Мерил Стрип Оскарын наадамд Chanel брэндийн даашинз өмсөхөөс татгалзлаа
Оскар 2017
Мерил Стрип Оскар 2017 шагнал гардуулах ёслолд зориулж өөрт нь Chanel брэндийн кутюр цуглуулгаас даашинз оёж өгөхийг хүссэн боловч энэхүү гоёлоос гэнэт татгалзсан гэж Карл Лагерфельд ярьсан байна. Учир нь түүнд өөр брэнд мөнгө төлсөн гэж Карл Лагерфельд үзжээ.
"Би эскизээ гаргаад бид даашинзаа оёод эхэлсэн байсан. Гэвч хэд хоногийн дараа Мерил Стрипийн төлөөлөгч ярьж, тэдэнд мөнгө төлөхөд бэлэн байгаа брэнд олсон гэж хэлсэн. Бид түүнд 100 мянган еврогийн үнэтэй даашинзаа бэлэглэж байж бас дээрээс нь мөнгө төлөх хэрэг үү? Бид тэдэнд даашинз урлаж бэлэглэдэг. Тэгэхдээ хэзээ ч мөнгө төлдөггүй. Тэр үнэхээр суут жүжигчин. Гэхдээ энэ бол маш хямдхан үйлдэл" гэж Карл Лагерфельд ярьсан юм.
Мерил Стрип болон бусад алдартай одуудтай хамтарч ажилладаг стилист Микаэла Эрлангер үүссэн нөхцөл байдалд хариулт өгсөн байна.
"Мөнгөний тухай огт яригдаагүй. Бид нэг ч брэндийг мөнгө төлөх талаас нь хараагүй. Энэ нь ч хатагтай Стрипийн мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй. Үүнийг үгүйсгэж байгаа бүх мэдэгдлүүд хуурамч. Chanel-аас гадна хэд, хэдэн брэнд өөрсдийн эскизийг санал болгосон. Бид зүгээр л өөр дизайнеруудтай, өөр чиглэлд хамтарч ажиллахыг хүссэн юм" гэжээ.
Мөн Мерил Стрипийн төлөөлөгч энэ талаар, "Энэ бол хуурамч мэдээлэл байна. Хатагтай Стрип мөнгөний төлөө хэзээ ч юу ч өмсөж байгаагүй. Үүнийг Chanel-ын VIP харилцааны гүйцэтгэх захирал Нэнси Уолш батална" гэж мэдэгджээ.
Энэ явдлын дараа Chanel брэндийн төв оффисоос мэдэгдэл ирсэн байна. "Chanel Мерил Стрипийн Оскарын шагнал гардуулах ёслолд өмсөх даашинзыг урлах талаар түүний стилисттэй хэлэлцээр хийж байсан бөгөөд жүжигчнийг бусад загварын орднуудын саналыг ч анхааралдаа авсан байсныг ойлгож байгаа. Хатагтай Стрипийн стилист өөр дизайнерын даашинз сонгосон гэж мэдэгдэхдээ тэр ямар нэг шалтгаан хэлээгүй. Chanel хатагтай Стрипийг гүн гүнзгий хүндэлдэг гэдгээ илэрхийлэхийг хүсч байна" гэжээ.
Эргэн сануулахад Мерил Стрип Оскар 2017 наадамд шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн байгаа.