Хайх

Linkin Park хамтлаг шинэ гишүүдээ танилцууллаа: Шинэ цомог, аялан тоглолт болон бусад

Linkin Park хамтлаг шинэ гишүүдээ танилцууллаа: Шинэ цомог, аялан тоглолт болон бусад

Text: Э.Цовоо


Алдарт Linkin Park хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 41 насандаа буюу 2017 онд таалал төгсөж, хөгжмийн ертөнцөд нөхөж баршгүй том гарз тохиосон билээ. Тус харамсалтай үйл явдал болохоос дөнгөж хоёр сарын өмнө тэдний One More Light хэмээх шинэ цомог цацагдсан төдийгүй тэд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм. 

Тэгвэл хэдхэн цагийн өмнө Linkin Park хамтлаг Лос-Анжелес хотод From Zero нэртэй шинэ цомгийнхоо хүрээнд тоглолт зохион байгуулж, долоон жилийн дараа тайзнаа эргэн нэгдсэн гайхалтай үйл явдал тохиолоо. Үүгээр ч зогсохгүй тэд хамтлагийнхаа шинэ гишүүдийг танилцуулж, үнэнч шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьжээ. Тухайлбал хамтлагийн бүрэлдэхүүнд рок жанрын хөгжим туурвидаг Dead Sara хамтлагийн гоцлол дуучин Эмили Армстронг болон хөгжмийн зохиолч, продюсер Колин Бриттайн нар нэгдсэн байна.

Ийнхүү Linkin Park хамтлаг цаашид үндсэн гишүүд болох Майк Шинода, Брэд Дэлсон, Финикс, Жо Хан болон гоцлол дуучин Эмили Армстронг, бөмбөрчин Колин Бриттайн гэх зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвихаар болжээ.

Түүнчлэн Linkin Park хамтлагийн From Zero цомогт багтсан The Emptiness Machine дууны видео клип өнөөдөр цацагдсан бөгөөд цомгийн урьдчилсан захиалга эхэлсэн байгаа юм. Харин арваннэгдүгээр сарын 15-ны өдөр цомог албан ёсоор худалдаанд гарахаар болжээ.

Мөн Linkin Park хамтлагийн удаан хугацааны дараа зохион байгуулж буй дэлхийг тойрсон аялан тоглолт есдүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж Лос-Анжелес, Нью-Йорк, Хамбург, Лондон, Сөүл, Богота хотуудад тоглогдохоор болсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх