Бюро 24/7 Playlist: Орчин үеийн рок, инди эмэгтэй дуучид
Шилдэгүүд
Энэ удаагийн дууны жагсаалтыг Бюро 24/7-гийн хамт олонтой саяхан нэгдсэн дадлагын ажилтан А.Баясалын зүгээс та бүхэнд санал болгож байна. Массачусэттсийн Их Сургуулийн Либерал Арт Коллежид хөгжмийн зохиолч, дуулаачийн ангид суралцдаг түүний сонголт танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Alabama Shakes
Хүчирхэг хоолойтой, эрэгтэй рок одуудтай эн зэрэгцэхүйц Британи Ховард Alabama Shakes хамтлагийн гоцлол дуучин төдийгүй мөн ритм гитарчин юм. АНУ-ын Алабама мужид анх 2009 онд байгуулагдсан энэхүү хамтлаг блюз рок, гараж рок болон соль мюзик урсгалаар уран бүтээлээ туурвидаг.
Тэд эхний гурван жилдээ тийм ч их амжилт гаргаж, олны танил болж чадаагүй ч 2012 онд гаргасан Boys & Girls цомог нь бүхнийг өөрчилсөн. Тэд алдар нэр, шүтэн бишрэгчидтэй болж, өмнө нь олддоггүй байсан студи, продюсеруудын хамтран ажиллах саналд дарагдах болжээ. Хамтлагийн амжилтыг Boys & Girls цомогт багтсан Hold on дуу нь гурван ч удаа Грэммид нэр дэвшсэнээр товчхон тодорхойлж болно. Хамгийн сүүлд 2015 оны дөрөвдүгээр сард гаргасан "Sound and Color" цомог нь Биллбоардын шилдэг 200 жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, Грэммид долоон номинацид нэр дэвшсэнээр сонсогчдын анхаарлыг улам их татаж чаджээ.
Florence The Machine
"How Big How Blue How Beautiful "цомог
Улаан үст Флоренс Вэлчийн инди рок урсгалаар тоглодог Florence and the Machine хамтлаг 2007 онд Лондонд байгуулагдсан. Анхны ер бусын эмоцитой, өвөрмөц дуунууд нь олны анхаарлыг татсаар тэд эхний Lungs цомгоо 2009 онд гаргасан нь Их Британий чартуудын тэргүүнд байранд бичигдэж байлаа.
Вэлчийн өвөрмөц хэв маяг сонсогчдын төдийгүй мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг. Тиймээс Вэлч дараачийн цомгуудаа Английн алдарт Аббэй Роуд студи болон Холливүүдын томоохон студиудад бичүүлж, улам бүр сайжирсаар байна. Сүүлд 2015 онд хамтлагийн гурав дах "How Big How Blue How Beautiful" цомог нь дэлхийн томоохон хотуудад нэгэн зэрэг нээлтээ хийжээ. Нээлтийн дараах амжилт нь АНУ-ын БиллБоардс 200 болон Английн чартуудын нэгдүгээрт жагссанаар хэмжигдэж эхэлсэн ба Грэмми Авардсын таван номинацид нэр дэвшээд байна.
Lianne La Havas
"Blood" цомог
Англи улс бол бүх цаг үеийн амьд хөгжмийн шилдэг уран бүтээлчдийн өлгий нутаг билээ. Тэдний үргэлжлэл хэзээ ч тасрахгүй гэдгийн баталгаа, тод жишээ хэн бэ гэвэл Лиенн Ла Хавасыг нэрлэж болно.
Ямайк болон Грек гаралтай Лиенн анхны дуугаа 11 настайдаа зохиосон бөгөөд 2010 онд Warner Bros records-той гэрээ хийж, хоёр жилийн турш хөгжмийн мэдрэмж, чадвараа хөгжүүлсний дараа анхны цомгоо 2012 онд гаргажээ. Тус цомог оны шилдэг цомог шагналыг хүртсэн төдийгүй сонсогчид дараачийн цомгийг нь хурдхан сонсох юмсан гэх зогсолтгүй хүлээлтэд автсан юм. Эцэст нь 2015 онд Лиенн соль рок, фолк рок урсгалаар туурвисан Blood цомгоо гаргаж фэнүүдийнхээ санааг амраажээ. Энэ цомгийн дууных нь үг, бичих арга барил нь орчин үеийн уран бүтээлчдийн дунд шинэ өнгө аяс, содон чанараараа үнэхээр ялгарч чаджээ. Лиенн өөрөө акустик гитар, гоцлол гитар ээлжлэн тоглож, сонсогчиддоо жинхэнэ амьд мэдрэмжийг бэлэглэдэг байна.
Kimbra
"The Golden Echo" цомог
Дараагийн онцлох эмэгтэй уран бүтээлч бол Шинэ Зеланд гаралтай Кимбра Ли Жонсон юм. Түүнийг сонсогчид Кимбра гэх нэрээр нь 2000 оноос эхлэн мэддэг болсон ба АНУ-ын Лос Анжелес хотод анх инди рок, элэктрик поп чиглэлийг орчин үеийн жазз чиглэлтэй хослуулан уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрбээр зогсолтгүй хичээсээр 2010 оноос хойш олны анхааралд өртөж эхэлсэн ба сонсогчид үүнийг нь Кимбрагийн өөрийн гэсэн содон өнгө аястай нь холбож тайлбарладаг.
Түүнийг хүмүүс дуучин Готетэй хамтарч бүтээсэн "Somebody That i Used To Know" дуугаар нь сайн мэддэг. Энэ дуу нь дэлхийн 30 гаруй оронд 13 сая ширхэг зарагдаж, оны шилдэг сингл болж байжээ. Харин Кимбрагийн гурав дах The Golden Echo цомгийн хүчирхэг, эрч хүчтэй хэрнээ гүн ухааны гэмээр өнгө аястай бүтээлүүд нь өнгөрсөн оны онцлох цомгуудын жагсаалтад дээгүүрт бичигджээ.
Courtney Barnett
" Sometimes I sit and Think and Sometimes I just Sit" цомог
Австралийн Мельбурн хотоос гаралтай дуучин, хөгжмийн зохиолч гитарчин Кортни Барнетт 2015 онд гаргасан Sometimes I Sit and Think and Sometimes I just Sit цомгоороо АНУ, Их Британи, Австралийн хөгжмийн ертөнцөд маш олон хүний анхаарлыг татаад байна. Анх тэрээр сайко-контри чиглэлээр тоглодог хамтлагийн гишүүн байсан ба өөрөө бие даан зохиосон инди рок уран бүтээлүүд нь түүнийг онцгой гэдгийг нээжээ. Эмх замбраагүй хэрнээ гүн ухааны гэмээр түүний ухаарал хайсан дууных нь шүлэг, намуухан, бодлогошронгуй дуулах хэв маяг нь түүний орон зайг тэлсээр байна.
Hiatus Kaiyote
"Choose your weapon" цомог
Hiatus Kaiyote гэх өвөрмөц нэртэй энэхүү хамтлаг Австралийн Мельбурн хотод 2011 онд байгуулагджээ. Хамтлаг нео соль, футюр соль чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд нэрнээсээ авахуулаад маш сонирхолтой уран бүтээлчид гэдэг нь илт юм. Тэд анхны цомгоороо нэлээдгүй олны анхаарлыг татсан. Өнгөрсөн 2015 оны тавдугаар сард студийн хоёр дах цомог болох Choose Your Weapon гаргаснаар сонсогчдын хүрээ нь Австрали тивээс халих болжээ.