Хайх

Ваанчигийн Батзориг: Хөсөгтөн хамтлагийн бахархал

Ваанчигийн Батзориг: Хөсөгтөн хамтлагийн бахархал

Бахархал, зорилго бас боломж

Text: Ж.Чинбат


Asia's Got Talent наадмын интерактив тайзнаас Азид өөрсдийгөө сурталчилж чадсан Хөсөгтөн хамтлагт ямар шинэ боломжууд гарч ирж байгаа вэ?

Би боддог юм, эртний нүүдэлчдийн дотор хөсөг тэргэн дээр дуулж, хуурдаж явдаг, олон түмнээ аяны уртад хөгжөөн сэргээдэг, хүнээс гадна бүр уул усыг хүртэл цэнгээдэг хамтлаг байсандаа гэж. Үнэхээр Хөсөгтөн хамтлаг энэ хавар  Asia's Got Talent-ийн интерактив тайзнаа, дэлхийн олон арван сая хүний өмнө онцгойрч байхыг харахад орчин үеийн амьдралд цаг хугацааны цоорхойгоор гараад ирсэн хүмүүс шиг л санагдсан. Тэдний хийдэг зүйл бол олон зуун жилийн өмнөөс уламжлагдан ирсэн өвөг дээдсийн хосгүй өв соёлыг өвлөж, тодорхой хэмжээнд хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, залуучуудад сурч мэдэх эрмэлзэл төрүүлэх. Хэзээ нэгэн цагт бид нарын хойч үе бас ардын урлагаа өвлөн авч, өөрийн орших орчин цагтаа хөгжүүлнэ.

Азийн авьяастнууд наадамд дэд байранд орсон мэдээг сонссон яг тэр мөчөө эргэн нэг дурсахгүй юу. Тэргүүн байрын шагнал авсан сүүдрийн бүжигчдийн финалд бэлдсэн үзүүлбэр үнэхээр том агуулгатай байсан. Та бүхэн тэр үед өөрсдийнхөө бүтээлийг хэрхэн харьцуулж харж байсан бэ?

Мэдээж түрүүлсэн Филиппиний багийн хийсэн үзүүлбэр өвөрмөц бас гоё байсан. Өмнө нь ийм сүүдрийн бүжгийг би Европын болон Америкийн гоц авьяастан наадмуудаас харсан. Харин Филиппин залуучуудын барьж авсан сэдэв нь экологийн асуудлаар хүмүүст маш том мессеж болж хүрэхээр гоё сэдэвтэй. Тэгэхдээ энэ уралдааны журам нь хэн нь гоё уран бүтээл үзүүлэх вэ гэдгээс гадна хэн нь олон хүний санал авахаар шалгаруулагдсан. Хүн амынхаа тоогоор ярих юм бол манайх хэдэн хүн амтай билээ. Харин ч ёстой монголчууд маш их санал өгч, монгол даяараа чадах чинээгээрээ биднийг дэмжсэн. Хамгийн бахархмаар нь монголын ардын урлаг Ази тив болон гадныханд маш их таалагдсан учраас маш их санал авч чадсан. Тэр олон арван сая хүн амтай Филиппин улсын уран бүтээлчидтэй аваргын төлөө өрсөлдсөн нь  манай ардын урлаг маш өвөрмөц байсных юм.

Та бүхнээр одоо бүгд бахархаж байгаа. Хөгжмийн салбарын мэргэжилтнүүд Хөсөгтөн хамтлаг дэлхийн хэмжээний наадамд оролцон, бэлэн дэд бүтцийг нь ашиглаж Монголыг маш сайн сурталчилж чадсан гэж үнэлж, дараа нь ямар нүүдэл хийх бол гэж харж байх шиг.

Хоёрт орсон хүнд мэдээж харамсалтай санагдах зүйл үлдэнэ. Түрүүлэх том боломж байлаа. Тухайн үедээ бага зэрэг харамссан ч одоо бидэнд Хөсөгтөн гэхээс илүү Монгол улс, монголын ардын урлаг Ази тивд асар томоор танигдаж, үүнийг дагаад маш гоё үүд хаалга нээгдсэн. Бидэнд гадна дотноос хамтарч ажиллах олон саналууд ирж байна. Үүгээрээ л бахархаж байна.

Тухайлбал ямар саналууд ирсэн бэ. Монгол продюсерууд "Хөсөгтөнг одоо дэлхийн хамгийн шилдэг нэг уран бүтээлчтэй нь тоглуулчих хэмжээний дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй" гэсэн санал гаргасан. Та бүхэн өөрсдөө юу гэж бодож байна вэ. Цэвэр язгуур урлагаа барих уу, эсвэл ямар нэг фюжн уран бүтээл хийх санаа байдаг уу?

