Хөгжмийн ертөнцөд шуугиан дэгдээсэн зохиогчийн эрхийн маргаанууд
"Хөгжим гэдэг арван хоёрхон нотны дотор эргэлддэг учраас санаа давтагдах асуудал бол байх л зүйл шүү дээ"
Орчин үеийн хөгжмийн үйлдвэрлэлд зохиогчийн эрх, оюуны өмчийн маргаан нь тун эмзэг асуудлын нэг болоод байгаа билээ. Хөгжмийн ертөнцөд бусдаасаа санаа авах, нөлөөлөх явдал бишгүй бий ч заримдаа хуулбарлалтын заагийг давчихдаг тал бий. Зохиогчийн эрхийг зөрчиж, хуулбарласан эсэх дээрх зарим маргаануудаас дурдвал
Эд Ширан vs. Сами Чокри
Sami Switch нэрээр уран бүтээлээ туурвидаг английн уран бүтээлч Сами Чокри дуучин Эд Ширанийг зохиогчийн эрх зөрчиж, хуулбарласан хэмээн шүүхэд өгсөн ба тус хэргийн шүүх хурал хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөлөө. Эд Шираний 2017 онд цацсан “Shape of You” дууны дахилтын “Oh I, Oh I, Oh I, Oh I” гэсэн үгтэй хэсгийг Сами Чокри өөрийнх нь “Oh Why” дууны дахилтаас хуулбарласан хэмээн үзсэн бөгөөд Дээд шүүхийн шүүгч Энтони Закароли “уг хоёр уран бүтээлийн яригдаж буй нэг такт хэсэг төстэй боловч Эд Ширан шууд хуулбарласан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзэн Эд Шираний талд шийдвэр гаргасан байна. Шүүх хурлын талаар Сами Чокри “амьдралынх нь хамгийн бараан үйл явдал” гэсэн бол Эд Ширан “Үндэслэлгүй ч гэсэн иймэрхүү байдлаар шүүхдэлцэх нь бараг энгийн үзэгдэл болоод байна. Өдөрт 60,000 орчим дуу Spotify дээр цацагдаж байна, гэтэл хөгжим гэдэг арван хоёрхон нотны дотор эргэлддэг учраас санаа давтагдах асуудал бол байх л зүйл шүү дээ” хэмээжээ. Ямартай ч та доорх хоёр линкээр дамжин харьцуулж сонсоод үзээрэй.
Lana Del Rey vs. Radiohead
2018 онд дуучин Lana Del Rey өөрийн Twitter хуудастаа английн Radiohead хамтлаг өөрийг нь зохиогчийн эрхийн асуудлаар шүүхэд өгсөн тухай бичсэн байна. Тэрээр “Lust for Life” цомогт нь багтсан “Get Free” дууг Radiohead-ийн “Creep” дууг хуулбарласан гэж үзэн дуунаас олох бүх ашгийг Radiohead-д өгөхийг шаардсан тухай хуваалцсан билээ. Lana Del Rey дуунаас олох ашгийн 40%-ийг хуваах санал гаргасан ч Radiohead зөвшөөрөөгүй байна. Radiohead-ийн паблишер болох Warner/Chappell Music уг дууны зохиогчдоор Radiohead-ийг бүртгүүлэх, ашгийн тодорхой хувийг хуваалцах тал дээр санал тавьсан, харин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, бас ашгийг бүхэлд нь өгөхийг шаардаагүй тухай мэдээлжээ. Юутай ч, удалгүй Lana Del Rey фенүүддээ “энэ хэрэг хаагдсан учраас би дуугаа хүссэн цагтаа дуулж болох л бололтой” хэмээн тоглолтын үеэр хэлсэн юм.
Гэхдээ “Creep” дуу нь цэвэр тэдний зохиол биш гэж Radiohead үздэг. 1972 онд гарсан “The Air That I Breathe” дуунаас санаа авсан болохоо хүлээн зөвшөөрч, зохиогчдын дунд уг дууны зохиогчдыг багтаан мөн “Creep”-ээс олсон ашгийнхаа тодорхой хувийг хуваалцдаг байна.
Ашигласан аккордууд болон дуулалтын хувьд тун төстэй уг хоёр дууг доорх линкээр харьцуулан сонсоорой.
Keith Ape vs. OG Maco
Өмнөд Солонгосын рэппер Keith Ape-ийн 2015 онд интернэт орчинд нэлээдгүй шуугиан тарьж байсан сингл “It G Ma” нь рэппер OG Maco-ийн “U Guessed It” дууг хуулбарласан байна. OG Maco уг дуунаас олсон ашгаас хүртдэг ба Keith Ape-ийн менежер “энэ дууг ашиг олох биш, зүгээр л хөгжилдөхийн тулд хийсэн” гэж байжээ. Уг хоёр дууны үндсэн элемент, клипний хийц, тэр дундаа шөнийн цагаар буудлын коридороор гүйлдэж буй хэсгүүд тун төстэй билээ.
Марк Ронсон, Бруно Марс vs. Фанк уран бүтээлчид
Бруно Марсын дуулсан, продюсер Марк Ронсоны Грэммийн шагналт бүтээл болох “Uptown Funk”-ийг хэд хэдэн уран бүтээлчид мөн ижил үндэслэлээр шүүхэд өгч, эхнээсээ шийдвэрүүд нь гарсаар байна. Тухайлбал, 2015 онд тус дууны гүүр хэсгийг The Gap Band хамтлаг өөрсдийн “Oops Up Side Your Head” дууны дахилтаас хуулбарлан бүтээсэн гэж маргаад ялалт байгуулж дууны нийт ашгийн 17%-ийг хүртэх, “Uptown Funk”-ийн зохиогчид дунд нэрээ оруулах эрхтэй болсон байна.
Америкийн рэп хамтлаг The Sequence мөн өөрсдийн “Funk You Up” дуунаас “Uptown Funk”-ийн гүүр хэсгийг хуулбарласан гэж мэтгээд байна.
Электро-фанк хамтлаг Collage өөрсдийн 1983 онд гаргасан “Young Girls” дуунаас хуулбарласан гэж гомдол гаргасан ч 2018 онд шүүх хурал болохоос өмнө талууд тохиролцож шийдвэрлэцгээжээ.
Фанк урсгалаар тоглодог Zapp хамтлаг “More Bounce to the Ounce” дууных нь гитарын хэсгийг хуулбарласан хэмээн гомдол гаргасан ч мөн шүүхээс өмнө тохиролцож шийдэцгээжээ.
“Uptown Funk” дуунд 1980-аад оны фанк-поп, бүүгий, диско-поп хөгжмийн нөлөө хүчтэй илэрдэг билээ. Уран бүтээлчид янз бүрээр маргаж байгаа ч “санаа авсан”, “хуулбарласан” гээд байгаа дуунууд нь хоорондоо тун төстэй байна. Энэ нь өөрөө фанк хөгжмийн нэгэн хэвийн мэт элементүүдийн онцлогтой ч холбоотой байж болох юм.