Санал Асуулга: "Mongolian Academy Awards 2016" наадамд ямар кино шилдгээр шалгарах вэ?
Атганд үлдсэн эрдэнэ, Үргээлэг 2, Lovers, Содура болон бусад
Энэ жилийн шагнал гардуулах ёслолд нийт 19 уран сайхны кино өрсөлдөж байгаа билээ. Тэдгээрээс "Атганд үлдсэн эрдэнэ" болон "Содура" кино хамгийн олон буюу тус бүр 15 төрөлд өрсөлдөж байна. Харин "Үргээлэг-2" 10, "Lovers" таван номинацид өөрсдийн уран бүтээлчдээ "илгээгээд" байна.
Өнгөрсөн 2015 оны хит "Аав" кино шилдгээр тодорч байсныг та санаж байгаа байх. Жүжигчин Ц.Цэрэнболд энэ кинонд үзэгчдэд дасал болсон хатуу, ширүүн дүрээ орхиж, жирийн нэгэн сайхан аавын тухай үзүүлсэн нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Тэгвэл 2014 оны кино шилдэг бүтээл болох "Үргээлэг" киноны үргэлжлэл энэ удаад амжилтаа бататгаж чадах болов уу?
Шилдэг киноноос гадна бусад шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний номинациудын тухай мөн товч мэдээлэл харцгаая. Энэ жил шилдэг найруулагчийн төрөлд нийт 11 эрхэм өрсөлдөж байна. Үзэгчид болон уран бүтээлчид энэ жил Хувьсал продакшны "Атганд үлдсэн эрдэнэ" кино хамаг шагналыг түүнэ гэж таамаглацгааж байна. Харин 2014 оны шилдэг эмэгтэй жүжигчин У.Уранчимэг энэ удаа кино наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох шилдэг найруулагч болох болов уу? Хэрэв маргааш У.Уранчимэг тодрохгүй бол "Содура" киноны найруулагч Б.Жаргалсайхан оронд нь "Mongolian Academy Awards"-ын цомын эзэн болж мэднэ. Энэ төрөлд чамгүй хүчтэй өрсөлдөгч гэж мэргэжилтнүүд харж байгаа Ж.Сэнгэдорж энэ удаа хоёр ч кинотой оролцож байгаа. Түүний "Босуул" болон "Lovers" кинонуудын аль нэг нь түүнд хоёр дах удаагийн "шилдэг найруулагч" шагналыг авчирч болох юм. Тэгэхдээ шүүгчид дүнгээ зарлатал үүнийг хэн ч тааж хэлж чадахгүй билээ. Мөн өнгөрсөн 2015 онд шилдэг найруулагчаар тодорсон Г.Эрдэнэбилэгийг мартаж болохгүй. Тэрээр энэ жил "Үргээлэг 2"-ийн найруулагчаар ажилласан байгаа.
Энэ жилийн кино ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах наадмын хамгийн сэтгэл догдлуулсан мөч бол "шилдэг эмэгтэй жүжигчин"-ий нэрийг зарлах мөч байна байх. Нийт нэр дэвшсэн есөн бүсгүйгээс "Атганд үлдсэн эрдэнэ" киноны гол дүрийг бүтээсэн А.Ганчимэгт боломж илүү их бий. Удахгүй Холливүүдад пост-продакшн нь хийгдэж эхлэх тус кинонд А.Ганчимэг маш чадварлаг жүжиглэж, өөрөөсөө тэс өөр хүнийг гаргаж ирсэн билээ. Мөн "Содура" кинонд гол дүрийг бүтээсэн Ч.Очгэрэлд олон хүмүүс найдлага тавьж байгаа. Магадгүй шүүгчид энэ жил шинэ дүр, шинэ од гаргаж ирэх зорилгоор "Lovers" киноны жүжигчин Д.Гэрэлмаагийн зоримог жүжиглэлтийг үнэлэж мэдэх юм. Монгол маягийн романсыг дэггүй, өөрийнхөөрөө амьдрах дуртай уран бүтээлч эмэгтэйн дүрээр гаргаж ирсэн Д.Гэрэлмааг дараа нь ямар кинонд тоглох бол гэж олон үзэгчид хүлээж байгаа биз ээ. Түүнчлэн "Муу нүүрт" кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгор ч энэхүү шагналыг хүртэх бүрэн боломжтой юм. Ямартаа ч, энэ бямба гарагт бүх зүйл тодорхой болно.
Энэ жил шилдэг эрэгтэй жүжигчин төрлийн эзэн нэр дэвшсэн 12 жүжигчнээс тодрох болно. Үүнд "Содура" киногоор жүжигчин О.Амгаланбаатар, "Үргээлэг-2" киноны жүжигчин Ж.Баясгалан, "Тоглож болохгүй нас" кинонд гол дүрийг бүтээсэн Б.Нямдаваа болон бусад жүжигчид багтжээ. Харин өнгөрсөн жил энэхүү шагналыг "Аав" киногоороо жүжигчин Ц.Цэрэнболд хүртсэн юм.
За ингээд энэ 2016 оны "Mongolian Academy Awards" наадамд ямар кино шилдэг уран сайхны киногоор тодрох вэ гэсэн санал асуулгад бүгдээрээ өөрсдийн саналаа өгцгөөе. Уншигч та бүхний санал, шүүгчдийн дүгнэлт хоёр таарах эсэхийг бид маргааш буюу бямба гарагийн орой танилцуулах болно.