Байлгүй яах вэ. Манай ардын урлагийн нэг гол онцлог нь ямар ч стильтэй гоё зохицож чаддаг. Үүгээрээ маш өвөрмөц онцлогтой. Asia's Got Talent шоу дууссаны дараа бид гурван сарын хугацаанд ямар нэг компанитай хамтын ажиллагааны гэрээ хийх хориотой. Удахгүй бидэнд Asia's Got Talent өөрөө ямар нэг зүйл санал болгоно. Sony Music Entertainment-тэй хамтран ажиллах байж магадгүй. Азийн орнуудаар аялан тоглох, эсвэл шинэ цомог бичүүлэх ч байж болно. Одоогийн байдлаар бидэнд Турк, Америк, Малайз, Макаогаас ирж тоглооч гэсэн санал ирсэн. Бидэнд одоохондоо 100 хувь шийдчихсэн зүйл алга. Цаашдаа бид юм болгонд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй.

Asia's got talent шоу дууссаны дараа бид гурван сарын хугацаанд ямар нэг компанитай хамтын ажиллагааны гэрээ хийх хориотой. Удахгүй бидэнд Asia's got talent өөрөө ямар нэг зүйл санал болгоно.

Шүүгчид асууж байсан даа. Танай cd-г хаанаас худалдаж авч болох вэ гэж. Itunes -ээс танай цомгийг биет бус хэлбэрээр нь авах боломжтой. Онлайн борлуулалт дээр та бүхэн хэр ач холбогдол өгч байгаа вэ?

Asia's Got Talent шоунд биднийг оролцож байх үед Ази тив тэр чигтээ Хөсөгтөн хамтлагт анхаарал хандууллаа. Яг энэ үеэр асар их зарагдсан. Цаашдаа ч гэсэн онлайн ертөнцийг түлхүү ашиглаж, цомгоо борлуулах болон шинэ бүтээлүүдээ цацах зорилготой байгаа. Бид энэ шоунд орохоос өмнө 10 мянган дагагчтай байсан бол 7 хоногийн дотор 30 мянга гаран дагагчтай болсон. Үүнийг дараагийн уран бүтээлийг сонсохыг хүсч байгаа маш их хүлээлт үүссэн гэж бас харж болно.

Та бүхэн маш олон газраар аялж, бүр хамгийн шилдэг газруудад нь ч хүндтэй зочин байдаг. Монголд ирсэн жуулчдыг ч угтан авч язгуур урлагаа толилуулдаг. Ингэхээр манай улсад нэг сая жуулчин ирнэ гэх зорилго хэр ойрхон сонсогдож байна вэ?

Миний бодлоор Хөсөгтөн хамтлагийн хийсэн бас нэг бахархалтай зүйл бол Зүүн өмнөд Азид Монгол улсыг томоор сурталчилсан. Хөсөгтөнг сонирхож, сонсож байсан хүмүүст Монгол улсад ирэх хүсэл мөрөөдөл үлдсэн. Магадгүй Зүүн өмнөд Азиас манайх уруу жуулчдын урсгал орж ирэх байх гэсэн бодолтой байгаа.

Үзэгчдийн та бүхнийг хүлээж авч байгаа эмоци өөр өөр мэдрэгддэг байх л даа. Монголд ирсэн жуулчид, өөрсдийн танхимдаа хүлээж авч буй хүмүүс, бас өөрийн ард түмэн гээд л. Тэд бүгд өөр өөр эмоци үзүүлдэг үү?

Маш өөр. Бидний сэтгэл хангалуун, бардам байдаг зүйл гэвэл бидний тоглолтыг хаана ч очсон маш гоёор хүлээж авдаг. Тэрэнд нь сэтгэл хангалуун байдаг.

Шөнийн музейд та бүхэн тоглолтоо хийж нэгэн гайхамшигтай үдшийг авчрах гэж байна. Үнэхээр ч та нарын шинэ тоглолт ямар болох нь олон хүнд сонирхолтой байсан байх.

7 -р сарын 9-нд Чойжин ламын музейтэй хамтарсан "Шөнийн музей ба Хөсөгтөн" гэсэн тоглолт хийх гэж байна. Музейн зүгээс жил бүр зохиодог уламжлал болсон энэ арга хэмжээнд хамтрах санал тавьсан. Өмнө нь бид хоёр удаа тоглолтоо хийхдээ бүх зүйлдээ өөрсдөө гүйж, маркетингаа хийж, зараа түгээж дээр нь бэлтгэлээ хийдэг байлаа. Энэ удаа бол бид зөвхөн өөрсдийнхөө тоглолтын бэлтгэлийг л хийх ёстой.

