BLACKPINK хамтлагийн Женни өөрийн “OA” хэмээх компаниа үүсгэн байгууллаа
Саяхан BLACKPINK хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ YG Entertainment-тай гэрээгээ сунгаж буй талаар мэдээлэл цацагдсан. Гэрээний тухайд хамтлагийн үйл ажиллагааг YG Entertainment хариуцах ч гишүүд соло уран бүтээлчийнхээ хувьд өөр агентлагтай давхар гэрээ байгуулах боломжтой нөхцөл бүхий байсан билээ. Тэгвэл хамтлагийн гишүүн Женни өөрийн “OA” буюу “OddAtelier” хэмээх компаниа үүсгэн байгуулж байгаа гэдгээ Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрээр мэдэгдэлдээ “Сайн уу? Женни байна. Энэ жил амжилт ололтоор дүүрэн байлаа. Мөн маш их хайр, хүндэтгэлийг та бүхнээсээ хүлээж авсандаа талархаж байна. Би 2024 онд өөрийн үүсгэн байгуулж буй "OA" компаниар дамжуулан бие даасан уран бүтээлийн замналаа эхлүүлэхээр шийдсэн. Миний шинэхэн эхлэл болох “OA” компани болон BLACKPINK-ийг дэмжин, хайрлаж өгөөрэй. Баярлалаа” хэмээжээ. Ийнхүү Женни компанийнхаа Instagram хаягийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан ба тус хаяг нь хоёр хоногийн дотор нэг сая гаруй дагагчтай болсон байна.
Энэ жил Женни “You & Me” нэртэй соло дуугаа цацаж, HBO сувгийн “The Idol” цувралаар жүжигчний дебютээ хийж, хамтлагаараа Их Британийн эзэнт гүрний хүндэт гишүүний одон медалиар шагнагдаж, уран бүтээлчийнхээ хувьд олон гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ.