Дуучин Билли Айлиш яагаад үргэлж oversize хувцас өмсдөг вэ?
Бусдаар биеийн галбираа дүгнүүлэхгүйн тулд
Дуучин Билли Айлиш өөрийн гэсэн өвөрмөц уянгалаг хоолойгоос гадна яг л шуудай мэт хэлхгэр хувцасны сонголтоороо алдартай. Тэгвэл тэрээр саяхан яагаад үргэлж oversize хувцас өмсдөг тухайгаа Calvin Klein брэндийн сурталчилгаанд оролцохдоо дурдсан байна. "Хүмүүс миний тухай бүхнийг мэдээсэй гэж би хүсэхгүй байна. Хэлхгэр хувцсан дотор юу байгааг мэдэхгүй учраас хэн ч миний биеийн галбирын талаар үзэл бодлоо илэрхийлэхгүй. Ийм нөхцөлд хэн ч чамайг Ким Кардашьянтай харьцуулж, тарган, туранхай байна гэж хэлж чадахгүй" хэмээн тайлбарлажээ.
Мөн тэрээр энэ оны эхээр NME дуу хөгжмийн сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр шоу бизнесийн салбар дахь сексизмийг шүүмжилсэн юм. Билли Айлиш "Хэрэв би хэлхгэр хувцас өмсдөг эрэгтэй хүн байсан бол хэн ч надад юу ч хэлэхгүй байх байсан. Харин надад олон хүн 'Эмэгтэй хүн шиг хувцаслаач!', 'Хэрэв чи бариу хувцас өмсвөл илүү дур булаам харагдана. Карьер чинь ч илүү амжилттай байна' гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ тийм биш" хэмээн дуучин бүсгүй ярьжээ.