлдсэн. Харин америк тарчиг хорооллууд бол одоо цаг үе" гэж жирийн үзэгчдэд хэлж байгаа мэт санагдлаа. Тэгэхдээ энэ нь үзэгчдийн эрэлт хэрэгцээтэй зөрчилдөж байна. Тэд аль хэдийнэ Трампын Америкийг нарлаг "La La Land"-аар сольсон шүү дээ.
Та 89 дэх удаагийн Оскарын наадмын ялагчдын бүрэн жагсаалтыг эндээс хараарай.