K-Pop "Avengers": SuperM хамтлаг Marvel студитэй хамтарна
Дэлхий дахиныг байлдан дагуулах шинэ K-Pop хамтлаг
Өмнөд Солонгосын SM Entertainment энтертэйнмент компани Marvel студитэй хамтарч ажиллах болсноо зарлалаа. Тодруулбал тэд шинээр гарган ирж буй SuperM хамтлаг дээр дэлхийн алдарт энтертэйнмент студитэй хамтран ажиллахаар болжээ.
SM Entertainment компанийн тэргүүн Ли Суман "SuperM хамтлагаас эхлэн бид Marvel-тай хамтран ажиллахаар болсон. Одоогоор яг ямар байдлаар хамтарч ажиллахаа мэдэхгүй байгаа ч бид SuperM хамтлагийн гишүүдийн түүхийг эсвэл ямар нэгэн дууг Marvel-тай хамтран бүтээнэ" хэмээн хэлжээ.
SuperM хамтлагт нь SHINee, EXO, NCT 127 хамтлагийн гишүүдээс бүрдэж байгаа бөгөөд Ли Суман тэднийг K-Pop хөгжмийн "Avengers" хэмээн тодорхойлсон байна. Мөн тус хамтлаг нь АНУ-ын зах зээлд төвлөрч, уран бүтээлээ туурвих болно.
SuperM хамтлаг аравдугаар сарын 4-нд албан ёсоор олон нийтэд танилцуулагдаж, анхны цомгийнхоо гол дууг цацах юм. Үүнээс гадна тэд аравдугаар сарын 5-нд Лос-Анжелес дахь Capitol Records-ын студид тоглолтоо хийнэ. Тус тоглолтыг Youtube сувгаар шууд дамжуулан үзүүлэх болно.