Таны мэдэх хэрэгтэй Z үеийн 7 шинэ уран бүтээлч
Шинэ эринийхнийг төлөөлөх өвөрмөц уран бүтээлчид
Аль хэдийнэ долоодугаар сар гарч, таны хөгжмийн плейлистээ сэргээх цаг ч ирсэн байна. Зуны улиралд шинэхэн уран бүтээлчдийн дуу хөгжмийг таашаан сонсоход тун тохиромжтой байдаг. Тийм ч учраас бид танд зориулж дэлхийн өнцөг бүрийн залуу бөгөөд өвөрмөц уран бүтээлчдийг танилцуулж байна. Эдгээр уран бүтээлчид өөрсдийн амьдралын түүхээсээ хуваалцахаас гадна олны санаа болон сэтгэлийг зовоож байдаг асуудлуудын талаар дуунууддаа шингээсэн тул танд ойр дотно санагдах болно. Энэ зуныг тань дурсамжуудаар дүүргэх уран бүтээлчид гэдэгт эргэлзэх хэрэггүй юм шүү.
Lucy Blue
Хэрэв танд хөгжмийн салбарт Ирланд улсын өвөрмөц хэв маягийн поп хөгжим дутагдаж байгаа бол анхаарлаа хандуулаарай! Дублин хотоос гаралтай 19 настай дуучин, ая зохиогч болон продюсер Люси Блю насанд хүрснээ илтгэж нэгэн сэтгэл түгшээсэн EP FISHBOWL нэртэй анхны мини цомгоо саяхан гаргасан билээ. АНУ-ын кино найруулагч Хармони Корины бүтээлүүдээс санаа авсан энэхүү уран бүтээл нь гарсан даруйдаа олон нийтэд онцгой сэтгэгдэл төрүүлж чадсан байна. “Миний шүтэж, биширч явдаг хөгжмийн бүтээлчид маань надад мэдрүүлж байсан тэр мэдрэмжийг л бусдад мэдрүүлэхийг хүсэж байна. Би анхны цомгийнхоо дийлэнх дуунуудыг 16-17 настай байхдаа унтлагын өрөөндөө бичиж байсан. Энэ дуунууд миний амьдралын тэр үед юу мэдэрч байгааг харуулна. Харин “See You Later” дуугаа би хоёр жилийн өмнө сургуулиа хаясны дараагаар бичиж байсан юм. Гол утга нь хагацал болон хэн нэгний үхэхийг харах тухай юм" хэмээн уран бүтээлч охин хэлсэн билээ.
Yaw Tog
19 настай Гана улсын рэппер залуу Yaw Tog гурван сарын өмнө Stormzy болон Kwesi Athur уран бүтээлчдийг 2020 онд гарч байсан өөрийнх нь “Sore” бүтээлийн ремиксд хамтран оролцохыг гуйсан билээ. Их Британийн рэппер Stormzy түүний “Sore” бүтээлийн эхний хувилбарыг UPP Fest хөгжмийн наадам дээр сонсоод ихэд биширсэн тул ремикс хамтран хийхээр болсон байна. Yaw Tog одоогоор "Asakaa" буюу дрилл хөгжмийн салбарт ноёрхож байгаа бөгөөд "Africa", "Y33gye" зэрэг бүтээлүүдээ толилуулаад байгаа билээ. “Би ууг нь бол 'Asakaa' урсгалын хүү гэхдээ хүмүүс намайг дрилл хөгжмөөс эхлээд хип хоп, афробэт хүртэл хөгжмийн бүх төрлийг хийж чадна гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Тиймээс би төрөл бүрийн хүмүүстэй холбоо тогтоомоор байна” хэмээн рэппер залуу хэлсэн юм. Тэрээр саяхан EP TIME мини цомгоо гаргасан тул та плейлистдээ нэмэхээ мартуузай.
