"Ертөнцийн мисс 2016" тэмцээний ялагчаар франц бүсгүй тодорчээ
Шүдний мэс засалч мэргэжилтэй Айрис Миттенар
Өчигдөр Филиппин улсын нийслэл Манила хотод "Ертөнцийн мисс 2016" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар Франц улсын Лилль хотоос гаралтай, 24 настай Айрис Миттенар гэдэг оюутан бүсгүй тодорсон байна. Reuters агентлагийн мэдээллэснээр Айрис шүдний мэс засалчаар сурдаг аж. Тэрээр шүхэртэй харайх, өндрөөс бэхэлгээтэй үсрэлт хийх (банжи жампинг), дельтапланаар нисэх зэрэг экстрим төрлийн спортоор хичээллэх дуртай юм байна. Миссийн тэмцээний хүрээнд шүүгчдийн оролцогчдоос асуусан асуултанд Айрис цагаачлалын асуудлыг хөндсөн нь хүмүүсийн анхаарлыг их татжээ.
Айрисын дараа Хайти улсын мисс Ракель Пелисье орсон бол Колумбын модель Андреа Товар удаах байрыг эзэллээ. "Ертөнцийн мисс 2016" тэмцээнд гол шагналын төлөө нийт 85 бүсгүй өрсөлджээ.
Айрисын амжилт нь Франц улс хамгийн сүүлд 1953 онд "Ертөнцийн мисс"-тэй болсноос хойш маш удаан хугацааны дараа тохиож байгаа ялалт гэдгээрээ илүү онцгойрч байна.