Чойжин ламын сүм бол маш онцгой эрчим хүчтэй газар гэлцдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

Бид нарийн сайн хэлж мэдэхгүй ч гэсэн нэг бэлгэшээдэг зүйл бий. Хамгийн анх хамтлагаа байгуулчихаад, Хөсөгтөн нэрийг хэн ч мэдэхгүй, хүсэл мөрөөдлөөрөө нийлсэн зургаан залуучууд байх үед тохиолдсон зүйлийг сайн санаж байна. Английн BBC радиогоос монголын ардын урлагийн талаар нэвтрүүлэг хийх гээд ирэхдээ манай хамтлагийг Чойжин ламын сүм музейн урд тоглуулан бичиж байсан. Тэр бичлэг маань англид очоод BBC радиогийн нэгэн хөгжмийн нэвтрүүлгийн арван жилийн ойгоор цацагдсан нь олон сонсогчдын таашаалд хүрч, улмаар маш олон хүний хүсэлтээр бид нар хамгийн анх BBC радиогийн том театрт очиж уригдаж тоглож байлаа. Түүнээс эхлээд бидний амжилтын буухиа маш эрчтэйгээр эхэлсэн. Дараа нь  BBC-гийн Лондонд байдаг Royal Albert Hall-д BBC телевизийн урилгаар очиж тоглосон. Амжилтууд маань эхэлсэн болохоор Чойжин ламын сүм бидэнд маш ээлтэй байдаг юм байна гэж бэлгэшээж боддог.


Та бүхэн 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл аялсан замынхаа хамгийн дурсамжтай хэсгүүдийг нэрлэхгүй юу?

Бид анх байгуулагдахдаа юм болгоны эхлэл болж чадсан. Бусаддаа маш сайхан үлгэр дууриал үзүүлж, дараа дараагийн хамтлагуудынхаа замыг маш сайхнаар нээж өгсөндөө их баяртай байдаг. Хамгийн анхны сайхан дурсамж гэвэл өөрсдийн анхны уран бүтээлээ гаргасан өдрүүд сайхан байсан. Нэг юмны төлөө бүгдээрээ маш сайхан сэтгэлээр зорьсондоо хүрч бүтээсэн анхны цомгоо өлгийдөж авсан. Мөн манай хамтлаг байгуулагдсан цагаас хойш уралдаан тэмцээн тасралтгүй зохиогдсон. 2009 онд Монголд олон улсын хөөмэйн наадам болж байсан. Хоёр хөршөөс олон хөөмэйчид ирсэн тус наадамд Гран при шагнал авсан. Цаашид жил бүр уралдаан, тэмцээнд түрүүлж, гран при авсан байдаг.

Та бүхний онцлог бол хоолой салгаж хөөмэйлэх. "Монгол хөөмэйн 7 эгшигийг сонордуулъя" гэдэг шүү дээ. Үүнийг хүн болгон ялгаж чаддаг болов уу?

Манай ахмад хүмүүс хөөмэйг олон, 4,7,9  төрөл байдаг гэж янз бүрээр үздэг. Орчин үеийн залуучууд, бид хархираа болон исгэрээ гэсэн үндсэн хоёр том төрөл байна гэж ойлгож, бусад нь дандаа жижиг техникт хуваагдаж байна гэж боддог.

Ер нь язгуур хөгжмийг хүн бүр сонсож байна уу, эсвэл хөгжмийн онцгой хүсэл, сонирхолтой хүмүүс илүү түүвэрлэн сонсдог уу?

Нэг хэсэг ардын урлагийг хүмүүс орхигдуулж, зөвхөн наадам ч юм уу цагаан сараар багахан эгшиглэдэг, бусдаар рок поп хөгжим голчилдог байсан бол залуучууд одоо өөр сонирхолтой болсон. Орчин үеийн хэв маягтай хамтлагууд олноороо бий боллоо. Жишээ нь олон нийтийн сүлжээгээр манай хамтлагийг сонсож, хандаж байгаа хүмүүсийн 60-70 хувь нь залуучууд байна. Энэ нь бидний өнөөдөр хүртэл уран бүтээл хийж, зүтгэсний бас нэг ач гавьяа юм болов уу. Өнөөдрийн залуучууд ардын урлагаа их сонирхдог болоход манайхтай адилхан Алтан ураг, Жонон, Домог, Арга билэг зэрэг өөр өөр стилиэр тоглодог хамтлагууд маань бүгд гавьяатай.

Монголын хөгжмийг яаж гадаад зах зээлд гаргах вэ гэхээр гадны том фестивальд оролцох, эсвэл Азийн том хөгжмийн фестиваль зохион байгуулах хэрэгтэй гэсэн санал хүмүүс дэвшүүлдэг. Та бүхэнд ямар бодол байна вэ?

