Дуа Липа Косово улсын хүндэт төлөөлөгч боллоо
Косовогийн албани гаралтай поп од Дуа Липа Бүгд Найрамдах Косово улсын хүндэт элч төлөөлөгч болж тус улсын ерөнхийлөгч Виоса Османи батламж, хүндэт одонг биечлэн гардуулсан талаар дуучин өөрийн Instagram хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрээр Лондон хотод төрж өссөн ч албани эцэг эхтэй ба 2008 онд Косово улс тусгаар тогтнолоо зарлахад нийслэл Пристина хотод өсвөр насаа өнгөрөөсөн байна. “Өөрийн эх орноо дэлхийн хаана ч төлөөлж, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах боломжтой болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Косовогийн залуус дэлхий даяар аялж томоор мөрөөдөх бүрэн эрхтэй” хэмээн тэрээр бичсэн бол ерөнхийлөгч Виоса Османи Дуа Липаг дэлхийн хэмжээний уран бүтээлч гэдгээс гадна дэлхий даяар олон охид, эмэгтэйчүүдэд тууштай идэвх зүтгэлээрээ үлгэр жишээ болдгийг дурдаад Косовогийн ард түмний төлөө тус улсыг дэлхийд таниулж байгаа үйл хэрэг нь үнэлж баршгүй болохыг онцлон тэмдэглэсэн байна.