Нар шиг гэрэлтэх NaraBara
NaraBara хамтлаг шинэ цомгоо танилцууллаа
Өвөр Монголоос гаралтай NaraBara амьд хөгжмийн хамтлаг өөрсдийн анхны сингл “Үг хүрэхгүй газар”-аа 2023 оны дөрөвдүгээр сард цацсан. Улмаар “Үхэр”, “Хөөрхөн саарал” дуунуудаа цувуулж толилуулсан нь тэдний бүтэн хоёр жилийн хугацаанд ажилласан “Хамт замын хүмүүс” цомгийн урьтал болсон билээ. Ийнхүү тэд цомгийн аялан тоглолтоо Европ, Азийн орнуудаар хийхдээ WorldWide, Eastern Tunes, Strawberry Music, Wonderfruit зэрэг фестивалиуд тэргүүт цөөнгүй улсын тайзнаа хөгжимдөөд амжжээ. Түүний дотор Улаанбаатар хотын On and Off танхимд есдүгээр сарын 16-нд хөгжимдсөнийг үзэгч сонсогчид тод санаж буй биз ээ.
Тэгвэл NaraBara хамтлаг “Dab Hi” нэртэй, дөрвөн дуунаас бүрдсэн цоо шинэ EP цомгоо танилцууллаа. Ингээд тэдний шинэ цомгийг хүлээн авч сонсохын сацуу хөгжмөө хэрхэн бүтээдгийг нь олж мэдэцгээе.
Сэтгэл татам дуугаралт, хөгжмийн хэм хэмнэл, хэллэг ур чадвар нь чагнах эхний агшин төдийд биднийг эзэмддэг. Уншигч та бидэнтэй холбогдох өөр нэг хамаарал нь тэд монголоор дуулж буй явдал. Дуучин, продюсер Идэр, даралтат хөгжимчин Аср, бөмбөрчин Житон Шү, гитарчин Суоти нарын бүрэлдэхүүнтэй NaraBara хамтлаг world music, жазз, фолк, fusion урсгалтай. Тэд бидний мэдэх Hun-Huur-Tu, Daiqing Tana, Nine Treasures, Арга билэг, Хөсөгтөн нараас өөр. Хөгжмийн суурь бөмбөр, аргил гитар нь жазз техникүүдтэй ба үүн дээр Морокко Гүэмбри, баруун Африкийн Нгони, морин хуур гэх мэт дуу авианы олон төрөл зэмсгүүдийг хэрэглэснээр дуугаралтыг илүү баялаг болгосон.
Аливаа дууны бүтээл аялгуу, шүлэг хоёроос бүрддэг ба энэ хоёр элементийн аль нэг нь урьтаж бүтээгдэх нь бий. NaraBara-гийн дуу өөрийн өгүүлэмжтэй, сэдвийн хувьд онцгой. Хөгжмөө хэрхэн бүтээдэг талаар тэднээс асуухад “Голдуу хөгжмийнхөө цохилгыг хамгийн түрүүлж зохионо. Бөмбөр, аргил гитарын сууриа гаргаж үүний дараа бусад хөгжмийн зэмсгүүд орж ирэхэд дууны өнгө аяс тодорхой болж, түүндээ сэдвээ тохируулдаг. Жишээ нь “Хамт замын хүмүүс” дууг 2021 онд зохиоход янз бүрийн дуугаралт, хуучны жижиг сажиг зэмсгүүд цуглуулсан юм. Цохивор, даралтат зэмсгээс гадна тэмээний арьсаар бүрж, хонины гэдсээр чавхдас татаж хийсэн гэмбүри гэх мэт. Электро хөгжимд лүүпээ (дууны үндсэн сэдэв ая бүхий богино хэсэг) гаргадаг. Үүн дээр аяа гаргаад дуулж үзнэ. Аялгуугаа сайхан болгох тал дээр ажиллана. Ер нь урьдчилаад дуугаа ийм тийм байна гэж заавал бичдэггүй” хэмээн Идэр өгүүлэв.
