Элтон Жон "Rocketman" киноны жинхэнэ түүх ямар байх ёстой талаар хуваалцлаа
"Би тухайн үед 'PG-13' амьдралаар амьдарч байгаагүй"
Их Британийн домогт рок уран бүтээлч Элтон Жон түүний амьдралаас сэдэвлэсэн "Rocketman" киноны талаар The Guardian сонинд зориулан нийтлэл бичжээ. Тэрбээр энэхүү нийтлэлдээ өөрийн түүхээ үнэн бодитоор нь харуулахын тулд киноны зураг авалтын багийнхантай тэмцэх хэрэгтэй болсон гэдгээ хуваалцсан байна.
"Зарим нэг хүн кинонд харуулж байгаа секс ба хар тамхины хэсгийг цөөлөхийг хүссэн. Тэгвэл кино 'PG-13' рейтингтэй (13-аас доош насны хүүхдэд тохиромжгүй материал агуулсан байх магадлалтай ба эцэг эхийн зөвшөөрөлтэй үзэж болох контент - ред. тэмдэглэл) болох байсан юм. Гэхдээ тухайн үед би 'PG-13' амьдралаар амьдарч байгаагүй" хэмээн Элтон Жон онцолжээ.
Нөгөөтээгүүр домогт уран бүтээлч кинонд зөвхөн залуу насны зугаа цэнгэлийг харуулахыг хүсээгүй ч хэрэв энэ сэдвийг хөндөөгүй бол кино бодит болохгүй байсан гэдгийг нэмж дурдсан байна. "Хэрэв кинонд намайг тоглолт бүрийн дараа аяга халуун сүү болон Гедеоны библийн судар тэврэн зочид буудал руугаа орж байгаагаар харуулбал энэ кино бүхэлдээ утгагүй болох байсан" хэмээн хэлжээ.
Үүнээс гадна Элтон Жон киноны гол дүрд тоглох жүжигчний сонголтод маш нухацтай хандсан гэдгээ дурдсан байна. Тодруулбал тэрбээр камерын өмнө зүгээр нэг амаа нээх биш, харин жинхэнээсээ түүний дуунуудыг дуулж чаддаг хүн хайж байсан гэнэ. Энэ даалгаврыг жүжигчин Тарон Эжертен маш сайн биелүүлсэн билээ.
Декстер Флетчерийн найруулсан "Rocketman" кино 2019 оны тавдугаар сарын 31-нд АНУ-д нээлтээ хийнэ.