Хайх

Женнифер Лопез Колумбын хар тамхины хатан хааны дүрийг бүтээнэ

Женнифер Лопез Колумбын хар тамхины хатан хааны дүрийг бүтээнэ

HBO телевизийн шинэ кинонд

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевизээс Женнифер Лопезыг Колумбын хар тамхины лорд Гризельда Бланкогийн дүрд тоглох болсныг баталлаа

HBO телевиз 1970-1980-аад онд АНУ руу хар тамхи нийлүүлдэг байсан Гризеьдо Бланкогийн амьдралыг харуулсан уран сайхны кино хийхээр болжээ. Бланко кокайн хууль бусаар хил давуулах олон янзын арга сэдэж олсон бөгөөд кокайныг их хэмжээгээр ч, жижиглэнгээр ч худалдаалдаг байсан юм. Жишээ нь Бланко үүний тулд дотуур хувцасны дэлгүүр нээж, тусгай нууц халаастай хослолуудыг зардаг байжээ.

Женнифер Лопез нэгэн ярилцлагадаа "Пабло Эскобарын эмэгтэй хувилбар"-ын намтрыг эртнээс сонирхож байсан гэдгээ дурдсан билээ. Гризельда Бланко нь хамгийн хэрцгий, нөлөө бүхий хар тамхины лорд гэдгээрээ түүхэнд үлдсэн юм.

Түүнчлэн мотоцикльтой давхиж явахдаа хохирогчоо буудаж хөнөөдөг аллагын аргыг Бланког хамгийн анх зохиосон гэж үздэг. Уг аргыг хожим нь хар тамхины бүлгүүд кокайны дайны үеэр түгээмэл ашигладаг байсан юм. The Guardian сонины мэдээллэж буйгаар бол Бланко ойролцоогоор 40-200 хүний аминд хүрсэн бөгөөд тэр дундаа өөрийн хоёр нөхрийг хөнөөсөн байх магадлалтай. Гризельда Бланко нь зөвхөн "Кокайны загалмайлсан эх" төдийгүй "Хар бэлэвсэн эмэгтэй" ч гэж нэрлэгдэж байсан.

Бланко 1985 онд баривчлагдаж, 14 жилийн хорих ял авсан бөгөөд 2004 онд шоронгоос суллагдсан байна. Тэрээр Колумбад эргэн очиж, хар тамхины ажлаасаа хөндийрсөн ч, 2012 онд түүнийг давхиж буй мотоцикльтой этгээд буудан хөнөөсөн юм.

Жей Ло домогт хар тамхины хатан хааны дүрийг чадварлагаар бүтээж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна. Ямартаа ч энэхүү киноны зураг авалт 2018 онд эхлэхээр болжээ.

цааш үзэх