Сүүлийн үед гарсан долоон шилдэг баримтат кино
Эдвард Сноуден, Эми Уайнхайус, Тэрбумтан алуурчин гэх мэт
"Citizenfour: Сноудений үнэн"
Эдвард Сноудений амьдралийн түүх. Энэ хүн бол Америкийн нууц албаны ажилтан ба интернетэд нууц мэдээг задруулан эх орныхоо урвагчаар тодорч ОХУ руу зугтан ирсэн нэгэн.
Тэрбээр олон талаараа ихэд сонирхолтой хүн мөн ч энэ кино нь Сноудены хувийн амьдрал дээр голчлон төвлөрөхөөс гадна бид бүгдийн ямар нэг хараа хяналтан дор байдаг, орчин үед хувийн нууц гэх ойлголт үгүй болж буй талаар онцолжээ. Уг кино нь "Оскар"-ын наадмаас шилдэг баримтат кино шагналыг хүртсэн.
"Чимээгүйн харц"
Энэхүү бүтээл нь хоёр жилийн өмнө гарч байсан маш алдартай, дуулиантай цуст "Аллагын үйлдэл" гэх 1965-1966 оны Индонезид болсон хоморголон устгалтын тухай өгүүлсэн киноны үргэлжлэл юм. Тэр үед найруулагч Жошуа Оппенхаймер, аллага болон аймшигт үйлдлүүдийн тухай нь цэргийн гэмт хэрэгтнүүдээс өөрсдөөс нь ярилцлага авч байсан билээ. Харин энэ удаа тэрбээр амь аврагдаж чадсан нэгэн гэр бүлийн тухай болон тэдний ойр дотны хүмүүсийг нь хэн алсныг олж мэдэхийг хүсэж буй талаар баримтат бүтээл хийжээ. Хүний харгислал, түүний хэмжээ хязгааргүй байдал болон ихэнхидээ ямарваа нэгэн тайлбар, шалтгаангүй үйлдэгддэг хэргийн талаар гайхалтай судалгаа хийсэн бүтээл болжээ.
"Улааны зэвсэгт хүчин"
ОХУ-г агуу гүрнээр харуулсан Америкийн бүтээл арван жилд нэг л байдаг болов уу. Харин "Улааны зэвсэгт хүчин" яг үүнийг үзүүлжээ. Энэхүү кино нь СССР-ийг хоккейн спортоор агуу байсан талаар, мѳн социализмд бий болсон хамт олон хэрхэн барууны капиталист нийгмийг хожиж байсан шалтгаануудыг судалсан баримтат кино юм. Мөн кинотой зохицуулан орос аялгатайгаар англиар ярих Вячеслав Фетисовтой хийсэн ярилцлага оржээ. Онцлоход энэхүү кино нь аймшигт триллер шиг сүртэй өнгө аястай болсон байна.
"Тэрбумтаны нууц"
HBO-гийн шинэхэн бүтээл болох энэ баримтат кино урлагийн гайхамшгийг жинхэнэ утгаар нь үзүүлж чадсан. Учир нь киног бүтээсэн хүмүүс хачирхалтай аргаар тэрбумтан Роберт Дерстийг гучаад жилийн өмнө үйлдсэн гурван аллагынхаа тухай хүлээн зөвшөөрсөнийг бичлэг дээр буулгаж авчээ. "The Jinx" гэх энэ бүтээл арваад жил бэлтгэгдсэн ба эхлээд Дерст ярихаас татгалзаж байсан бол дараа нь өөрөө анзааралгүйгээр маш ихийг ярьсан байдаг. Кино гарснаас хойш Дерст баривчлагдсан ба одоогоор шүүх хурлаа хүлээж байгаа ажээ. Аливаа бүтээл зөвхөн бүтээл гэдэг утгаасаа илүү том зүйл болж хувирсаны тод жишээ энэ юм.
"Газрын давс"
Агуу мэдрэмжтэй, энэхүү хар цагаан кино бол Бразилийн алдарт зурагчин Себастьян Сальгадогийн тухай бүтээл юм. Сальгадо хүн төрөлхтөний шаналалыг олон янзаар буулгаж авснаараа алдаршсан ба түүний бүтээлүүд Руандагийн аллага, Югославын түгшүүрт байдлын аймшгийг харуулж байсан. Тэрбээр харин өөрийн туршлагынхаа тухай дэндүү даруухан өгүүлэх нь нэг бодлын нас тогтсон хүний уужим ухаан шиг санагдана. Түүнчлэн "Газрын давс" үнэхээр сайхан бүтээл ба буурай хөгжилтэй орнуудын байгалийн гайхамшгийг харахын төлөө үзэж сонирхож болох юм.
"Шөнө дундын аймшиг"
Найруулагч Родни Ашер гурван жилийн өмнөөс "237-р өрөө" нэртэй киногоороо алдаршсан ба энэ нь Кубрикийн "Гялбааг" асар олон тооны, дэндүү утгагүй янзаар тайлбарладаг тухай өгүүлж байсан билээ. Тэрбээр энэ тайлбарууддаа Фрейд, Томас Манн, шидэт тооны ухаан болон Америкчуудын саран дээр буусан тухай (Ашерийн хэлснээр Кубрик өөрийн биеэр энэхүү саран дээрх бичлэгийг үйлдэн хэлэх зүйлээ кинондоо нууцлан үлдээсэн гэнэ) бүгдийг холбон оруулсан байжээ.
"Шөнө дундын аймшиг" баримтат кино нь нойрны саатал өвчнөөр өвчилсөн найман хүний түүхийг харуулсан ба эд шөнө дунд аймшигт сүнснүүдийг харах ч тэдний эсрэг юу ч хийж чадахгүй. Үнэхээр аймшигт бүтээл болсон байсан шүү.
"Эми"
27 насандаа мөнх бусыг үзсэн дуучин Эми Уайнхаусын намтрыг Канн дахь кино наадмын үеэр толилуулахад бүгд магтсан боловч түүний гэр бүл нь сайшаагаагүй. Тэдэнд энэ бүтээл дэндүү зохиомол санагдсан гэнэ. Юутай ч энэ баримтат бүтээл 2015 оны хамгийн сонирхолтой нь болоод байгаа билээ. "Эми"-гийн бусад намтар түүхүүдээс ялгарах гол учир нь хэдий дуучин бүсгүйн хувийн амьдрал дээр тулгуурласан ч түүний "бохир" дээр төвлөрөхдөө биш харин согтууруулах ундаа болон мансууруулах бодисонд дуртай байсан Эми эцэст нь зөвхөн аз жаргалыг л олохыг эрмэлзэж байсан тухай өгүүлжээ.