Хайх

Монгол кино зохиолчид болон продюсеруудыг холбох яармаг болно

Монгол кино зохиолчид болон продюсеруудыг холбох яармаг болно

Зохиолын доод ханшийг таван сая төгрөгөөр үнэлжээ

Text: Ж.Чинбат


Монголын кино урлагийн салбарт ажиллаж буй бүх найруулагч, продюсер, продакшнуудад өөрийн бичсэн кино зохиолоо үзүүлмээр байна уу? Тэгвэл та долоодугаар сарын 8-н хүртэл зохиол хүлээж авах "Кино зохиолын яармаг"-ыг анхааралдаа аваарай

"Одоогийн байдлаар кино зохиолын яармагт 30 орчим бүтээл ирээд байна" хэмээн тус арга хэмжээг зохион байгуулж буй "Зохиогчийн эрхийн товчоо"-ны захирал Д.Онон хэлж байна. Тэд энэхүү яармагт ирүүлсэн бүх зохиолыг эмхэтгэсэн нэгэн товхимол гаргаж, монголын кино урлагийн салбарт ажиллаж байгаа бүх л найруулагч, продьюсер нарт хүргэх аж. Өнгөрсөн 2015 оны арга хэмжээнд 21 зохиол ирсэн ба нийт 30 гаруй найруулагч, продюсер оролцож, үүнээс зургаан  зохиол арилжсан үр дүн гарчээ. Мөн энэ арга хэмжээний нэг чухал ололт нь кино зохиолын хамгийн "доод ханш" гэдэг ойлголтыг талууд харилцан тохиролцсон явдал юм. Тэгвэл энэ жилийн кино зохиолын "доод ханш"-ийг таван сая төгрөгөөр тогтоожээ

"Сайн кино хийж бүтээхийн тулд гурван зүйл шаардлагатай. Үүнд: нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт бас дахиад л зохиол"  гэж Альфред Хичкокийн хэлснийг кино уран бүтээлчид байнга л ишилдэг. Мөн монголын олонх кино продакшнууд жилд 2-8 кино хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр таны санаанд ургасан зохиол бүх л бүтэн салбарыг хөдөлгөх хүчтэй байж мэдэх юм шүү. Хэрэв та тус арга хэмжээний талаар сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй. 

цааш үзэх