Хайх

Дуучин Лана Дель Рей ба Radiohead хамтлаг хоорондын маргаанаа шийдвэрлэжээ

Дуучин Лана Дель Рей ба Radiohead хамтлаг хоорондын маргаанаа шийдвэрлэжээ

Дуучин бүсгүйн хэлснээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн нэгдүгээр сард дуучин Лана Дель Рей ба Их Британийн алдарт Radiohead хамтлагийн хооронд уран бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой маргаан үүсч, хөгжмийн ертөнцөд маш том шуугиан дэгдэж байсныг та санаж байгаа биз ээ. Тодруулбал Лана Дель Рейн "Lust for Life" цомогт багтсан "Get Free" нэртэй синглийг Radiohead хамтлагийн 1992 онд гарсан "Creep" дуунаас хуулбарласан хэмээн дуучин бүсгүйг олон хүн буруутгаж байсан юм.

Энэхүү маргаанаас үүдэн Лана Дель Рей тус хамтлагт "Get Free" дуунаас олсон орлогынхоо 40%-ийг санал болгосон ч тэд татгалзаж, зөвхөн 100%-ийг л авахыг хүсч байгаа гэдгийг дуучин бүсгүй өөрийн Twitter хуудастаа бичиж байсан билээ. Тиймээс Лана Дель Рей шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ хэмээн бичиж байсан. Гэхдээ саяхан Сан-Паоло хотод болсон Lollapalooza хөгжмийн наадмын үеэр Лана Дель Рей дээрх маргааныг шийдвэрлэсэн хэмээн мэдэгджээ. Тэрээр наадмын тайзнаа "Одоо бүх зүйл шийдвэрлэгдсэн учраас би энэ дууг хүссэн үедээ дуулж болно. Үгүй гэж үү?" гэж хэлэн "Get Free" дуугаа дуулсан байна.

Харин Radiohead хамтлагийн дууны эрхийг эзэмшдэг Warner/Chappell Music дуу бичлэгийн компани дуучин бүсгүйг шүүхэд өгсөн гэдгээ үгүйсгэж, Лана Дель Рейн төлөөлөгчидтэй зүгээр л ярилцаж байсан гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл "Get Free" дууны зохиогчийн нэрс дунд Radiohead хамтлагийг нэмж оруулснаар хоёр тал асуудлыг шийдвэрлэсэн гэж BBC таамаглаж байна. Ямартаа ч одоогоор Америкийн хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн (ASCAP) мэдээллийн санд хамтлагийн нэр дурдагдаагүй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх