Гудамжны уран бүтээлч Бэнкси Лондон хотод поп-ап дэлгүүр нээлээ
Гэхдээ та дотогшоо нэвтэрч чадахгүй
Их Британийн алдарт уран бүтээлч Бэнкси Лондон хотод гэр ахуйн эд зүйлс худалдаалдаг поп-ап дэлгүүр нээсэн байна. Хамгийн сонирхолтой нь хүмүүс дэлгүүрт нэвтэрч чадахгүй бөгөөд зөвхөн гаднаас нь цонхны цаанаас бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхох боломжтой юм.
"Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь зөвхөн үзүүлэнгийн зориулалттай. Би Кройдонд уг дэлгүүрийг нээсэн байгаа (үнэндээ үүд хаалга нь нээлттэй биш). Магадгүй шөнийн цагаар очиж үзсэн нь хамгийн тохиромжтой байх" хэмээн Бэнкси Instagram хуудастаа бичжээ.
"Gross Domestic Product" (Дотоодын нийт бүтээгдэхүүн) нэртэй уг дэлгүүрт Welcome гэсэн бичигтэй жижиг дэвсгэр, Их Британийн далбаатай аврах хантааз, Life's Too Short нэртэй дэр, граффити бүтээлүүд зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн багтсан байна. Эдгээр эд зүйлсийг GDP дэлгүүрийн албан ёсны вебсайтаас худалдан авч болох юм. Харин үнийн хувьд хамгийн хямд бүтээгдэхүүн нь 10 фунт стерлингээс эхлэн худалдаалагдаж байна.
Сонирхуулахад ил захидал худалдаалдаг нэгэн компани Бэнксигийн нэрийг хууль бусаар ашигласны дараа алдарт уран бүтээлч өөрийн нэрийн дэлгүүрийг нээх санаа төрсөн гэжээ.