Одоо Харри Поттерын төрсөн гэрийг түрээсэлж болно
Жеймс ба Лили Поттер нарын байшин
Харри Поттерын тухай киноны зураг авалтыг хийж байсан байшинг Airbnb тавцанг ашиглан түрээслэх боломжтой боллоо. Тодруулбал Харригийн төрж, эцэг эхээ Волдемортод хөнөөгдөх хүртэл амьдарч байсан, Годрикийн хөндийд байрлах байшинд одоо нэг хоногийн 142 ам.доллар төлөн байрлаж болно.
Бодит амьдрал дээр энэхүү байшин нь "De Vere House" гэдэг нэртэй бөгөөд Их Британийн Лавенхем тосгонд байрладаг байна. Хамгийн анх XIV зуунд баригдсан уг байшин нь одоо таван одтой орон сууцнууд болон хувирчээ. Сонирхолтой нь зочид Харри Поттерын киноны ямар нэгэн декор, эд зүйлсийг эндээс олж харахгүй юм байна.
Үүний оронд том хэмжээтэй ор, угаалгын өрөө, камин зуухтай зочны өрөө, жижиг цэцэрлэг болон бүрэн хэмжээний Англи өглөөний цай багтаж байгаа аж.