Билли Айлиш гэж хэн бэ? Яагаад дэлхий нийт түүнийг шүтэн бишрэх болов?
Тэр таны төсөөлж байгаа ердийн нэг өсвөр насны поп од биш
Tүүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат О'Коннелл гэдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард дөнгөж 17 нас хүрсэн Билли өнөөдөр Instagram-д бараг 16 сая дагагчтай болж, уран бүтээлүүд нь Spotify стриминг тавцан дээр 1 тэрбум хандалт авч, тоглолтуудынх нь тасалбар үргэлж "sold-out" гэсэн бичигтэй байдаг болжээ. Харин хэдхэн хоногийн өмнө "When We Fall Asleep Where Do We Go?" нэртэй түүний анхны цомог танилцуулагдсан байгаа. Уг цомгийг Apple Music тавцан дээр худалдаанд гарахаас нь өмнө 800,000 хүн хүлээж, тус стриминг үйлчилгээний бүх цаг үеийн рекордыг тогтоогоод байв. Мөн BBC Music түүнийг цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй, дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлэж байсан юм. Энэ бүхэн 17 настай залуу дуучны хувьд үнэхээр гайхалтай сонсогдож байгаа биз? Бид энэ оны хамгийн өндөр хүлээлттэй цомгийн эзэн Билли Айлиш гэж хэн болох, яагаад өсвөр насны охиныг үе тэнгийнхэн нь төдийгүй насанд хүрэгчдээс эхлээд дэлхийн хэмжээний одууд хүртэл шүтэн биширч байгааг тодруулахаар шийдлээ.
Тэр хөгжмийн карьераа 8 настайдаа эхлүүлсэн
Тэрээр 2001 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод уран бүтээлчдийн гэр бүлд төрж өсжээ. Билли найман настайдаа Лос-Анжелес хотын хүүхдийн найрал дууны хамтлагт орсноор түүний хөгжмийн карьер эхэлсэн гэж хэлж болно. Харин 11 настайгаасаа эхлэн өөрөө дуунуудаа бичих болжээ. Ер нь Билли Айлиш ихэнх дуугаа ах Финнеас О'Коннеллтой хамтран зохиодог бөгөөд ах нь түүний тоглолтууд дээр ихэвчлэн амьд хөгжим тоглож байгаа нь харагддаг. Одоогоос гурван жилийн өмнө буюу 14 настайдаа ахынхаа зохиосон "Ocean Eyes" нэртэй дуугаа SoundCloud тавцан дээр цацсанаар од болох гараа нь тавигдсан юм. Үүнээс хойш 15 настай авьяаслаг дуучин "Don't Smile At Me" нэртэй мини цомог гаргаж, хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий Interscope дуу бичлэгийн компанийн гэрээг өөрийн болгож чадсан байлаа. Үүгээр ч зогсохгүй түүний шүтэн бишрэгчдийн дунд Nirvana хамтлагийн экс бөмбөрчин, Foo Fighters хамтлагийн ахлагч Дэйв Грол, Radiohead-ын Том Йорк, дуучин Сэм Смит нар багтдаг.
Түүний дуу хоолойг андуурах боломжгүй
Зөөлөн атлаа гүн гүнзгий хоолойгоор меланхолик, мөрөөдөмтгий, готик өнгө аястай дуунуудыг дуулсаар шүтэн бишрэгчдийн армитай болжээ. Билли Айлишийн бүтээлүүдэд хагас өнгүүд, зөөлөн аялгуу, айдас төрүүлэм шивнээ давамгайлдаг. Дууных нь шүлгүүд тусдаа хэлэлцэх сэдэв болно. Учир нь түүний дуунуудаас та хэзээ ч унаган багын гэгээн хайр дурлалын тухай олж сонсохгүй. Харин айдас, шаналал, гуниг, түнэр харанхуйн тухай зүрх зүсэм текстүүд таны сэтгэлд хоногшино. Заримдаа басс гитар, төгөлдөр хуур давамгайлсан бүжгийн хэмнэлтэй, эрч хүчтэй дуунууд ч сонсогддог. Ерөнхийдөө Билли Айлишийн инди поп, электро поп жанрын дуунуудын тусламжтай одоогийн өсвөр насныхны ертөнцөд автах амархан байх болно.
Тэр хэнтэй ч адилгүй
Билли Айлиш барууны хөгжмийн ертөнцийн одуудын дунд түгээмэл дэлгэрсэн "sexy" дүр төрхийг бүтээх гэж хэзээ ч оролдож байгаагүй. Уран бүтээлээс нь гадна түүний хэнтэй ч адилгүй төрх, биеэ авч яваа байдал нь анхаарал татдаг. Дуучны эршүүд загвартай шуудай мэт хувцаснууд, өнгө, өнгийн үс, жихүүдэс хүргэм видео клипүүд нь нэгэн хэвийн уран бүтээлчид, ижил төстэй уран бүтээлүүдээр дүүрсэн шоу бизнес, хөгжмийн салбарын эсрэг хийж буй "бослого" болж байгаа гэж хэлж болох юм. Ямартаа ч нэгэн цагт Лана Дель Рей шинэ цагийн Америк дуучин хэмээн нэрлэгдэж байсан шиг Билли Айлиш орчин цагийн хөгжмийн ертөнцийн гоц үзэгдэл болж байна. Гэхдээ энэ удаад Лана Дель Рейн нэрийн хуудас болсон 1950, 1960-аад оны соёл, Америк мөрөөдөл Билли Айлишийн хар дарсан зүүд, меланхолик уур амьсгалаар солигджээ.