Хоёр зүйл байна. Нэгдүгээрт бид монгол улсад өөрийн гэсэн брэнд болсон, уламжлагдаж ирсэн, дэлхийд алдартай фестивальтай болох ёстой. Хүмүүс "Монголд ийм фестиваль байдаг, үүнийг очиж үзнэ" гэхүйц наадамтай болоосой. Магадгүй Play Тime наадам нэлээн хэдэн жил үргэлжиллээ, дахиад хэдэн жилийн дараа дэлхийд алдартай том фестиваль болж гаднаас олон хүн үзэх гэж, оролцох гэж ирдэг наадам болоосой гэж хүсч байна. Мөн өөр олон төрлийн, ардын урлагийн ч юм уу, дэлхийд алдартай фестиваль бий болвол. Хоёрт манай амьд хөгжмийн хамтлагууд маш чадварлаг бөгөөд залуужиж байна. Бид дэлхийн зах зээлд гаръя гэж хүсч байвал ямар нэг өвөрмөц стиль, жанрыг сонгох хэрэгтэй. Энэ рок, поп урлаг оргилдоо хүртэл хөгжөөд, сайхан цагаа өнгөрөөсөн. Тиймээс одоо бусдын анхаарлыг татах хүчтэй хамтлаг гаръя гэвэл бас л үндэсний хэв шинжээ агуулсан, элемент ашигласан байвал зүгээр. Монгол рок гэж ямар вэ, юугаараа европ, дэлхийн хөгжмөөс өөр юм гэдгийг анхаарч ажиглах хэрэгтэй. Жишээ нь би Өвөрмонголчууд, Хятадуудыг энэ тал дээр маш соргог ажиллаж байгааг анзаарч байна. Хангай гэдэг хамтлаг нь бүх хятадын тэргүүн зэргийн хамтлаг болоод зогсохгүй, дэлхийн томоохон тайзууд уруу алхаж явна.

Бид дэлхийн зах зээлд гаръя гэж хүсч байвал ямар нэг өвөрмөц стиль, жанрыг сонгох хэрэгтэй. Энэ рок, поп урлаг оргилдоо хүртэл хөгжөөд, сайхан цагаа өнгөрөөсөн. Тиймээс одоо бусдын анхаарлыг татах хүчтэй хамтлаг гаръя гэвэл бас л үндэсний хэв шинжээ агуулсан, элемент ашигласан байвал зүгээр.

Монголын хөгжмийн урсгалуудаас та бүхний байнга сонсдог, шинээр гарахад нь онцолдог ямар бүтээлүүд байна вэ?

Би ер нь хөгжмийг урсгал, төрөл хамаарахгүй өөрт таалагдсанаа сонсдог. Хамгийн сүүлд Рокит Бэй их таалагдаж байгаа. Маш өвөрмөц, шинэлэг, өөр стильтэй уран бүтээлүүд хийж байна гэж олж харж байгаа.

Та бүхнээс дэлхийн үзэгчид нүүдэлчдийн орчин үеийн нүүр царайг харж байна. Харин бид цаашдаа хэр удаан нүүдэлчин байх бол?

Би өөрөө хөдөө төрж, нүүдэлчин амьдралд өссөн. Нүүдэлчин амьдралдаа маш их хайртай. Монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Ази тивд тэр чигтээ адилхан хар толгойтой хүмүүс байхад бидний онцлог юу юм бэ гэхээр энэ амьдрал минь л байна. Магадгүй өнөөгийн залуучууд маш сүрлэг, сүндэрлэсэн хот суурин, дээд зэргийн хөгжилтэй иргэншлийг хүсдэг бололтой. Мэдээж тийм хот байж болно. Тэгэхдээ бидний хамгийн хайрлаж хамгаалж, авч явах ёстой зүйл бол нүүдэлчин, мал аж ахуйн амьдрал. Дэлхийд үүгээрээ л бид онцгой.

Та хөдөө амьдрах уу

Мэдээж урлагийн карьер маань дуусаад тэтгэвэртээ гарах тэр цагт сайхан хөдөө очиж амьдaръя гэж боддог. Одоо бол нутагтаа хаяа очихдоо уулан дээр гарч, дээлтэйгээ байгалийн сайхныг харж, хээрийн салхинаа морин хуураа тоглоод, магтаалаа хэлж, хөөмэйлж суух надад үнэхээр гоё байдаг.

Урлагийн карьер дуусах нь наснаас гадна дотоод эрчим хүч, урам зоригтой холбоотойгоор залуудаа дуусах нь ч бий. Та ер нь нас дээр гартлаа тоглоно гэж боддог уу?

Хүний нас ахихаар хүний чадамж, бүтээмж буурдаг ч миний морин хуур тоглож, хөөмэйлж, магтаал хэлдэг "мэргэжил" маань нас ахих тусмаа улам гоё болдог. Магадгүй бүр өвгөн хоолой бүр ч илүү байх юм билүү.

 

цааш үзэх