BLACKPINK 2022 оны шилдэг энтертэйнер хамтлагаар тодорлоо
Хөгжим, энтертэйнмэнт, загварын салбарт хамгийн их нөлөө үзүүлж чадсан хамтлаг
Time сэтгүүл энэ жилийн хамгийн нөлөө бүхий энтертэйнерээр Өмнөд Солонгосын BLACKPINK охидын хамтлагийг тодрууллаа. BLACKPINK нь Jennie, Rosé, Lisa болон Jisoo гэсэн дөрвөн гишүүнээс бүрддэг ба 2016 онд дебют хийсэн даруйдаа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж чадсан цөөн хэдэн к-поп хамтлагуудын нэг билээ.
Уг хамтлаг нь к-поп хөгжмийг шинэ өндөрлөгт хүргэж, өөрсдийн өвөрмөц концепц болон уран бүтээлээрээ тоолж барамгүй олон шагналын эзэд болж, хамгийн том хөгжмийн наадмуудын нэг болох Coachella-д оролцсон анхны солонгос хамтлаг болсон түүхтэй. Түүнчлэн Селена Гомез, Lady Gaga, Cardi B, Дуа Липа зэрэг ододтой хамтран хөгжмийн чартуудыг эзэгнэсэн бүтээлүүд ч хийж байсан.
Үүний зэрэгцээ BLACKPINK хамтлагийн гишүүн бүр томоохон загварын орднуудын нүүр царай болоод удаж байгаа юм. Тухайлбал, “human Chanel” гэгддэг Jennie нь Chanel, Jisoo нь Dior, Rosé нь Saint Laurent, харин Lisa нь Celine, Bulgari брэндийн албан ёсны нүүр царай билээ.
Сонирхуулахад, BLACKPINK яг одоо “Born Pink” нэртэй дэлхий даяарх аялан тоглолтоо хийж явна.