Delilah Montagu
Өнгөрөгч сард Лондон хотын 23 настай хөгжимчин болон мууранд хайртай Делила бүсгүй өөрийн меланхолик уур амьсгалаасаа татгалзаж илүү хөгжилтэй зүйл бүтээхийг хусжээ. Түүний “Coming Fo Ya” уран бүтээл нь St. Vincent дуучны хэв маягийг санагдуулахын зэрэгцээ ASMR төрлийн нэгэн сонирхол татам дуу болсон байна. Тэрээр уг бүтээлээрээ эрх чөлөөтэй байдал, өөрийгөө хүлээн зөвшөөрөх зэрэг чухал сэдвүүдийг хөндсөн юм. Энэ сарын 23-нд гарах BABY EP мини цомог нь мөн энэ зун танд сайхан уур амьсгал мэдрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
glaive
Өдгөө дөнгөж 16 настай АНУ-ын залуу уран бүтээлч хорио цээрийн дэглэм тогтоож эхлэх үер анх хөгжмийн бүтээлүүдээ гаргасан бөгөөд шинээр бий болсон гиперпоп хөгжмийн төрөлд аль хэдийнэ хүчтэй байр суурь эзлээд байгаа билээ. Түүний дийлэнх бүтээлүүд өсвөр насныхны мөнхийн асуудлуудын сэдвийг хөндсөн байна. Залуу уран бүтээлч EP Cypress Grove хэмээх анхны мини цомогт багтсан дуунууддаа хүнд хэцүү сэдвүүдийг хөндөхийн сацуу ухаалаг хошигнол маягийн үгсийг их хэрэглэсэн юм. Тэрээр хамгийн сүүлд “detest me” гэх бүтээлээ толилуулсан билээ. Хэрэв та цангинасан хоолойтой залуу уран бүтээлч хэрхэн залуу насныхаа амьдралын талаар үнэнээр дуулж буйг сонсохыг хүсвэл заавал glaive-ийг плейлистдээ нэмээрэй.
Casey MQ
Торонто хотын уран бүтээлч бага наснаасаа сонгодог хөгжмийн урлагт суралцаж байсан бөгөөд анхны цомгоо толилуулахаасаа өмнө олон жилийн турш хөгжим гаргаж байжээ. Тэрээр хөл хорионы үед ЛГБТК+ нийгэмлэгийн аюулгүй орон зайг бий болгох үүднээс Zoom онлайн клуб болох Club Quarantine хэмээх төслийг найзуудын хамт эхлүүлсэн билээ. Түүний анхны цомог babycasey 2020 онд гарсан бөгөөд уран бүтээлч уг цомгийнхоо ачаар ярихыг хүсэж байсан түүхээ бүрэн дүүрэн хүргэсэн болохоо хэлсэн юм.
Sumin
Red Velvet, BTS зэрэг томоохон K-pop хамтлагуудад зориулж дуунууд бичиж байсан Сумин бол хип хоп, электроник болон басс хөгжмийг нэгтгэдэг "Neo K-pop" урсгалын Өмнөд Солонгосын уран бүтээлч юм. Солонгосын хип хоп ертөнцөд төдийгүй K-pop ертөнцөд нэр нь улам л танигдаж буй уран бүтээлч бүсгүй Өмнөд Солонгосын George болон Zion T. дуучидтай хамтран ажиллаж байсан удаатай билээ. Мөн тэрээр Jinbo дуучинтай хамтарсан уран бүтээл болох "U & Me" дуугаараа маш их амжилт олсон байна.
Claud
Нью Йорк хотын оршин суугч, 22 настай уран бүтээлч сүүлийн хэдэн жилийн турш “bedroom” поп дуунуудаа гаргасаар ирсэн билээ. Тэд өөрийгөө “non-binary” буюу хүйсгүй болон жендэргүй хэмээн тодорхойлдог юм (“non-binary” хүнийг “тэд” хэмээн дууддаг). Мөн залуу уран бүтээлч өмнө жил Phoebe Bridgers’ label, Saddest Factory компанийн анхны уран бүтээлч болсон билээ. Тэд энэ жил анхны Super Monster хэмээх цомгоо гаргасан бөгөөд Nick Hakim, Melanie Faye, Shelly зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан байна. Клауд уран бүтээлүүддээ ихэнхдээ өөрийгөө олж тодорхойлох, шинэ хоббитой болох зэрэг сэдвүүдийг хөнддөг байна.