NaraBara-г бий болгож байгаа зүйл нь тэдний жазз хэмнэл дээр хийсэн олон төрлийн зэмсэг, мөн электро дуугаралт. Товчхондоо нэгэн төрлийн экспериментал хөгжим аж. Тэдний хөгжмийн дуугаралтаас монгол хөгжим рүү хамаатуулж болох анхаарал татсан зүйл нь хуурын доод чалх. Өвөр монгол хуур нэг тон дээр байснаар шингэн дуутай болсон байдаг бол NaraBara эсрэгээрээ илүү доод дуурьслуудаар хөгжимдөж байв. Энэ талаар Идэр “Хуурыг би багаасаа сурсан бөгөөд хэзээнээсээ л нэг хэсэг минь байсан. Гэхдээ зэмсгээ үндэсний уламжлалт арга барилаар хөгжимдвөл зохимжгүй санагдсан юм. Бүр зарим хэсэгт цохилгыг нь гитар шиг тремоло хийх маягаар тоглох гэж оролдсон” хэмээлээ.
Идэр Аср нар биесээ 10-аад жилийн өмнөөс мэдэх бөгөөд Бээжин хотод хамтдаа амьд хөгжмийн хамтлагт тоглодог байж байгаад электро хөгжмийн сонирхлоороо нэгдсэн байна. Харин Житон Шү Германд жазз бөмбөрчнөөр Мюнхений сургуулийг дүүргэсэн ба тэдний хөгжим чухамдаа хэрхэн холбогдсон талаар асуухад “Жазз хөгжим бол өөрийн тусгай арга барилтай. NaraBara-гийн хөгжим бол түүнээс өөр. Аср ардын хөгжмөөс гадна жазз төгөлдөр хуурын академик мэдлэгтэй. Гитар гэх мэт олон төрөл зэмсэг тоглодог. Эдгээр чадварууд нь нийлэхэд бидэнд хөгжим туурвихад цаанаасаа л холбогдоод ирсэн. Бид шинэ хөгжмийг л эрэлхийлсэн. Стилиэ бид ийм гэж дүгнэхэд хэцүү юм. Яагаад гэвэл одоо болтол бид түүнийгээ эрж хайж бүтээж байна” гэв.
Сонсогчийн хувиар NaraBara-г гадаад эсвэл монгол хөгжим шиг хүлээж авах талаар би бодож нэг үзлээ. Тэд “Хүмүүс бид хаанахын хөгжмөөр нь шилж сонсдоггүй байх. Харин зүрх сэтгэлээрээ сонсдог. Хөгжмийн хүч чадал, түүний тодорхойлолт нь өөрөө харьяалалгүй байх, ямар нэг хил хязгааргүй байхад оршдог. Нүүдэлчин хүмүүст хил байдаг гэж үү?" гэлээ.
Тэд Монгол хэлээр дуулж дэлхий даяар түгээж байгаа. Тэгвэл Монголд, түүн дундаа Улаанбаатарт хөгжимдөх нь хэр чухал байсан талаар Идэр “Улаанбаатарт хөгжимдөх нь бидний хувьд нэн чухал байсан. Сурталчилгааны дизайнаа ч бүр зориулж хийсэн. Хөгжмөөр дамжуулж бид энергийг, эерэг байдлыг түгээхийг хүссэн. Дэлхийн хаа ч бид яг л ижил хөгжмийн чанарыг хөгжимдөхийг хичээдэг. Монголоор Улаанбаатарт дуулахын давуу тал нь хүмүүс монгол үгийг ойлгоно. Сэтгэл хөдлөлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл өөр оронд биднийг хөгжмийн ая, эгшгээр ойлгож байхад, Монгол нутагт хөгжим үг гэсэн хоёр давхар хэлбэрээр хүлээж авч чадна” гэхэд Аср “Үг мэдээж чухал. Гэхдээ аль ч хэлээр бай аяыг нь сонсоод энергийг нь хувьдаа би ойлгож мэдэрдэг. Англи, Орос, Хятад хэлээр хязгаарлагддаггүй” хэмээв.
Ярианыхаа төгсгөлд бид тэдний бүтээлийн сэдвийн талаар хөөрөлдөв. Тэд өгөөмөр зан, нөхөрсөг байдал, бас зарим монгол аж амьдралын тухай өгүүлдэг. “Хүний амьдралд баяр гуниг хосолж байдаг. Эх байгаль, хөдөө, хот гээд бүгд л бидний хөгжимд бий. Түүнээс харин гол сэдэв гэвэл “Хамт замын хүмүүс” дуу. Хамтдаа бид нэг замыг туулж байна гэсэн санаа. Өнөөгийн нийгэм хурдтай. Хүн бүхэн яаруу сандруу. Зовлон баярын алинд ч бай хөгжим дуу маань зөв энерги өгөөсэй гэж хүсдэг. Хайрыг өгч чадаж байвал үүнд бид баяртай байх болно” хэмээн тэд ярилаа.
Ярилцсан Зоригтын Энхмөнх